Эрдэнэт-Улаанбаатар хот чиглэлийн галт тэрэг хөдөллөө. Галт тэрэг хотоос алгуураар холдож, зүүн зүгийг чиглэн алсрахтай зэрэгцэн цагаан өнгийн тоос үргэлжлэн харагдана. Энэ бол 50 жилийн өмнөөс, “Эрдэнэт үйлдвэр”-тэй зэрэгцэн үүссэн хаягдлын сангийн цагаан тоос юм.

Хаягдлын далан үүсэх явцыг тайлбарлавал хүдрийн баяжмалыг бэлтгэхдээ аварга том чулууг жижиг болгон буталж, нунтаглан үүнээс 1.5 хувийг зэс, молибдены баяжмал хэлбэрээр авдаг. Харин 98.5 хувь нь хаягдал болж үлдэх энэ үйл явцыг уул нүүлгэх хэмээн нэрлэдэг. Энэ 1.5 хувийг авахын тулд уурхайчид өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байх нь. Тэгвэл үлдсэн 98.5 хувь нь хаягдлын санд хуримтлагдаж байна.
Одоогийн байдлаар 1.2 тэрбум орчим тонн хүдэр нунтаглагдсан хэлбэрээр хураагдаж, хаягдлын түвшин 1308 метр хүрчээ. Удахгүй 1320 метр өндөр болоход энэ хаягдлын сан хаагдах аж.

Уул нүүлгэх үйл явцад дэгддэг цагаан тоосыг бууруулах чиглэлд ямар ажил хийж байгааг тус үйлдвэрийн Химийн бодис, хог хаягдал хариуцсан мэргэжилтэн А.Одонтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн экологич инженер Л.Наранбаатар нараас тодруулав.      

-Одоо нийт хаягдлын 10-15 хувиас  нь цагаан тоос босож байна. Үйлдвэрлэл үргэлжилж байгаа нөхцөлд энэ асуудал байсаар байна. Бид Тогтвортой уул уурхайн стандартыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь олон улсын стандарт юм.  Нийт есөн протоколтой. Үүний дөрөв нь байгаль орчинтой холбоотой. Бид үнэлгээгээ эхлүүлсэн. Үнэлгээ хийх явцад манай улсын байгаль орчны хуулиуд олон улсын түвшин рүү их ойртсон нь харагдсан. Гэхдээ сайжруулах зүйлс бий.

Цагаан тоосны нөлөөллийг бууруулахын тулд ЗДТГ-ын Байгаль орчны газартай хамтарсан хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Үр дүнг нь төрийн байгууллагууд дүгнэдэг. 2019-2022 онд, 2024 онд үргэлжлүүлсэн.  

Аймгийн ИТХ хөтөлбөрийг баталж, одоо хэрэгжүүлж байна. Олон нийтэд улиралд нэг удаа, Засаг даргын зөвлөл, ИТХ-ын зөвлөлд тус тус нөхцөл байдлыг танилцуулдаг. Мөн иргэдийн болон төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн, Засаг даргын захирамжаар байгуулагдсан, 14 хүнтэй ажлын хэсэг бий.

Цагаан тоос улирлын чанартай. Хоёроос тавдугаар саруудад дэгддэг. Энд салхины чиглэл баруун хойноос зүүн урагшаа зонхилдог. Цагаан тоос Жаргалант, Вокзал, Говил руу дэгддэг. Эдгээр нь нөлөөллийн бүс юм.

Бид Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд мэдээлэл өгч, тэдний саналыг сонсдог. Мөн нөлөөллийн бүсийн иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.

Цагаан тоос бидний эрүүл мэндэд хортой гэж зарим хүн үзсэн тул үйлдвэрээс төлбөрийг бүрэн төлж үзлэг зохион байгуулсан. “Говил” багаас 200 хүн гэх мэтээр сонгосон байгаа.  Дөрвөн жилийн турш үзлэг явуулаад иргэдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан.

Нөлөөллийн бүсийн зарим иргэн үзлэгт өөрсдийн шийдвэрээр ороогүй. Бид автобус гаргадаг ч зарим хүн ирдэггүй. Саяхан үйлдвэрийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-тай зөвшилцөн, нөлөөллийн бүсэд эрүүл мэндийн төв, спорт танхим байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь иргэдэд илүү хэрэгтэй үйлчилгээ болно гэж үзсэн юм. Иргэд өөрсдөө энэ саналыг гаргасан. Цагаан тоосны нөлөөллийн бүс үйлдвэрийн хаягдлын далангийн хормойд байрлаж байна.

Бид Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу ажиллаж байна. Цагаан тоос байнга босдоггүй, хавар намрын хуурай үед дэгддэг. Чийгтэй үед босдоггүй тул бид даланг бороожуулж, цагаан тоосыг дарж байна.

‍

Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг гэж байгаа боловч ирээдүйд үүсэх сөрөг нөлөөллийг тооцох тогтолцоо хараахан бүрдээгүй байна. Компаниуд БОНЗ (Байгаль орчин, нийгэм, засаглал)-ын үзүүлэлтийг нэвтрүүлснээр асуудлыг өргөн хүрээнд, цогцоор нь харах боломж бүрдэнэ гэдгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга, Анагаах ухааны доктор, профессор, мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч Д.Нарансүх хэлж байв. Тэрбээр “Өмнөговь аймагт хэд хэдэн том уурхай бий. Цогтцэций суманд гурван том уурхай зэрэгцэн ажиллалаг. Тэнд төрсөн хүүхэд 18 нас хүртлээ уурхайтай зэрэгцэн амьдарч, сурахаар Улаанбаатар руу явлаа гэж бодъё. 

Энэ хугацаанд уурхайн тоосжилтын нөлөөнд өссөн хүүхдийн эрүүл мэндэд ямар үр дагавар гарах вэ? Эдгээр уурхай эдийн засагт чухал хувь нэмэр оруулж, их хэмжээний татвар төлж, олон хүнийг ажлын байраар хангадаг. Гэвч уурхайтай ойр сум, суурины иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг тогтмол хийж, ямар сөрөг нөлөө үүсэж байгааг тогтоогоод түүнийг бууруулах, арилгах арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх ёстой. Уурхай "хуулийн шаардлагыг биелүүлсэн" гэдгээр зогсох ёсгүй. 

Хуулийн шаардлага гэдэг бол хамгийн доод түвшний шалгуур. Үүнээс цааш байгууллагууд БОНЗ-ын үзүүлэлтээр өрсөлдөх хэрэгтэй” гэсэн юм. 

Эрдэнэт үйлдвэр бол манай урдаа барьдаг ТӨК-ийн нэг. Тэр ч утгаараа саалийн үнээ хэмээн нэрлэгдэж, жил бүрийн шилдэг компани болдог. Харин тэдний хувьд байгаль орчин болон бусад үнэлгээгээ зөв хийж, үнэлж дүгнэж чадаж байна уу гэдгийг хэмжих тодорхой стандарт манай улсад алга. 

Тухайлбал, тус үйлдвэр жил бүр МҮХАҮТ-ын “ТОП-100” компанийн шилдгээр шалгардаг. Шалгаруулалт компанийн ашигт ажиллагааг гол шалгуураа болгодог. Нөгөөтээгүүр дэлхий өөрчлөгдөж, нэгдсэн шалгуур, стандарттай болж буй. Зөвхөн байгаль орчин эсвэл ашиг, орлогыг авч үзэхээс илүүтэй БОНЗ (Байгаль орчин, нийгэм, засаглал)-ын тайлан гаргах шаардлага байгааг өмнөх нийтлэлээрээ онцолсон.

‍
Цаашлаад зарим улсад БОНЗ-ын асуудлыг хуульдаа нийцүүлж байна. 2001 оноос хойш “ТОП-100” аж ахуй нэгжийг шалгаруулж буй МҮХАҮТ БОНЗ-ын тайланг хэрхэн авч үзэж, ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх М.Сарандаваагаас тодрууллаа.

-ТӨК-иудын хувьд олон асуудал байгаа ч засаглал, ТУЗ-ийн сонгон шалгаруулалтын асуудал дээр маш их учир дутагдалтай байна. Олон улсад ТУЗ-ийн гишүүдийг "Skill Matrix" буюу ур чадварын матрицаар сонгодог. Гэтэл манайд яамны нэг мэргэжилтэн эсвэл газрын дарга ТУЗ-ын гишүүн болчихдог. Уг нь ТӨК-ийн ТУЗ-ыг сонгох журам гэж бий. Гэвч энэ журам өөрөө маш хангалтгүй. Хэн ч орж болохоор журам байдаг. Тухайн хүн юу хийж бүтээсэн, компанид ямар ашиг тустай вэ гэдгийг орхигдуулсан, хуулиас хуулсан ерөнхий шаардлагуудыг тавьсан байдаг. Ийм ТУЗ-тай байгууллагаас бид ил тод, тунгалаг, хараат бус, бие даасан, үр ашигтай байдал, хувьцааны үр ашгийг өсгөх бодлого, жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах, шүгэл үлээгчийн тухай асуудал, хяналтын тогтолцоо, дотоод аудит, хяналт гэх мэтийг хүлээгээд нэмэргүй. Дээр нь хэтэрхий их улс төр орчихсон. Авлага, ашиг сонирхлын зөрчил, дотоод аудитын үл нийцэл байнга гардаг ч авч хэлэлцдэггүй шүү дээ. Гэх мэт асуудал байгаа учраас төр өөрөөсөө эхлэх ёстой юм.

ТӨК-иудаас “Эрдэнэт үйлдвэр” салбарын стандарт руу түлхүү явж байна. Гэтэл олон улсад “ESG” (БОНЗ) нэвтрүүлээд эхэлсэн байгаа. Тэгэхээр манай төрийн компаниуд ардаас нь явж байна. Гэхдээ ойлгохын хувьд чухал гэдгийг ойлгосон байгаа. Бас хэрэгжилт хангалтгүй байна.

Бид өнгөрсөн жил жижиг дунд, компаниудынхаа дунд БОНЗ-ын тайлагналын хүрээнд тандалт явуулсан. Үүнд жижиг дунд үйлдвэрүүд маань үнэлгээ хийгдэх боломжтой юм байна гэж харагдсан. Үүнийг үндэслээд МҮХАҮТ “ТОП-100” аж ахуй нэгжийн эрэмбэнд нь нөлөөлөхгүйгээр тайланг нь гаргуулах тал дээр бодлогоор ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, танхимаас "Энтрепренёр" (Entrepreneur) гэж арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ арга хэмжээн дээр БОНЗ-ын үзүүлэлтүүдийг шалгуур үзүүлэлтээр оруулж ирнэ.

БОНЗ хэрэгжүүлэгч, хамгийн үр дүнтэй нэвтрүүлж байгаа аж ахуй нэгж гэх мэтээр энэ агуулгыг оруулж, тэргүүлж байгаа байгууллагуудаа олон нийтэд таниулна. Ингэж алхам алхмаар нэвтрүүлнэ. Түүнээс захиргааны журмаар нэвтрүүлэх боломж байхгүй.

БОНЗ-ын тайлан гаргах нь байгууллагад зардал нэмнэ. Гэвч зардал нэмнэ гэдэг нь нэвтрүүлэхгүй байх шалтгаан болох учиргүй. Харин ч зарим талаар энгийн дадлаар тайлагналын үр дүнг сайжруулах боломжтой талаар БОУАӨ-ийн дэд сайд асан Б.Мөнхтамир онцлов. 

Тэрбээр “Дэлхий нийтэд ямар байна вэ гэхээр, танай компани хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаж, ХК болох бол БОНЗ-ынн тайлан заавал гарга гэдэг. Харин манай улсад бүх компаниас БОНЗ-ын тайланг заавал гарга гэж шаардах хэцүү. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид энэ тайланг гаргана гэвэл зардал гаргах хэрэгтэй.


Тайлан бичихийн тулд нийгэм, байгаль орчин, засаглалын чиглэлд тодорхой ажлууд хийх хэрэгтэй болно. Иймд бид эхлээд мега төслүүдээс БОНЗ-ын тайлан нэхье. Яваандаа бүх компанийг үүрэгжүүлэх нь зөв. БОНЗ-ыг нэвтрүүлнэ гэхээр уг нь их энгийн ажлууд бий. Жишээ нь, танай компани цаасны хэрэглээгээ бууруулсан бол байгаль орчинд эергээр нөлөөлсөнд тооцогдоно.

GPS ашиглан, шатахууны хэрэглээгээ бууруулсан сайн жишээнүүд бий. “МИАТ” компани “Sky” программыг онгоцнууддаа суулган, нислэгийн горимыг өөрчилж, шатахууны хэрэглээгээ бууруулсан юм.            

Энгийнээр хэлбэл, онгоц А цэгээс Б цэг рүү хүрэхдээ хамгийн өндөрт хүрээд "шааригдуулдаг". Ингэснээр шатахуун бага хэрэглэнэ. Программ бүх замыг тооцоолон, нисгэгчид заавар өгдөг юм. Шатахуун буурснаар зардал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт мөн буурсан. Энэ мэт ажлуудаа БОНЗ-ын тайланд тусгадаг болох талаар бид Ерөнхий сайдын ажлын албатай ярьсан. Үүний тулд дагалдах хуулиудыг өөрчлөх шаардлагатай” гэв. 

Европын холбоо, Австрали, Энэтхэг, Хятад, Японд Хөрөнгийн биржид бүртгэлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө ихтэй компаниудаа БОНЗ (ESG), Тогтвортой хөгжлийн тайлан гаргахыг хуульчилж, компаниуд зөвхөн санхүүгийн үр дүнгээ тайлагнахаас гадна байгаль орчинд үзүүлж буй нөлөө, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, хүний эрх, компанийн засаглал, эрсдэлийн удирдлага зэрэг мэдээллээ тогтоосон стандарт, хугацааны дагуу ил тод мэдээлэх үүрэг хүлээлгэж байна. 

Европын холбоо 2022 онд Компанийн тогтвортой хөгжлийн тайлагналын удирдамж буюу CSRD (Corporate Sustainability Reporting Directive)-ийг баталж, компаниудын байгаль орчин, нийгэм, засаглалын мэдээллийг ил тод тайлагнах эрх зүйн зохицуулалтыг шинэчилжээ. Энэ нь сайн дурын үндсэн дээр бус, хуульд заасан шаардлагын дагуу тайлан гаргах тогтолцоог бүрдүүлсэн аж.

Уг удирдамж нь компаниудын жилийн тайланд тогтвортой хөгжлийн мэдээллийг тусгах, тайлагналын нэгдсэн стандарт мөрдөх, мэдээллийн найдвартай байдлыг баталгаажуулахад чиглэсэн байна.

Тайланд компани хүлэмжийн хийн ялгарал, усны хэрэглээ, бохирдол, байгалийн нөөцийн ашиглалт, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл, хүний эрх, компанийн засаглал, бизнесийн ёс зүй зэрэг асуудлыг тусгана. Ингэхдээ байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөллөөс гадна эдгээр асуудал компанийн санхүүгийн байдал, үйл ажиллагаа, ирээдүйн эрсдэлд хэрхэн нөлөөлөхийг тайлагнах ёстой.

Удирдамжийн бас нэг чухал зарчим нь компани байгаль орчин, нийгэмд ямар нөлөө үзүүлж байгааг болон эдгээр асуудал өөрийн бизнест ямар эрсдэл, боломж бий болгож байгааг хоёр талаас нь үнэлэх аж.

Гэхдээ уг удирдамж Европын холбооны бүх компанид ижил нөхцөлөөр үйлчилдэггүй. 2026 онд хамрах хүрээг өөрчилж, үндсэн шалгуурыг ажилтны дундаж тоо 1000-аас дээш, жилийн цэвэр орлого 450 сая еврогоос дээш байх нөхцөлтэй болгожээ.  

Мөн Австрали Улс 2024 онд баталсан “Treasury Laws Amendment Act” хуулиар тодорхой шаардлага хангасан байгууллагууд, уур амьсгалын өөрчлөлт бий болгодог компаниудыг БОНЗ-ын тайлангаа тайлагнахаар үүрэгжүүлжээ. Улмаар үе шаттай хуваарийг гаргаж, Сангийн яамныхаа албан ёсны мэдээлэлд тусгах аж.  

Хуульд заасан шалгуур хангасан компаниуд хэдий хэмжээний ашиг олсон, ямар хөрөнгөтэй, хэр хэмжээний өр төлбөртэй гэдгээ тайлагнаад зогсохгүй, уур амьсгалын өөрчлөлт нь бизнесийн ирээдүйн орлого, зардал, хөрөнгө оруулалт болон үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж болохыг тайлбарлах шаардлагатай болжээ.

Харин манай улсад гол төлөв сайн дурын тайлагналын тогтолцоотой байна. Тухайлбал, “Монголын хөрөнгийн бирж” ХК 2022 онд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), Олон улсын санхүүгийн корпорац зэрэг байгууллагуудтай хамтран “ESG” буюу БОНЗ тогтвортой байдлын тайлагналын удирдамжийг баталсан. Энэ дагуу Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй үнэт цаас гаргагч БОНЗ-ын тайлангаа сайн дурын үндсэн дээр гаргах зохицуулалтай болсон. 

Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль энэ оны долдугаар сарын 2-нд батлагдав.

Уг хуульд төрийн өмчит компаниуд тогтвортой хөгжил болон нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил, санхүүжилт, хөрөнгө оруулалтын дүнгээ үйл ажиллагааны тайландаа тусгаж, нээлттэй байршуулахаар тусгажээ. Мөн өмнөх нийтлэлд дурдсанчлан “Чингис хаан баялгийн сан”-гийн харьяа төрийн өмчит компаниуд БОНЗ-ын бодлого, тайлагналыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай мэдээлэл өгөв. Нэг үгээр манай төр, Төрийн өмчит компаниуд эхлэлээ тавьж буй бололтой. Хэдийгээр дэвшил гэж хэлж болох ч бусад улс оронтой харьцуулахад дэндүү удаан, чамлалттай зохицуулалтуудыг энэ мэтээр оруулж иржээ. 

Хуульд тусгасан зүйл заалт нь үйл ажиллагааны тайлан нэрээр тогтвортой хөгжлөө халхавчилж, “дүр эсгэх”-ийг үгүйсгэх аргагүй ерөнхий байна. Нөгөөтээгүүр хувийн аж ахуйн нэгжийн жишээнээсээ харахад үйл ажиллагааныхаа чиглэлд үндэслэсэн стандартаар өөрөө өөрийгөө, үнэн бодитоор, үнэлж дүгнэдэг алба хэлтэс, мэргэжилтэнтэйгээр БОНЗ-ын тайлан гаргаж байна. Ер нь хөрөнгө мөнгөний зардал нэмэгдэх ч үр өгөөж нь түүнээс хэд дахин их гэдгийг ойлгоод нэвтрүүлж эхэлжээ. Гэвч тогтвортойгоор урт удаан ажиллах, хөрөнгө оруулалт татах хаалгыг нээх, засаглалын хувьд үр ашигтай ажиллуулах БОНЗ-ын тайлагнал гэх цогц ойлголт төрийн өмчит компаниудаас хол байна. Тэднийг шилдгээр шалгаруулдаг МҮХАҮТ-ын “ТОП-100” шалгуурт ч тэнцэхээргүй харагдаж байна. 

‍

Нийтлэлийг бичсэн сэтгүүлч Б.Эрдэнэчимэг (gogo.mn),

У.Сарангэрэл (Mongolian Economy),

Б.Номин (Mongoliapress.mn)

‍

‍