УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнтэй сонсгол зохион байгуулав. Түүнийг тус албан тушаалд томилох гэж буй талаар бид “Төрийн нарийн”-ыг сэлгэж сурсан С.Магнайсүрэн Ерөнхий аудитор болох нь нийтлэлээрээ хүргэсэн. Сонсголын үеэр зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл асуулт тавьж, нэр дэвшүүлсэн УИХ-ын дарга, нэг нутгийн улстөрч Д.Амарбаясгалангаас хараат бус ажиллаарай, эрх баригч нам, хамтарсан Засгийн газраас хамааралгүй, бие даан аудит хийж, төрийн “нүд, чих” болоорой хэмээн нэр дэвшигчид захив.

Сонсголд оролцогч иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл
Харин сонсголд оролцсон гишүүд С.Магнайсүрэнг ерөнхийдөө магтаж, маш сайн боловсон хүчин хэмээн онцолж, гурван ч яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон туршлагыг нь олзуурхаж буйгаа илэрхийлж, зарим нь ажлын амжилт хүснэ лээ.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Г.Ганбаатарын тухайд төрийн хяналтын байгууллагын удирдлагыг сөрөг хүчнээс томилох ёстойг анхааруулаад, “С.Магнайсүрэн таныг нэлээд магтаж байна, та сайн хүн байх. Би мэдэхгүй юм. Гэхдээ ямар ч сайн хүнийг улс төрийн шахалтад оруулж, хараат бусаар ажиллах боломжоор хангахгүй бол Үндэсний аудитын газар үндсэн үүргээ биелүүлж чадахгүй” гэснийг эс тооцвол түүнийг томилохтой холбоотой сонсгол алга ташилтан дунд болж өндөрлөв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитор болон АТГ-ын даргыг цөөнх, сөрөг хүчнээс томилох агуулга бүхий хуулийн төсөл санаачлан боловсруулж буй аж. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо хуралдаж, С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилохыг хуралдаанд оролцсон 18 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Маргааш нэгдсэн хуралдаанаар уг томилгоог хэлэлцэж, эцэслэн батална.

Үнэндээ С.Магнайсүрэнг эл албан тушаалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшүүлэхэд тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдох нь тодорхой байв. Ямартай ч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон өөр бусад холбогдох хууль тогтоомжид заасан дарааллын дагуу хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийтийн төлөөллөөс оролцуулсан томилгоо болох нь.

Тэгвэл тун удахгүй Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн оронд хэнийг томилох вэ гэдгийг УИХ хэлэлцэнэ. Өдгөө Цэцийн даргаар ажиллаж буй Г.Баясгаланг УИХ-аас нэр дэвшүүлсэн учраас Д.Амарбаясгалан дарга бас нэр дэвшүүлнэ гэсэн үг. Түүнийг улираан томилох боломж хуульд бий ч үргэлжлүүлэн ажиллуулахгүй биз. Энэ албанд УИХ-ын гишүүн, сайд асан, өдгөө Д.Амарбаясгалан даргын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Ц.Мөнх-Оргилыг томилно гэх яриа хэдийн гарчихсан.

Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хэнийг ч томилох бай өнөөдрийнх шиг нэр дэвшигчийн сонсгол явуулахгүй.

Учир нь Цэц 2024 оны зургадугаар сарын 26-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 01 тоот тогтоолоороо Цэцийн гишүүнийг томилохдоо УИХ нэр дэвшигчийн сонсгол хийх нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгочихсон. Цэцийн гишүүнийг томилохдоо сонсгол хийнэ, хийхгүй гэх маргаан, мэтгэлцээн өрнөх зуур одоогийн Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Б.Батрагчаа нарыг сонсголгүйгээр томилсон юм. Үүнтэй адил дараагийн гишүүнийг ч “хаалттай” хэлэлцэн томилно гэсэн үг.