Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress "Дулаалаад хэмнэе" уриан дор эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулж буй жишиг шийдлийг онцолж байна.
Сонгинохайрхан дүүрэг Тахилтад байрлах 188-дугаар цэцэрлэг эрчим хүчээ нөөцөлж, зардлаа хэмнэх жишиг шийдлүүдийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд эрчим хүчийг хэмнэх, үр ашигтай бага зардлаар халах таван төрлийн амины орон сууцны загварыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ард иргэдэд танилцуулахаар гэр орлосон амины сууцуудыг барьжээ. Эхнээсээ сайн үр дүнгүүд гарсан учраас цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулахаар болсон нь хотын захад буюу СХД-ийн 33-дугаар хорооны 188-дугаар цэцэрлэг болжээ. Нарны эрчим хүч болон хаягдал агаарын дулааныг эргүүлэн ашиглах, шөнийн хөнгөлөлтийн цагаар цахилгаанаа үнэгүй нөөцлөөд өдөр нь хэрэгцээгээ бүрэн хангах нөөцлүүрийн сав зэргээр эрчим хүч, эдийн засгийн өндөр өгөөжтэй эдгээр шийдлүүдийг амины орон сууц, монгол гэрт ашиглах бүрэн боломжтой юм.
НАРНЫ ЭНЕРГИЭР ХАЛЖ, ХАЯГДАЛ АГААРЫН ДУЛААНЫГ ЭРГҮҮЛЖ АШИГЛАДАГ

Эрчим хүч, эдийн засгийн хэмнэлттэй байхаар төлөвлөж дулаалж барьсан нэг амины орон сууцанд цэцэрлэгийн насны 30 гаруй нийт 120 гаруй хүүхэд хичээллэж байна. Хүүхдүүд аюулгүй тохитой орчинд хүмүүжихээс гадна эдийн засгийн өндөр өгөөжтэй гэдгийг 188-дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Пүрэвдулам хэлсэн юм. Мөн тенийг шөнө залгаад үдээс өмнө салгачихдаг. Ингэснээр бүтэн өдрөө юм уу хүүхдүүд хичээллэж байгаа үндсэн цаг хугацаанд цэвэр нарны энергиэр дулаанаа авчихдаг. Ангид тогтмол дулаан болон дотоод орчны хуурайшилтыг хэмжих багаж байрлуулаад хянаж байгаа” гэдгийг бүлгийн багш хэллээ.

Барилгын эрчим хүчний зөвлөх С.Түвшинхүү “Эдгээр байшингуудад өндөр хэмжээний дулаан тусгаарлалт хийгдсэн. Пассив барилгын стандартыг нэлээн ойртуулж хийсэн гэсэн үг. Нар руу харсан том цонхнуудтай. Тэр хэмжээгээр нарны энергийг авч ашиглах, халаалтын зардлаа бууруулах үндсэн зорилготой.
Пассив барилгын онцлог бол хаягдал агаарын дулааныг эргүүлж ашиглах шийдэлтэй. Энэ агааржуулалтын төхөөрөмж ариун цэврийн өрөөнд нь байрлаж байна. Ангийн хүүхдүүдийн амьсгалсан дулаан агаарыг гадагш гаргахаас өмнө дулааныг нь буцааж соруулж аваад гаднаас орж ирж байгаа цэвэр агаарыг халаадаг технологи юм.
Өөрөөр хэлбэл, өрөөний чийгшил харьцангуй тохиромжтой хэмжээнд зааж байгаа нь харагдаж байна. Дотоод орчны агаарын чанар, сэлгэлт маш сайн. Нарны дулаан энергийг цонхоороо шингээж аваад тэр дулаанаа алдахгүй маш удаан хадгалдаг. Орой 19:00 цагийн үед 2-3 Квт-ын тень залгаад өглөө 10:00-11:00 цагт салгаад бүтэн өдөр нарны эрчим хүч ашиглаж байгаа гэдгийг багш нар хэлж байна. Хүүхдүүдийн аюулгүй байдал талаасаа ч хамгийн тохиромжтой орчин. Энэ зарчмаар барилга байшингаа маш сайн дулаалж барьж чадах юм бол цахилгаан дулааны үнэ өссөн энэ үед эрчим хүч, эдийн засгаа давхар хэмнэх боломжтой” гэлээ.
Эдийн засгийн үр өгөөж талаасаа барилгын эрчим хүчний дулааны хэрэгцээг норм дүрмтэй харьцуулж хэмнэлтийг тодорхойлдог. Ингэж тооцвол зардлыг дор хаяж 70-80 хувь хэмнэж байгаа аж.
ШӨНӨ НЬ ЦАХИЛГААНАА ҮНЭГҮЙ НӨӨЦЛӨӨД ӨДӨР НЬ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХ ТЕХНОЛОГИ ГЭР, АМИНЫ ОРОН СУУЦАНД ТОХИРОМЖТОЙ

188-дугаар цэцэрлэгийн эрчим хүчээ хэмнэх дараагийн шийдэл нь дундын нөөцлүүр. Барилга доторх 500 литрийн усны савыг цахилгаан тень ашиглан халаана. Ингэж шөнийн хөнгөлөлттэй цагаар цахилгаанаа нөөцөлж аваад өдөр нь нөөцөлсөн эрчим хүчээ ашиглах технологи юм.
Гэхдээ энэхүү нөөцлүүрийн аргыг цахилгаан эрчим хүчний үнэ ялгаатай тохиолдолд буюу манайд хэрэгжиж буй шөнийн хөнгөлөлтийн үед ашиглахад тохиромжтой гэдгийг барилгын эрчим хүчний зөвлөх хэллээ. С.Түвшинхүү зөвлөх “Энгийнээр бол шөнө нь цахилгаанаа үнэгүй нөөцлөөд өдөр нь хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Хамгийн чухал нь барилга дулаалгатай байх хэрэгтэй. Нөөцлүүрийг амины орон сууц, гэрт нүүрс түлэх үед хэрэглэхэд хамгийн үр дүнтэй. 188-дугаар цэцэрлэгийн тухайд нөөцлүүрийн 500 литр усыг 6 Квт-ын тениэр шөнө найман цаг халаахад 48 Квт цаг энерги нөөцлөгдөнө. Үндсэндээ 16 цагт нь 48 Квт-аа тараагаад жигд хэрэглэж болно. Зөв хэрэглэж тооцоолж чадах юм бол шөнийн хэрэглээгээр өдрөө бүрэн хангах боломжтой.
Амины орон сууц болон гэрт нүүрс хийгээд огцом халахад нь цонхоо онгойлгоод гаргачихдаг. Харин нөөцлүүртэй үед зуух галлаж байх үед нь цэнэглээд хэрэглээгээ температурыг нь хараад тохируулдаг учраас нүүрсний үр ашгийг дээшлүүлдэг. Харьцуулбал, Монгол гэрт 100 гаруй литр устай нөөцлүүр тавиад тениэр халаачих юм бол шөнө нь хуримтлуулаад өдөр нь нөөцөө хэрэглэх боломжтой. Гэр, байшингаа маш сайн дулаалаад төлөвлөчих юм бол зардлаа бүрэн хэмнэх, дор хаяж 50-70 хувь бууруулна” гэлээ.
Байшинг бодоход гэр жижиг талбайтай. Тиймээс зуухны оронд 700-800-гийн турба гагнаад цахилгаан тень болон тэлэлтийн багаж тавихад хангалттай. Энэ шийдлийг ашигласнаар амины орон сууц, гэр байшинд яндангүй, нүүрс түлэхгүй, эдийн засгийн өндөр үр ашигтай байх юм.