Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын хоёрдогч том салбар болох хөдөө аж ахуйг эрчимжүүлж, эдийн засгаа солонгоруулах нь нэн тэргүүний зорилт билээ. Уур амьсгалын өөрчлөлт хийгээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн сорилттой энэ үед хөдөө аж ахуйг  эдийн засгийн гол хөдөлгүүр болгоход бэлтгэл, бэлэн байдал, дасан зохицох, хувиран өөрчлөгдөх шаардлага тулгарч буй. Тэр дундаа мал аж ахуйг бүхий л талаар эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээн, ашиг шимийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол буйдхан бууцандаа өвөлжих ганц малчин айлд л хамаатай асуудал биш. Амт шимтэй ч эрүүл, аюулгүй талаасаа асуудал дагуулдаг монгол махыг чанарын шаардлагад нийцүүлж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна дэлхийн улсуудад хүргэх гарц нээх нь улсын ажил. Харин малаа эрүүл өсгөж, чанар стандарт, техникийн зохицуулалтад нийцүүлэн мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн боловсруулах нь өрх, үйлдвэрийн ажил. Тэгвэл эхлээд чанар стандартын шаардлагыг хангачихвал эдийн засагт нөлөө үзүүлээд зогсохгүй улс үндэстнээрээ эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх чухал ажил болно.

Хэрэгжээгүй “хууль”


Монгол малын мах амт шимтэй, эко ч үүнийг нийтийн хэрэгцээнд зориулан бэлтгэн боловсруулахад чанар стандарт, эрүүл ахуйн наад захын шаардлага хангадаггүй. Өрхийн хүнс бэлтгэлийг орхилоо гэхэд буурин сууринд эрчтэй шилжиж буй нийгэмд нийтийг эрүүл аюулгүй хүнсээр хангах нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал. Тиймээс ч монголчуудын хоол хүнсний гол хольц болох малын махыг төхөөрөн бэлтгэх, боловсруулах, хадгалах, зөөн тээвэрлэх, худалдан борлуулахад тавигдах шаардлага техникийн үзүүлэлтийг мэргэжилтнүүд боловсруулж, Засгийн газраар батлуулсан. Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт нь нийтийн хэрэгцээнд мах махан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж буй иргэн, аж ахуй нэгжид хамааралтай. Гэхдээ нийтийн эрүүл мэндийг хамгаалах гол зохицуулалт нь хэрэгжихгүй байна. Тодруулбал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн худалдаанд үйлдвэрийн аргаар бэлтгэн боловсруулсан мах махан бүтээгдэхүүн ашиглах заалттай ч хэрэгжилт тун хангалтгүй байна.

Монголын хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах

Мах, махан бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг Засгийн газар 2022 онд баталсан бөгөөд энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Манай улсын хувьд Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай гэсэн хоёр үндсэн хууль бий. Гэхдээ эдгээр хуульд бүтээгдэхүүн тус бүрээр нь аюулгүй байдлыг нарийвчлан хангах зохицуулалт байхгүй. Харин бүтээгдэхүүний төрлөөр техникийн зохицуулалт боловсруулан баталж, хэрэгжүүлж байгаа юм. Тиймээс энэ зохицуулалт хууль шиг үйлчлэх ёстой бичиг баримт. Мах боловсруулах үйлдвэрүүдийн хувьд техникийн зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Дотооддоо өөрсдийн түвшинд хяналт тавьж ажиллаж байгаа. Харин хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах хэрэглэх зохицуулалт хэрэгжихэд хүндрэлтэй байна. Үүнийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Дэлхийн улс орнууд хоол үйлдвэрлэл үйлчилгээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн хэрэглэж малаас хүнд дамжих өвчлөл, эрсдэлээс хамгаалдаг. Харин манай улс уламжлалт аргаар мал төхөөрч, хүнсэндээ хэрэглээд дадчихсан болохоор амар өөрчлөгдөхгүй байна. Гэвч эрүүл ахуйн шаардлагын хувьд энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй.


МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТААС зарим онцлох заалтыг танилцуулъя.

   1.3.2.“бэлтгэлийн мал” гэж хүнсний зориулалтаар мал төхөөрөх үйлдвэрт тусгайлан ялгаж, бэлтгэсэн малыг;
   1.1.2.Энэ техникийн зохицуулалтыг нийтийн хэрэгцээнд зориулан мал бэлтгэх, төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө;
   1.1.5.Иргэн хувийн хэрэгцээнд зориулж мал бэлтгэх, төхөөрөх, тээвэрлэх, хадгалахад энэ техникийн зохицуулалт хамаарахгүй;
   1.1.6.Гахай, тахиа, загасны мах, махан бүтээгдэхүүн импортлоход энэ техникийн зохицуулалтын шаардлагыг дагаж мөрдөнө.
2.1.Бэлтгэлийн малын эрүүл мэндэд тавих шаардлага:
   2.1.1.“MNS 6737 Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) хэрэгжүүлэх удирдамж”, “MNS 6891 Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэхэд тавих шаардлагууд”-ын дагуу малыг арчилж, маллаж, тэжээж, тавлаг байдлыг хангасан байх;  
   2.1.2.энэ техникийн зохицуулалтын 2.1.3-2.1.4-т заасан шаардлагад нийцсэн, хүснэгт 1, 2, 3-т заасан халдварт өвчнөөр тайван бүс нутаг, хамгаалалттай аж ахуйгаас бэлтгэсэн байх;
2.1.3.1.сүүлийн 6-12 сарын хугацаанд малын гоц халдварт өвчин оношлогдоогүй;
2.1.7.хуульд заасны дагуу олгосон мал эмнэлгийн гэрчилгээтэй байх.
2.3.1.хэрэглэсэн эм бэлдмэлийн талаарх мэдээллийг мал эмнэлгийн нэгдсэн цахим бүртгэлийн системд бүртгэсэн байх;
2.3.3.нян, шимэгчийн эсрэг эм бэлдмэлийг жорын дагуу олгосноос хойш тэдгээрийн биеэс гадагшлах хугацаа дууссан байх, эсхүл жороор олгох мал, амьтны эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглээгүй байх;
2.5.6.мал тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хялбар ачиж буулгах боломжтой, үсрэх, харайх, унах, хөхрөх, шархдах, бэртэх, гэмтэхээс сэргийлсэн бүтэц, зохион байгуулалт, хэлбэр хийцтэй байх;
2.5.12.4.малыг тасралтгүй тээвэрлэх хугацааг 8 цагаас хэтрүүлэхгүй байх, тээвэрлэлтийн явцад малыг 8-10 цаг тутамд 1 цагаас доошгүй хугацаанд амрааж услах, шаардлагатай тохиолдолд тэжээх;
3.1.1.төхөөрөх үйлдвэр нь үерийн аюулд өртөхөөргүй, ус, намаггүй, хогийн цэг, цэвэрлэх байгууламж, утаа, тоос шороо зэрэг бохирдлоос тусгаарлагдсан цэвэр орчинд байрлах ба бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн урсгал нь тухайн бүс нутгийн салхины ноёлох чигийн дагуу цэврээс бохир луу чиглэсэн байх;
3.2.1.мал бааз нь мал буулгах, мал эмнэлгийн үзлэг хийх, шинжилгээний дээж авах, жинлэх, ангилах, ялгах тусгаарлах, амраах, тэжээх, хөдөлгөөний урсгалыг зохицуулах, үйлдвэрт оруулах зориулалт бүхий хашаа, хашлага, хаалга, хүзүүвч, хоолой зэрэг байгууламж, төхөөрөмжтэй байх;
     3.5.2.үйлдвэрийн барилга нь хүлээлгийн өрөө, жинлэх, муужруулах, цуслах өрөө (хэсэг), арьс өвчих, хуулах хэсэг, зумлах, хусах өрөө, арьс, ширэнд анхан шатны боловсруулалт хийх, түр хадгалах өрөө, гэдэс, дотор эрхтэн гаргах хэсэг, үзлэг хийх хэсэг, боловсруулах өрөө, гулууз маханд үзлэг хийх хэсэг, хөргөх, хөлдөөх, хадгалах өрөөнүүд, ачилтын хэсэг, хүнсний бус түүхий эд бүтээгдэхүүн түр хадгалах өрөө, сэжигтэй мах, дотор эрхтэн түр саатуулах, хадгалах өрөө (хэсэг), малын гаралтай хаягдал түр хадгалах өрөө, ажлын багаж, сав хэрэгсэл, зөөврийн тоног төхөөрөмжийг угаах, халдваргүйтгэх өрөө, эсхүл хэсэг, цэвэрлэгээ халдваргүйтгэлийн болон химийн бодис хадгалах өрөө, эсхүл шүүгээ, дотоод хяналтын лаборатори, ажиллагсдын хоолны газар, ажиллагсдын хувцас солих өрөө, хувцас, хэрэгсэл угаах өрөө, ариун цэврийн өрөө (хэсэг)-тэй байх;
4.1.3.малыг үйлдвэрийн мал баазад хүлээн авч эрүүл мэндийн хяналт, үзлэг, шинжилгээнд хамруулан амрааж сойсон байх;
4.15.1.мах, махан бүтээгдэхүүнтэй шууд хүрэлцэх хүнсний зориулалтын сав, баглаа боодлын материалыг шаардлагын дагуу хадгалж, зөвхөн үйлдвэрлэлд хэрэглэхийн өмнө тээврийн сав, баглааг халдваргүйжүүлсний дараа задлах;
6.4.Ажиллагсдын эрүүл мэнд, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага:
6.4.1.шинээр ажилд орох ажиллагсад сүрьеэ, арьсны халдварт өвчний үзлэг, цээжний рентген зураг, хамар залгиурын арчдас, нян тээгч, цагаан хорхой илрүүлэх шинжилгээнд бүрэн хамрагдаж, эрүүл болох нь тогтоогдож, цаашид 6 сар тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагддаг байх;
9.1.1.төхөөрөх үйлдвэр нь хүлээн авсан бэлтгэлийн мал, нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн махны ул мөрийг энэ техникийн зохицуулалтын 8.3-т заасан зааврын дагуу бүртгэсэн байх ба мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн санд дамжуулдаг байх;
11.1.Мал, амьтны эрүүл мэндийн болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцсан чиг үүргийн хүрээнд энэ техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавина.
Энэхүү техникийн үзүүлэлт хэрэгжихгүй байгаагийн нэг жишээ нь зах худалдааны төвүүдийн зах замбараагүй худалдаа. Сүүлийн үед эрчимтэй байгуулагдаж буй малчид мах худалдах газрууд ч үүнд тух их хамааралтай. Махаа ченжээр дамжуулахгүй, өөрсдөө хямд үнээр худалдаж байгаа нь санаачилгын хувьд сайн. Олон нийтийн дэмжлэгийг авахаас ч аргагүй. Гэхдээ эрүүл ахуйн шаардлага хийгээд техникийн үзүүлэлтийг хангахгүй байгаа нь л асуудал болж байна. Малаа гар аргаар бус үйлдвэрийн аргаар төхөөрч, шаардлага хангасан унаа тэргээр тээвэрлэж нийтэд худалдан борлуулбал тунчиг туршлага болох үлгэр жишээ ажил болно. Үүний тулд орон нутагт мал төхөөрөх, хадгалах цех байгуулах нь техникийн үзүүлэлтийг хэрэглээнд нэвтрүүлэхэд чухал алхам болно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

АДАПТ төслийн техникийн мэргэжилтэн П.Ганхуяг

Үйлдвэрийн аргаар мал төхөөрөх шаардлага малчид, хоршоодын түвшинд орхигдож байна. Тиймээс мал төхөөрөх жижиг цехийг орон нутгуудад байгуулах шаардлагатай. Төр засаг, яамтай хамтраад байгуулах хэрэгтэй. Ингэж байж л техникийн зохицуулалтыг нийтээр мөрдүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд дөхнө.
Тэгвэл одоо эрүүл эко монгол махаа бэлтгэхдээ л эрүүл бус болгодог гар аргыг халж, жишиг туршлагыг нэвтрүүлсэн нэгэн хоршоог энд онцолъё. Тэд мал төхөөрч, мах боловсруулах цех байгуулж, жилийн дөрвөн улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ашиг шимийг нь хүртэж байна.

ҮЛГЭР ЖИШЭЭ ТУРШЛАГА


Энэ үлгэр жишээ хоршоо бол Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Бат бэх найрамдал”. Хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэх, худалдан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мал, мах, ноос, ноолуур, арьс худалдан авч борлуулдаг гэсэн үг. Тус хоршоо анх 2012 онд 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бол одоогоор 60 гаруй өрх айлыг хамруулсан өнөр хошоо болжээ. Сүүлийн 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын шилдэг хоршоогоор шалгараад байна.

Тус хоршооны мал төхөөрөх цех нь өдөрт 200 бог, 100 бод төхөөрөх хүчин чадалтай. Гар аргаар биш цахилгаан төхөөрөмжөөр төхөөрдөг болсон нь орчин үед хүний гар ажиллагаа багатай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, цаашлаад олон улсад ч мах махан бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болжээ. Тус хоршооныхон бэлтгэсэн үхрийн махаа сумынхаа сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг бол бог малын махаа Улаанбаатар хотын худалдаа,  үйлчилгээний төвүүдэд түгээдэг талаар “Бат бэх найрамдал” хоршооны дарга Г.Алтанцэцэг хэллээ.

Монгол хүний хүнсний гол бүтээгдэхүүн болох мах эрүүл ахуйн шаардлагуудыг нэн түрүүнд хангасан байх ёстой. Тиймээс аймгийн мал эмнэлгийн газар, хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдтэй байнга холбоотой байж, заавар зөвлөгөө авдаг байна. Түүнчлэн малын эмчийнхээ хяналт дор үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Хөргүүртэй ирсэн боломж


Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус хоршоо төдийгүй Түвшинширээ сумын малчдад малын гаралтай түүхий эдээ боловсруулах, худалдан борлуулахад олон төрлийн дэмжлэг үзүүлж байгааг Г.Алтанцэцэг онцолж байв. Тухайлбал, төслийн хүрээнд 20 тоннын хөргүүртэй чингэлэг өгсөн нь зөвхөн өвөлдөө малын махаа худалдан борлуулдаг малчдад ихээхэн дөрвөн улиралд худалдаалах боломжийг олгожээ.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Бат бэх найрамдал” хоршооны дарга Г.Алтанцэцэг

Өмнө нь хадгалах агуулах савгүйгээс болж жилд нэг л улиралд мах махан бүтээгдэхүүн худалдан авч, борлуулдаг байсан. Харин хөргүүртэй агуулахтай болсноор жилийн дөрвөн улиралд борлуулалт хийдэг болсон. Үүний үр дүнд хоршооны маань үйл ажиллагаа өргөжиж, ашиг орлого нэмэгдэж байна. Махны үнэ ханш уналаа гялс өгөөрэй гэх зүйлгүй, хадгалж байгаад л борлуулах зэрэг давуу тал олон  болсон.
Одоогоор мал төхөөрөх цехэд өдөрт таван эрэгтэй, хоёр эмэгтэй ажилтан ажилладаг бөгөөд хоршооны гишүүд ээлжлэн, мал төхөөрөх цехийнхээ үр шимийг хүртэж байна. Энэ талаар тус хоршооны дарга Г.Алтанцэцэг “Манай хоршооны гол зорилго гишүүдээ хөрөнгөжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх. Энэ утгаараа бид нэгдэн нийлж “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөс зээл авч энэхүү цехийг байгуулсан. Энэ цех бол биднийх шүү дээ. Манай хоршооны малчид ч өөрийн гэсэн хөрөнгөтэй боллоо гэж үзэж байгаа” гэсэн юм.

Хоршооны хувьд цаашид илүү өргөжиж, үйлдвэрлэл болох зорилго тавиад байна. Цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулдаг болохоор зорьжээ. Өөрөөр хэлбэл, махаа хөрөөдөж, вакумжуулж савлах зэргээр хэрэглээнд илүү хялбар болгох, хүнсний аюулгүй байдлын стандартад бүр илүү ойртуулах зорилго дэвшүүлсэн байна. Хэрэв ингэж чадвал бүр олон малчныг ажлын байраар хангаад боломжтой болно гэдгийг ч хоршооны дарга хэлж байлаа.

Хурга махлуулж эдийн засгаа сэргээх боломж


Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаж буй хүмүүс бол малчид. Өнгөрсөн 2023-2024 оны зуднаар гэхэд улсын хэмжээнд 9.3 сая толгой мал зүй бусаар хорогдсон гэдэг тооцоо бий. Тэр дундаа Сүхбаатар аймгийн хэмжээнд малын 50-60 хувь нь хорогдсон байдаг.

Энэ зуднаас хойш Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малчид малынхаа тоо толгойнд бус чанарт илүүтэй анхаардаг болж байгаа талаар “Бат бэх найрамдал” хоршооныхон хэлж байсан юм. Жишээлбэл, малчид хонио нас бие гүйцтэл нь маллахгүйгээр хурганд нь борлуулах боломжтой талаар мэдлэг, ойлголттой болжээ.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Бат бэх найрамдал” хоршооны дарга Г.Алтанцэцэг

АДАПТ төслтийн хүрээнд манай сумын хэд хэдэн малчин айл хурганд нь махлах боломжийг туршиж үзсэн юм билээ. Тэгээд амжилттай болсон гэсэн. Улмаар бусад малчид маань ч энэ чиглэлд анхаарч, хургаа борлуулж эхэлсэн байдлыг харахад төслийн нөлөө гэж харж байна. Энэ жил манай ихэнх малчин эр хургаа борлуулсан. Ер нь төсөл хэрэгжсэнээр малчид малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах мэдлэг ойлголттой болсон.
АДАПТ төслийн хүрээнд Хурга махлуулж, өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах загварыг төсөл хэрэгжиж байгаа Дорнод, Завхан, Ховд, Сүхбаатар аймгийн сумдад хэрэгжүүлсэн. Уг дөрвөн аймгийн найман суманд нутгийн үүлдрээр малын цөм сүргийг бий болгожээ. Тус загвар төслийг хэрэгжүүлсэн сум нь Түвшинширээ юм.

Энэ сумын малчид энэ загвараар хургаа махлуулж, борлуулсан нь энэ.  Үр дүнд нь хурга эм хонины дайтай буюу багадаа 18 кг, зарим хурга 22 кг хүртэл жин татжээ. Дунджаар 20 кг гэж тооцож, 9000 төгрөгөөр борлуулахад, нэг хурга 180.000 төгрөг болно. Эдийн засгийн хувьд энэ хэмжээний үр дүн өгөх бол малчдад хамгийн их тулгамдаад байгаа бэлчээрийн даацын асуудлыг ч шийдэх боломжтойг уг төсөл малчдад ойлгуулжээ.

АДАПТ төслийн Хурга махлуулж, өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах загварыг төсөл нь хургыг 5-6 сарын хугацаанд эрчимтэй өсгөж, 6-7 сар болтол бойжуулан, 40-50 килограмм хүргэж, хүнсэнд нийлүүлэх боломжтойг судалгааны явцад тодорхойлсон байна. Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад хүмүүс хурдацтай хотжиж байна. Тиймээс заавал нас гүйцсэн, өөх тос ихтэй, холестерины агууламж өндөртэй мах хэрэглэх татгалзах болсон. Харин уургийн агууламж өндөр, шүүслэг, зөөлөн мах хэрэглэх хэрэгцээ шаардлага бий. Тиймээс эрүүл мэнд, хэрэгцээ шаардлага талаасаа ч эрэлтэд нийцэж байгаа юм.

Нөгөө талд малчдын хувьд нэг хонийг хурганаас эхлээд ууцны хонь болгоход 4-5 жил хариулга, маллагаа хийдэг. Энэ хэрээр маллагааны зардал нэмэгдэж, тэр хэмжээний бэлчээр ашиглана. Харин хурганд нь борлуулснаар бэлчээрээ хамгаалж, эдийн засгаа ч өсгөх боломжтой болохыг уг судалгаагаар тодорхойлсон байна.

“Бат бэх найрамдал” хоршоо малын гаралтай бүтээгдэхүүн бүрийг худалдан, борлуулж, ашиг шимийг нь хүртэхээр зорьж байна. Түүний нэг нь хонины ноосоо малчдаас авч Хэнтий аймаг дахь үйлдвэрт нийлүүлдэг. Харин ямааны ноолуураа “Говь” компанид нийлүүлдэг аж. “Бат бэх найрамдал” хоршооны дарга Г.Алтанцэцэг “Манай ноолуурыг чанартай сайн гээд ам сайтай авдаг учир урамтай байдаг. Манайх хоршооны гишүүдийнхээ болон сумынхаа малчдын ноолуурыг авч, нийлүүлдэг. Нэг талаараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа юм. Нөгөө талаараа бидэнд санхүүгийн хувьд баталгаатай, эрсдэлгүй. Өнгөрсөн хавар 18 тонн ноолуур нийлүүлсэн. Түүнчлэн зөвхөн төр засгаас дэмжлэг туслалцаа хүсэхээс илүүтэй малчид маань нэг нэгэндээ итгэж, нэгдэн нийлэх нь хоршооны хувьд чухал. Нэг үгээр бол хоршоо гэдэг итгэл дээр оршин тогтнодог. Тиймээс ч хоршооны гишүүд маань хамтарч, дэмжиж ажиллаж байна” гэв.

Малчид хоршоолж нэгдэн, чанар стандартын дагуу мах бэлтгэн борлуулж, шинэ арга туршлага нэвтрүүлж, хөдөлмөрөө хөнгөвчилж, амьдрал ахуйгаа сайжруулж, ашиг шим хүртэж байгаа сайн жишээг энд онцоллоо. Өнгөрсөн хугацаанд төр засаг, төслийн дэмжлэгээр орон даяар байгуулагдсан олон хоршоо бий. Тэд ч бас энэ хоршооны үйл ажиллагаанаас үлгэрлэж, малын гаралтай түүхий эдээ нэмүү өртөг шингээн, хүртэх ашиг шимээ нэмэгдүүлж болох шүү дээ. Энэ чиглэлд төр засгаас ч анхаарах шаардлагатай байна.

Хяналтыг сайжруулъя


Өвлийн сар эхэлж, өнөө маргаашгүй идшээ бэлтгэхээр зэхэж буй энэ үед иргэд ч мах худалдан борлуулагчид шаардлага тавьж суръя. Хувь хүн хүнсээ хэрхэн бэлтгэх нь өөрсдийн дур. Харин бусдад, нийтэд зориулан худалдан борлуулах гэж байгаа бол хуулийн шаардлага хангах л ёстой. Эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасныг батлах бичиг баримттай эсэх, хэрхэн төхөөрч боловсруулсныг лавлаж, эрүүл мэндийнхээ төлөө наймаачдад ч үг хэлдэг байя. Нэг иргэн цаашлаад нийгмээрээ эрүүл хүнс хэрэглэх эхлэл болно. Нөгөө талд хууль, хүчин төгөлдөр үйлчилж байгаа техникийн үзүүлэлтүүдийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих төрийн ажлыг ч эрчимжүүлэх нэн шаардлагатай байгааг албаныханд нийтлэлээрээ дайя.

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.