- "ТОП-100" компанийг шалгаруулахдаа тогтвортой хөгжлийн болон БОНЗ-ын тайланг нь харгалзахгүй байна.
- Дэлхий нийтийн жишгийг дагаж, эдгээр тайланг нэхдэг, гаргуулдаг больё.
Өнгөрсөн зургаадугаар сард 2025 оны "ТОП-100" компанийг Төрийн ордонд шалгаруулав. “Оюутолгой”, МАК, ХААН банк, “Энержи ресурс”, Голомт банк, ХХБ тэргүүлсэн. Ерөнхий сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2025 оны шилдэг компанийн удирдлагуудад шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулав. Маргаашаас нь хэвлэлийн хуудаснаа "ТОП-100" компанийн захирлуудын зураг заларч, бид олон жил энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэв, гурван жил дараалан "ТОП-100"-д багтав зэргээр пи-араа хийцгээв.
"ТОП-100" аж ахуйн нэгжийг анх 2001 онд тодруулжээ. Үүнээс хойш тасралтгүй шалгаруулж, явцын дунд шалгаруулах аргаа нэг удаа өөрчилсөн. Энэ шагнал бизнесийн хүрээнд төдийгүй нийгэмд хэдийнэ танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн шагнал болж чаджээ.
Тэгвэл ТОП-ууд үнэхээр ТОП байдаг уу?
Манай улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон мянган хүнийг ажлын байраар ханган, төсөвт жинтэй хувь нэмэр оруулсан компаниуд “ТОП-100”-д дээгүүр жагсдаг. Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан тайланд үндэслэн жагсааж байна.

2025 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн борлуулалт 65 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ гэж МҮХАҮТ мэдээлсэн юм. Монгол уул уурхайн орон. Манай улсын эдийн засгийг уул уурхайн компаниуд “нуруундаа үүрч”, араас нь банк санхүү, худалдаа, тээврийн салбарынхан жагсдаг. Энэ жишиг жил бүрийн “ТОП-100” шалгаруулалтаар давтагддаг юм. 2025 онд хувийн хэвшлийг “Оюутолгой”, МАК тэргүүлсэн бол төрийн өмчит ТОП-уудыг “Эрдэнэт үйлдвэр” эрэмбээр дагуулжээ.
Гэвч…
ТОП-уудыг шалгаруулахдаа БОНЗ-ын тайланг нь харгалздаггүй. Орлого, ашиг, хөрөнгө хэмээх эдийн засгийн үзүүлэлтээр л үнэлэх нь зөв үү? Тухайн компани маш их ашигтай ажилласан ч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн бол яах вэ? Компани олон зуун хүнийг ажлын байртай болгосон ч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй бол яах вэ?
Дэлхий нийт тогтвортой хөгжлөөр өрсөлдөж, эдийн засгийн өсөлтөө өндөр байлгахыг биш хүртээмжтэй өсөлт рүү тэмүүлж эхлэв. Харин “Моод Монголоор дуусдаг”-ийг батлах мэт бид хэн илүү орлого олов гэдэгт л анхаарч, их наяд, тэрбум төгрөг гэхээр алга ташиж байна.
Үүнийг өөрчилж, жил бүрийн хавар "ТОП-100" аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа Монгол Улсын тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулсныг ч харгалздаг болъё. Энэ саналыг хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар судлаачдын байр суурийг сонсов. Компанийн зорилго анхнаасаа л ашиг олох юм. Харин тогтвортой хөгжил буюу байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлуудад төр илүү анхаарч, өөрөө манлайлж, улмаар хувийн хэвшилд үлгэр дуурайл үзүүлэх үүрэгтэй гэсэн бодолтой эдийн засагч байв.
Харин “OBSERVE Consulting Mongolia” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Отгонбат өөр байр суурь илэрхийлэв. Тэрээр тогтвортой хөгжил, байгаль орчин, ESG-ийн талаарх сургалтуудыг явуулдаг юм.

-Төрийн өмчит компаниуд цар тахлын дараа байгаль орчин, нийгэм, засаглалын тухай ярьж эхэлсэн. Тогтвортой хөгжлийн тайлан гаргах соёл, манлайлал, хандлага нэмэгдэж, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжил, БОНЗ гэсэн ойлголтууд сүүлийн 4-5 жилд эрчимтэй яригдах болов.
Хувийн хэвшил энэ чиглэлд манлайлж, банкууд тогтвортой хөгжлийн тайлан гаргаж эхэлсэн. Дараа нь засаглал сайтай, томоохон компаниуд нэгдлээ. “MCS” группийн хэд, хэдэн компани, “Шунхлай”, “Таван Богд”, “Голомт”, “Бодь” БОНЗ-ийн тайлангаа тогтмол гаргадаг. Төрийн өмчит компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” л тогтвортой хөгжлийн бодлоготой.
Тус үйлдвэр 2018 онд тогтвортой хөгжлийн бодлогоо баталсан. Хүлэмжийн хийн тооллого, байгаль орчны менежментийн тогтолцоо, чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ төрийн өмчит уул уурхайн компаниудаас олон улсын жишигт нийцсэн, БОНЗ-ын тайлан тогтмол гаргадаг байгууллага байхгүй.
Тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж, байгаль орчинд хэр ээлтэй ажиллаж, БОНЗ-ын тайлангаа хэр чанартай гаргав гэдгээр үнэлдэг тогтолцоо байх ёстой. Бид тогтвортой хөгжлийн тайлан гаргах арга зүйгээ удаан хугацаанд бүрэн тодорхойлж чадаагүй юм. 2022 онд Санхүүгийн зохицуулах хорооноос "Тогтвортой байдлын тайлагналын удирдамж"-ийг баталснаар тодорхой хэмжээнд шийдэгдсэн. БОНЗ-ын тайланд байгууллагын засаглал, менежмент, байгаль орчин, нийгмийн нөлөө , удирдлага, тайлагнал гэсэн дөрвөн үндсэн бүрэлдэхүүнийг заавал тусгадаг.
Манай улсын төрийн өмчит, уул уурхайн компаниудын хамгийн том нэгдэл нь Чингис хаан үндэсний баялгийн сан. Хуучнаар “Эрдэнэс Монгол” гэсэн нэртэй байсан энэ нэгдлийн дээвэр дор Эрдэнэт, Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэх мэт 15 компани бий. Эдгээр нь зэс, алт, газрын ховор элемент гэх мэт эрдэс баялгийг олборлож байна. Цаашдаа боловсруулдаг болох хэтийн төлөвлөгөөтэй.
Тус нэгдэл байгаль орчин, нийгэм, засаглалдаа анхаардаг уу? Энэ чиглэлээр ямар ажлууд хийв? Нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд сайн засаглал, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх зорилт багтжээ. Нэгдлийн хэмжээнд байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын бодлого, тайлагналыг хэрэгжүүлэхээр бэлтгэж эхэлсэн гэв. Нэгдлийн хэмжээнд мөрдөх БОНЗ-ын бодлого батлуулж, тайлагналыг
• Тогтвортой хөгжлийн тайлагналын санаачилга,
• Тогтвортой байдлын нягтлан бодох бүртгэлийн стандарт
• Тогтвортой уул уурхайн төлөө стандартын дагуу нэвтрүүлнэ гэж бидэнд хариу өгөв.
Одоогоор нэгдлийн гурван компанид л тогтвортой хөгжлийн чиглэлээр тайлагналыг хэрэгжүүлэх бэлтгэлээ эхлүүлсэн байдалтай байна. Чадавх бэхжүүлэх сургалт, судалгааны ажлуудыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023, 2024 онуудад Тогтвортой хөгжлийн тайланг ТУУТ/TSM стандартын дагуу хоёр удаа тайлан гаргажээ.

2027 онд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК БОНЗ-ын тайланг GRI, IFRS S1/S2 стандартад нийцүүлэн тайлагнана. Энэ дагуу цаашид нэгдлийн бусад компанид үе шаттайгаар БОНЗ-ын тайлагналыг хэрэгжүүлнэ гэж тус компанийн Хэвлэлийн алба бидний асуултад хариулав.
Мөн БОНЗ-ын тайланг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн боловсруулж, хараат бус хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулалтыг хийлгэхээр төлөвлөжээ. Одоогоор тус нэгдэл БОНЗ-ын чиглэлээр тусгайлан хөрөнгө зарцуулаагүй ч БОНЗ-ын суурь түвшний үнэлгээ хийж, холбогдох бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсны үндсэн дээр шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар төлөвлөнө гэсэн юм.
БОНЗ-ын арга хэмжээний үр дүнд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, зардлын үр ашиг болон эрсдэлийн удирдлагад гарсан өөрчлөлтийг тоон үзүүлэлтээр үнэлэх боломж одоогоор бүрдээгүй байна гэсэн юм.
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” 2001 оноос хойш, “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болсноос хойш нийт 20 удаа тэргүүлжээ. Энэ үзүүлэлтээр тус компанитай өрсөлдөх өөр байгууллага үгүй.
Энэ нь манай улсын эдийн засгийн бүтэцтэй холбоотойг дээр дурдсан. Мөн тус үйлдвэрийн олон зуун уурхайчин өндөр бүтээмжтэйгээр хичээн ажилласныг илтгэнэ. “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн компаниуд дотор “Эрдэнэт” л хамгийн олон буюу зургаан стандарт мөрдөн ажиллаж байна.
Гэвч ...
Энэ онд тус үйлдвэрийн геологич ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амиа алдсан харамсалтай осол гарсан. Зэсийн үнэ өсөж, нэг тонн нь 14 мянган ам.долларт буюу түүхэн дээд түвшинд хүрэв. Иймд тус үйлдвэр бага агуулгатай овоолгыг ашиглах шийдвэр гаргажээ. Овоолго дээр ажиллаж байсан геологич хүдэрт дарагдаж амиа алдсан байна. Үйлдвэрлэлийн осол гэмтэл уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт гарсаар байгаагийн нэг жишээ нь энэ юм.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын ослын мэдээнд 2021-2025 онд нийт 2678 хүн өртөж, 308 хүн амиа алджээ. Уул уурхай, олборлолтын салбарыг харвал 2021-2025 онд 64 хүн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын ослын улмаас амиа алдаж, 395 хүн гэмтсэн байна. 2024 онд уул уурхайн салбарт хамгийн олон хүн буюу 114 хүн гэмтсэн бол 13 хүн үрэгджээ. 13 аав өглөө гэрээсээ гараад, орой нь эргэж очоогүй, хүүхдүүд өнчирч, 13 айлын амьдрал ахуй эрс өөрчлөгдөн, бэлэвсэн эхнэрүүд гэр бүлээ тэжээх үүрэг хүлээн үлджээ.
Уул уурхайн араас төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбар 15 хувийн осол гэмтлийн дүнтэйгээр удаалсан байна.
УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ГЭМТЭЛ ХАМГИЙН ИХ БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, анагаах ухааны доктор, профессор, мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч Д.Нарансүх “ТОП 100 аж ахуйн нэгжид багтсан нэг уул уурхайн компани их хэмжээний татвар төлдөг ч тухайн компанийн уурхайд үйлдвэрлэлийн ослын улмаас 4-5 хүний амь эрсэдсэн. Үүний дараа тус компани үйл ажиллагаагаа зогсоож, нэрээ өөрчлөөд өөр хэлбэрээр одоо ч ажилладаг.
Төв аймгийн Заамарт хүүхэд эндсэн ослын газарт очиход байгаль орчин ихээхэн сүйдэж, зам талбай, уурхайн орчин бүхэлдээ аюултай байсан. Энэ нь бизнесийн хариуцлагатай шууд холбоотой. Ёс суртахуунтай, сайн ажиллаж байгаа компани бий ч цөөн.
ТОП-100 аж ахуйн нэгжийг БОНЗ-ын тайлан, нийгмийн хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтээр давхар үнэлдэг болох хэрэгтэй.
Компаниуд байгаль орчин, нийгэм, засаглалын тайлангаа тогтмол гаргаснаар хууль зөрчих, байгаль орчинтой холбоотой эрсдэл буурна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал нь сайжирна. Орон нутгийн иргэдийн үл ойлголцол, эсэргүүцэл ч багасна. Байгууллага тогтвортой хөгжих боломж бүрдэж, олон нийтийн итгэлийг хүлээсэн, олон арван жилийн настай бизнес болон төлөвшинө. Богино хугацаанд их ашиг олоод зах зээлээс алга болдог компани биш, бүр 100 жилийн турш үнэ цэнээ хадгалсан байгууллага байх боломжтой.
Бизнесийн эцсийн зорилго нь их ашиг хуримтлуулах бус, нийгэмд үнэ цэнэ бүтээх юм. Энэ хүнлэг, тогтвортой бизнес юм. Зөвхөн ашгийн төлөө ажиллавал, Заамарт гарсан осол шиг нөхцөл дахин үүснэ гэв. Хөдөлмөрийн эрүүл ахуйч Д.Нарансүхийн үзэж байгаагаар ТОП100 аж ахуйн нэгжийг шалгаруулах шалгуур ийм болж өөрчлөгдөх ёстой.
1. Борлуулалтын орлого 25 хувь
2. Ашиг 25 хувь
3. Хөрөнгө, татвар, нийгмийн даатгалын шимтгэл 25 хувь
4. Байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан 25 хувь
Нийт 100 хувь
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахих нь том жижиг, хувийн, төрийн бүх компанид заавал хэвшүүлэх үүрэг мөн. Гэвч олон жилийн туршлагатай, том компаниудад ч хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйн улмаас хүний амь эрстсэн харамсалтай осол гарсаар байна.

Иймд ТОП 100-г шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын сацуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ч лавлагаа авдаг болох хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод анхаардаг болж, унах, бүдрэхээс эхэлдэг, ажлын байран дахь гэмтлүүд буурна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг. Байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, байгаль орчны аудитын тайлан гаргаагүй, тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлээгүй бол ТОП-100-д багтахгүй зэргээр МҮХАҮТ тоглоомын дүрмээ шинэчлэх цаг болжээ. ТОП бол ТОП шиг байж, улс орны эдийн засгаас гадна, нийгэм-байгаль орчиндоо ч эерэг өөрчлөлт авчирсан ААН-үүдээ л шалгаруулж өргөмжлөн алдаршуулъя.
Бид дараагийн нийтлэлдээ МҮХАҮТ энэ чиглэлд ямар санаачилга гарган, ажиллаж байгааг танилцуулах болно.














-p-500.jpg)


