Иргэний нийгмийн байгууллагуудын санал зөвлөмж, дуу хоолойг парламентын түвшинд хүргэх, бодлого шийдэлд тусгах туршилтын хөтөлбөрийг Монголд анх удаа УИХ-ын Хүний эрхийн дэд хороо эхлүүллээ.

Хүний эрхийн дэд хороо, "Бодлогод залуусын хяналт" ТББ энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлснээр иргэний нийгмийн байгууллагын үр нөлөөтэй, тогтмол оролцоог хангаж, бэхжүүлэх зорилготой юм. Тодруулбал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх үйл явцад иргэний нийгмийн байгууллагын  судалгаа, нотолгоо, санал, дүгнэлтийг үр дүнтэй тусгаж, парламент-иргэний нийгмийн хамтын ажиллагааны тогтвортой тогтолцоог туршин хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийг санаачлагч, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал “Иргэний нийгмийн байгууллагууд бол иргэдийн оролцооны хамгийн суурь буюу  тодорхой асуудлуудаар мэргэшсэн сайн дурын идэвхтэй нэгдэл.

Эдгээр иргэдийн оролцоо парламентад дуу хоолойтой байж УИХ-ын гишүүдтэй хамтарч ажиллах нь жинхэнэ утгаараа парламент иргэдийн төлөөлөл болох суурь нөхцөл бүрдэнэ гэж хэлж болно.

Энэ утгаараа хөтөлбөр маань механизмыг илүү ойлгох, хамтарч ажиллах гүүр болно гэж найдаж байгаа.

Парламентын гишүүнээр ажилласнаас хойш авсан сургамж, алдаа оноогоо иргэний нийгмийн байгууллагуудтай хуваалцаж санал солилцсоны үндсэн дээр бодлогын нөлөөллийн ажлыг яаж хийвэл оновчтой байх вэ, ямар арга зам, стратегиар ажиллах вэ. Тэр тусмаа иргэдийн дуу хоолойг яаж парламентад хүргэх вэ гэдгийг тодорхойлоход энэ удаагийн хөтөлбөр ихээхэн тус болох болов уу гэж найдаж байна.

Туршилтын гэсний учир нь анх удаа иргэний нийгэм, хууль тогтоогч байгууллага таван сарын хугацаанд ойртож хамтран ажиллах эхлэлийг тавилаа. Анхных учраас алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Улам чамбайруулаад явна.

Хөтөлбөрийн эхний өдрүүдэд УИХ-ын гишүүд туршлагаа иргэний нийгмийн байгууллагынхантай хуваалцаж байна. Эргээд иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын Хяналт шалгалтын хуульд заасан хуулийн биелэлтийг хянадаг механизмыг өөрсдөө туршиж үзнэ. Энэ мэтээр хөтөлбөр маань амжилттай хэрэгжих юм бол үндсэн байнгын хороод дээр дараагийн үе шат болгож хамтран ажиллах зорилготой байгаа.

Бидний ажил дөнгөж эхэлж байгаа ч маш олон сайн сургамж, санаачилгууд гарч байна. Хөтөлбөрийг нийслэл, орон нутагт хэрэгжүүлбэл үр дүн гарах талаар ярилцлаа” гэдгийг тодотголоо.

Хөтөлбөрт нийслэл, орон нутгийн 40-өөд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл  бүртгүүлсэн бөгөөд хөтөлбөрийн эхний зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа.

Хөтөлбөрийн ач холбогдлын талаар Бодлогод залуусын хяналт ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ахмарал “Өөрсдийн онцлог, туршлагатай иргэний нийгмийн олон бүлэг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн. Эхний ээлжинд иргэний нийгмийн байгууллагуудынхаа туршлагад суурилж аль ажлын хэсэгт орж, ямар хэлбэрээр ажиллавал зохистой вэ зэргээр арга замаа тодорхойлно. Төсөл хэрэгжих таван сард Ажлын хэсгүүд идэвхтэй ажилладаг цаг хугацаа таарч байгаа учраас үр дүн нэлээн гарах болов уу гэж харж байна. Туршилтын хөтөлбөр учраас тухай бүрт нь анхаарч ярилцаад байнгын механизм болгох талаас нь сайжруулаад явах боломжтой.

Төр иргэний нийгмийн байгууллагуудтай зөвхөн уулзалт хэлэлцүүлэг хийх, санал авах байдлаар оролцооны түвшинд хамтарч ажиллаж ирсэн. Энэ нь эргээд харахад бидний өгсөн санал зөвлөмж ямар баримт бичигт хаана туссан нь мэдэгддэггүй. Эсвэл иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө араас нь хөөцөлдөж байж албан бичгийн түвшинд хүргэж байж хариугаа авдаг. Иргэний нийгмийн байгууллагууд өөр өөр салбарынх учраас зөвхөн Хүний эрхийн дэд хороогоор хязгаарлагдахгүйгээр бусад тухайлсан ажлын хэсэгт орж бусад байнгын хороонд саналаа тусгах боломж гарна гэж харж байна” гэсэн бол Ховд аймгаас "Жавхлант гэрэлт ирээдүй” ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Саруул “Олон нийт төрийн засгийн хооронд чухал гүүр тавигдаж байна. Ялангуяа, орон нутгийн иргэдэд тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлыг төрд хүргэх, дуу хоолойгоо тусгах том боломж гэж харж байна. Ажлын хэсгүүдэд оролцож санал зөвлөмжөө бодитоор хүргэхэд ихээхэн өгөөжтэй хөтөлбөр боллоо гэж олзуурхан хүлээн авч байна” гэлээ.

Эхний өдрийн зөвлөлдөх сургалтаар парламентын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг УИХ-аас хянан шалгах үйл ажиллагаа, хүний эрхэд суурилан төсөв, тулгамдаж буй асуудлаа бодлого, шийдвэрт тусгуулах арга зам, үр дүнд суурилсан засаглал гэсэн сэдвүүдийг иргэний нийгмийн байгууллагын оролцоотой хэрхэн холбож үр дүнтэй ажиллах зэрэг агуулга хүргэлээ.

Уг хөтөлбөр 2027 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд буюу хагас жил үргэлжлэх бөгөөд цаашид хөтөлбөрт хамрагдсан байгууллагуудыг дээрх агуулгын хүрээнд оролцоог нь бодит болгох чиглэлээр зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, бодлогын нөлөөлөл хийх, бодлогын санал боловсруулах зэргээр ажиллах юм.

‍