УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Д.Энхтуяатай ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын 67 гишүүний хамт Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ярилцлагаа хүргэж байна. Мөн цаг үеийн зарим асуудлаар байр сууриа илэрхийлж, телевизийн сэтгүүлчээс улс төрийн талбарт хөл тавьсан түүхээсээ хуваалцсан юм.

-Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг яагаад санаачлах болов?

-УИХ-ын гишүүн болохоос өмнө нийгмийн чанартай ажил нэлээд хэдэн жил хийсэн л дээ. Бүр өмнө нь Германд их сургуулийн оюутан байхдаа асрамжийн газар ажилладаг байлаа.

1924 онд Х.Чойбалсан даргын санаачилгаар Өнчин ядуусыг тэтгэх төвийг Батсүмбэрийн сангийн аж ахуйд анх байгуулснаас хойш үүнийг үйлчилгээ биш, халамж гэж харж ирсэн юм билээ.

Гэтэл дэлхийн улс орнуудад үүнийг асрах үйлчилгээ, нийгмийн хамгаалал, чанартай бөгөөд эрүүл амьдрал гэсэн философитойгоор хэрэгжүүлж, нэлээд өндөр түвшинд хүртэл хөгжүүлсэн байна. Олон улс орны туршлагаас гадна Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр тухайлан хийлгэсэн судалгаанаас үүнийг харж болно. Тухайлбал, манай урд хөршид асрах үйлчилгээг мөнгөн эдийн засаг гэж үзэж, эдийн засгийн томоохон сектор хэмээн харж байна. Ахмад настнаас гадна хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа урт болон богино хугацаанд алдсан хүмүүс энэхүү асрах үйлчилгээг авдаг жишигтэй. Хагалгаанд орсны дараа маш сайн асруулах шаардлага тулгарах нь ч бий. Үнэндээ айл болгонд асрах үйлчилгээ ямар нэгэн байдлаар хэрэгцээтэй байна шүү дээ. Манай хүн амын дундаж наслалт нь нэмэгдэж байна. Зөвхөн бие махбодийн асаргаа, сувилгаанаас гадна сэтгэл зүйн асуудал, ганцаардал, үл хайхрах хүчирхийллээс урьдчилан сэргийлж, даван туулахад нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ёстой.

Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө УИХ-д өргөн барив

Тиймээс манайд асрах үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс  олон жилийн өмнө энэ хуулийн төслийг бичиж , урьд өмнө нь УИХ-ын зарим гишүүнээр дамжуулан уламжилсан ч бүтэлтэй ажил болоогүй. Ингээд 2024 онд гишүүн болж өөрийн боловсруулсан төслөө өргөн барилаа.

Энэ бол миний олон жилийн судалгаатай ажил юм л даа.

Асрах үйлчилгээний анхдагч хуулиа батлуулаад орхих бус, бодитой хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх алхмыг хийх болно. Бид Хятад шиг эдийн засгийн талаас нь хардаггүй юм гэхэд нийгмийн хамгаалал гэж үзэн энэ үйл хэргийг эхлүүлэх ёстой.

Асрах үйлчилгээний талбарт хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах боломж, нөхцөл бүрдүүлэх нь энэ хуулийн амин сүнс

‍-Манайд насанд хүрэгчдийг асрах улсын газар бараг байхгүйтэй адил. Хууль батлагдсанаар энэ байдал өөрчлөгдөх үү?

-Улсын чанартай гэвэл Батсүмбэрийн Асрах газар 200 орчим ахмадад үйлчилж байна. Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Баянхонгорт улсын тодотголтой жижгэвтэр газрууд бий. Мөн хувийн 10 гаруй асрамжийн газар байсан ч төслөө өргөн барих хүртэлх хугацаанд 3-4 нь хаалгаа барьчихлаа. Бизнес талаас нь харвал асрах үйлчилгээний ашиг тийм ч өндөр биш. Тиймээс ч нийгмийн хамгаалал гэдэг үүднээс төр, засаг нь бодлогоор дэмждэг юм байна. Өндөр хөгжсөн улс орнуудад ч асрах үйлчилгээг хувийн хэвшлүүд нь хийж ирж. Иймд асрах үйлчилгээний талбарт хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах боломж, нөхцөл бүрдүүлэх нь энэ хуулийн амин сүнс юм.

2050 хүртэл манай улсад 150 орчим асрамжийн газар шаардлагатай гэсэн судалгаа бий.

Гэхдээ тэдгээрийг хуаран маягаар буюу их хэмжээгээр биш, жижиг, жижгээр нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Жишээ нь, орон сууцны нэг хорооллын дунд асрах үйлчилгээний газар байгуулахдаа газрыг нь үнэгүй олгох, цахилгаан, дулааны хэрэглээнд нь хөнгөлөлт үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, туслах хэрэгслийг нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөх гэх зэргээр зохицуулалт тусгасан. Цаашлаад эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжилтээр дэмжих, хувийн хэвшлийнхнийг хөнгөлөлттэй зээлд хамруулах гэх мэтээр төрийн бодлого зайлшгүй байх ёстойг л хэлээд байгаа юм. Үүгээр төр бүгдийг дааж, хөнгөлөх ёстой гэж байгаа юм биш шүү. Бүх зүйлд төр оролцохоос илүүтэй хувийн хэвшлийнхнийг бодлогоор дэмжсэний үндсэн дээр асрах үйлчилгээг далайцтай үзүүлж чадна.

Ахмадуудад төслөө танилцууллаа

-Хувийн хэвшлийн зүгээс ер нь ийм л дэмжлэг хүсэж байна уу?

-Төслөө өргөн барьснаас хойш хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй уулзлаа. Жишээ нь, 60-70 хүн асрах хүчин чадалтай асрамжийн газар байгуулчихсан аж ахуйн нэгж байна. Тэд нэгэнт байраа барьчихсан учраас дэд бүтцийн дэмжлэг хүссэнгүй. Ер нь аль ч салбарт хувийн хэвшлийнхэн төртэй аль болох зууралдахгүй, орооцолдохгүй байхыг хүсэх болж. Гагцхүү бодлогын, агуулгын чанартай буюу боловсон хүчнээ хэрхэн бэлтгэх, тоног төхөөрөмж худалдан авахад ямар дэмжлэг үзүүлэх гэдгийг л асууж байна.

Өндөр ашигтай бизнес биш учраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгож, эхний гурван жилд хүүгээс чөлөөлвөл 100 хүн хүлээн авах асрамжийн газар байгуулах бүрэн боломжтой гэж хэлэх ч хүн байна.

Мөн эмнэлгийн дарга, удирдлагууд нэлээд холбогдлоо. Тэдний хувьд Асрах үйлчилгээний тухай хуулийг хурдан батлуулахгүй бол эмнэлгийн орыг асрах үйлчилгээ шаардлагатай, ядаргаагаа тайлах гэсэн хүмүүс эзэгнэчихлээ гэх маягтай ярьж байна. Гэтэл эмнэлгийн нарийн оношилгоо, эмчилгээ шаардлагатай хүмүүст нь ор олдохгүй байх жишээтэй.  

Аав, ээжийнхээ аливаад “Нуруутай” гэдэг зан чанарыг авсан юм уу олон хүнээс энэ магтаалыг сонсож, хичээж явдаг даа

‍-Та одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний багшаар сурсныхаа дараа Германд телевизийн сэтгүүлч мэргэжил эзэмшсэн юм билээ. Сэтгүүлч болох нь таны мөрөөдөл байсан юм уу?

-19 настайгаасаа Монголын үндэсний телевиз, радиод уншиж, хөтөлж эхэлсэн гэх үү дээ. Тухайн үеийн Гадаад хэлний дээд сургуульд сурч байхдаа ч телевизэд ажилладаг байсан. Нөхөр маань Германд сурч байх үед бид танилцаж, хамтдаа сурахаар явж Карлсруэгийн их сургуулийг төгссөн.

Герман хэл сурахаас авхуулаад, ажиллах үедээ ажиллаад, суралцаад тус улсад долоон жил амьдарсан.

Ингээд төгсөж ирээд олон жил сэтгүүлч, редактороор ажиллаж, сүүлийн 10 гаруй  жилд нь телевизийн салбарт удирдах ажил хийсэн намтартай. Сүүлд нь буюу 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаад улс төрийн амьдралд хөл тавьсан гэж хэлж болно.

-Герман улс, ахуйгаас нь та юуг өөртөө шингээсэн бэ?

Их Залуудаа тус улсыг зорьсон юм. Том охиноо ХБНГУ-ын Лайпциг хотод төрүүлсэн. Нөхөр маань Германд 18 настайдаа очиж, 25 жил амьдарсан хүн бий. Ерөнхийдөө герман соёл манай гэр бүлд нэлээд шингэсэн гэж боддог. Хувь хүнийхээ тухайд хэлбэл, аливаад үнэнч, шуналгүй, айж, ичиж мэддэг, ямар хил хязгаарыг давж болох болон болохгүй вэ гэдэг ойлголт, зарчмыг гүн суулгасан юм болов уу. Герман хүмүүс ер нь илүү, шаардлагагүй зүйлсийг тэгтлээ сонирхдоггүй, авдаггүй. Миний болон гэр бүлийн найз нөхөд маань ч тийм. Мэдээж герман хүмүүсийн нэрийн хуудас болсон цаг баримталдаг чанараас суралцсан л байх. Магадгүй монгол хүн, тэр тусмаа говийн гарал үүсэлтэй хүн болохоор хэнэггүйдүү, тайван зан байхыг үгүйсгэхгүй. Аав, ээжийнхээ аливаад “Нуруутай” гэдэг зан чанарыг авсан юм уу олон хүнээс энэ магтаалыг сонсож, хичээж явдаг даа.

-Та “Үдшийн хэмнэл” студээс ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Женко” компани анх тухайн үеийн “Выставка” буюу “Сарны титэм” төвд “Тошиба”, “Шиваки” зэрэг цахилгаан барааны брэндийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байлаа. Тэгэхдээ Гадаад хэлний дээд сургуулийн оюутан охидыг англиар яриулах гэж авч ажиллуулсан юм. Би яг үүдэнд буюу зочин угтах хэсэгт хуваарилагдсан л даа. Тэр үед “Үдшийн хэмнэл”-ийнхэн нэвтрүүлэг хийх гэж явж таараад намайг телевизэд ажиллахыг санал болгосон юм. Тэгэхэд нэвтрүүлэгч Ж.Бямбаа, Д.Нарантуяа нар дараагийн үеэ бэлтгэх нь таарч, 60 хүүхдээс зургаа нь үлдэж тэнцсэн түүхтэй. Надтай хамт нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо, МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар нарын залуус тэнцэж, бид Б.Цэенханд багшийнхаа шавь болсон. Гэхдээ надаас бусад нь нэвтрүүлэгчээр ажиллаж, би ярилцлага хийж, сурвалжилганд явах чиглэл сонгосон л доо. Тухайн үед Д.Энхболд, Д.Энхтөр ах нар маань ч Төв телевизэд ажилладаг байлаа. Энэ үеэс телевизийн сэтгүүлч болох гэж бүр их хүссэн.

Ер нь манай аав хэвлэлийн хүн биш хэрнээ бичгийн өндөр соёлтой, маш сайхан бичдэг байсан. 80 насыг давсан хойноо хорооныхоо ахмадуудын өргөдлийг бичдэг байлаа. Залуудаа нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, болохгүй, бүтэхгүй байгааг шүүмжилж сонинд бичдэг байсан хүн.

Биднээр маш их ном уншуулж өсгөсөн нь бас хэвлэлийн хүн болоход нөлөөлсөн болов уу.

-Та тухайн үед Х.Баттулга гэдэг хүнийг таньдаг байсан уу?

-Огт танихгүй. Тэр үзэсгэлэнд Сингапураас дарга нь ирэх гэнэ гэх мэт яриа гарч байсныг санаж байна. “Женко” компанийн захирал гээд харахад толгойдоо  эрээн алчуур зангидсан хүн байсан.

Манай фракц АН-ын Үндэсний бодлогын хороонд 100 орчим гишүүнтэй

-Өнгөрсөн хавар УИХ-ын 11 гишүүний байгуулсан “Ардчилсан сэргэлт” фракцад та харьяалагддаг. Үүнээс өмнө та ямар нэгэн фракцад байв уу?

-Манай фракц АН-ын Үндэсний бодлогын хороонд нэлээд олуулаа, 100 орчим гишүүнтэй. Бидний хувьд үндэсний ардчилал, монгол үндэстний үзэл санааг дэмжиж, дэлгэрүүлэн ажиллах төлөвлөгөөтэй. Б.Түвшин гишүүний яриад буй үндэсний үзэл, бахархал, үүх түүхээ улс төрийн соёлд суулгаж, шигтгэх зорилго дор нэгдсэн. УИХ-д олон удаа сонгогдсон учраас Д.Ганбат гишүүнийг ерөнхийлөгчөөрөө сонгож албажуулаад байна. Хэвлэл мэдээллийн салбараас улс төрийн салбарт хөл тавьсан болоод ч тэр үү тэр, энэ фракцынх гэж яваагүй ээ . Төв намдаа хэвлэл, олон нийт хариуцаж ирсэн.

-Та хэдэн онд АН-д элссэн юм бэ?

-Германаас төгсөж ирээд “Ийгл” телевизэд ажиллаж эхэлсэн үеэс улс төрийнхөнтэй  хэвлэл мэдээллийн салбарын хүн, сэтгүүлчийн хувиар холбоотой ажиллаж эхэлсэн. Албан ёсоор элсээгүй ч АН-ын үйл хэргийг дэмжиж ажилладаг байсан л даа. 2009 оноос намын амьдралтай бүр илүү холбогдож, 2012 оны сонгуулиар АН олонх болох үед З.Энхболд дарга парламентын хэвлэлийг хариуцаж ажиллахыг урьсан юм.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг огцруулж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох, эсэхийг хэлэлцэх хуралдаанд АН-ынхан болон МАН-ын “30”-ын бүлгийн гишүүд чуулганд оролцоогүйгээс нэлээд сунжирсан. Намынхнаа нэгдсэн хуралдаанд оролцохыг уриалж, ятгасан хүмүүс нь танай фракцынхан гэх мэдээллийн тухайд та юу хэлэх вэ?‍

-Манай фракц яг ятгаж сэнхрүүлсэн зүйл байхгүй шүү дээ.

Миний хувьд ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох ёстой гэж анх "шүгэл үлээж", олон ч ахмад дэмжсэн. Гэтэл 2026 оны төсвийг тодотгох төсөлд тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр оруулж ирсэн. Атал гишүүд ирцээ бүрдүүлэхгүй, хуралдахгүй байхаар ахмадууд бухимдаж, намайг ч утас, месежээр их зэмлэсэн. Манай бүлгийн улс төрийн завсарлага албан ёсоор дууссан тул хуралдаа орсон. Авлига, хээл хахуулиар улсаа дэлхийд тэргүүлдэг болгосон МАН-ын хэн нь сайд болох нь ер ялгаагүй. Юу ч сайжрахгүй.

-Ярилцсанд баярлалаа.