МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамиртай төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн асуудлаар ярилцлаа.
-Багш, эмч нарын цалинг энэ оны нэгдүгээр сараас нэмэгдүүлэхээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Засгийн газартай гурван талт хэлэлцээр хийсэн. Гэвч бодит байдал дээр гарт олгох цалин нэмэгдсэнгүй гэдгийг эмч, багш нар хэлж байна. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд боловсрол, эрүүл мэндийн салбарынхан нэлээн өргөн хүрээний тэмцэл, хөдөлгөөн өрнүүлсэн. Үүний үр дүнд манай боловсрол, эрүүл мэндийн салбарын гишүүн байгууллагууд Засгийн газартай хэлэлцээрт орсон байгаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс боловсролын салбарын үндсэн цалинг 50 хувиар, эрүүл мэндийн салбарын үндсэн цалинг 30 хувиар нэмэхээр хэлэлцээрт хүрсэн. Гэвч гишүүдээс ирж байгаа мэдээллээс харахад нөхцөл байдал их ялгаатай байна. Энэ хоёр салбарын үндсэн цалин нэмэгдсэн. Харин зарим нэмэгдэл хөлс, нөхөх олговруудыг хассан байна.
Нэмэгдэхүүний байрлалыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг нөхцөл байдалд ороод байна.
-Ямар үндэслэл, журмаар нэмэгдлүүдийг хасаж байгаа юм бол?
-Төрийн албаны хуулиар төрийн албан хаагчийн үндсэн цалингийн хэмжээг Засгийн газар тогтоодог. Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг 2024 онд Засгийн газар шинэчилсэн байдаг. Үүнээс гадна сайдын тушаалаар баталсан цалингийн сүлжээ бий. Энэ дагуу үндсэн цалингаа шинэчилсэн цалингийн сүлжээгээр олгож байгаа боловч нэмэгдэл хөлс, урамшууллаа өмнөх бага дүнгээр бодож олгоод байгаа.
Боловсролын салбарт түлхүү ажиглагдаж байгаа нь ур чадварын нэмэгдэл, хоол унааны нөхөх олговруудыг хассан байна. Ур чадварын нэмэгдэл 25 хүртэлх хувь байдаг. Хоол, унааны нэмэгдэл нь тодорхой тариф үнэлгээтэй. Эдгээр нь нэмэгдлүүд хасагдахаар 50 хувийн нэмэгдэл нь бидний хүлээсэн үр дүнд огт хүрэхгүй байна.
-Боловсролын яамнаас багш нарыг 1.9-4.7 сая хүртэлх цалин авах боломжтой болсон гэж мэдээлсэн. Ийм боломж ер нь байгаа юм уу?
-Боловсролын болон эрүүл мэндийн ажилтны цалингийн хэмжээг шууд хэлэхэд төвөгтэй. Олон жил ажилласан, анги даасан эсэх, мэргэжлийн зэрэг, дэв гэх мэт маш олон нэмэгдэл байдаг. Ерөнхийдөө шинэ залуу багш нарын цалин бол нэмэгдсэн. Харин олон нэмэгдэл авдаг багш нарын хувьд хоол, унааны нөхөх олговор нь хасагдчихаар бодит орлогын өсөлт биш болчихож байгаа юм.
-Гурван талт хэлэлцээрт нэмэгдэл, нөхөх олговрыг хэрхэн зохицуулах талаар тусгасан уу?
-Эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж тооцоолж, салбар үйлдвэрчний холбоод хэлэлцээрт тодорхой заалтууд оруулсан. Энэ хэлэлцээр нь зөвхөн үндсэн цалин нэмэгдүүлэх хэлэлцээр байна, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулалд тодорхой өөрчлөлт оруулах бол талууд заавал зөвшилцөнө нь гэсэн заалт оруулсан. Тиймээс цалин хөлсний нэмэгдлийг хангалттай хэмжээнд олгохгүй бол бид хэлэлцээрийн энэ зүйл заалт, Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонирхлын маргаан үүсгэнэ гэсэн үг.
Сонирхлын маргаан нь тодорхой үйл явцын дагуу явж, эцсийн арга хэмжээ нь ажил хаялт руу дахиж чиглэж болзошгүй.
-Цомхотгол хийж байна гэдэг асуудал ч яригдаж байна. Энэ талаар мэдээллүүд ирж байна уу?
-2025 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдыг есөн хувиар цомхотгох албан даалгавар, чиглэлүүд гарсан. Тухайн үед үйлдвэрчний эвлэлүүд шаардлага тавьж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга энгийн албан хаагчдыг цомхотгохгүй гэдэг амлалтыг өгч байсан. Харамсалтай нь бидэнд ирж байгаа мэдээллээр нилээн олон салбарт энгийн албан хаагчдыг цомхотгож байгаа нь тодорхой боллоо. Он гарсаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой албан байгууллагуудын төсвийг хуваарилахдаа цалингийн зардлыг багасгасан дүнгээр ирүүлсэн байсан. Үүнээс болж маш сонин нөхцөл байдал үүсэж байгаа. Хэрэв төрийн байгууллагууд орон тооны цомхотгол хийхтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр бол үүнийг албан хаагчдад мэдэгдэх ёстой. Хэдийгээр мэдэгдлүүд ирээгүй боловч цалинг нь бууруулаад оруулж ирсэн. Тэгэхээр хууль тогтоомжийн бус хэлбэрээр цомхотгол хийж байна гэж хэлж болохоор байна.
-Энгийн албан хаагчдыг цомхотгож байна гэлээ. Яг аль салбарын алба хаагчдыг цомхотгож байна вэ. Үүнээс ямар эрсдэл үүсэх вэ?
-Тухайлбал, орон нутаг, сумдын соёл урлагийн байгууллага цөөхөн ажилтан, албан хаагчтай. Түүнээс есөн хувийг нь цомхотговол маш төвөгтэй нөхцөл байдал үүснэ. Зарим байгууллагуудад Хөдөлмөрийн тухай хуульд заасан хэмжээгээр бөөнөөр халах процесс явагдаж байна. Энэ тохиолдолд ажил олгогч нь ажилтныхаа төлөөлөл эсвэл үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөх хуулийн заалт бий. Харамсалтай нь хуулийн энэ заалт хангагдахгүй байна. Орон тооны цомхотголтой холбоотой холбогдох шаардлагуудыг УИХ, Засгийн газарт хүргүүлээд байгаа. Хэрэв орон тооны цомхотголыг хууль бус аргаар хийвэл хөдөлмөрийн эрхийн маргаан үүснэ гэсэн үг.
Үүнтэй холбоотой манай хуульч, өмгөөлөгчдийн багт орон нутгийн соёл урлагийн салбараас өргөдөл, гомдол их ирж байна.
Манай соёл урлаг болон төрийн захиргааны ажилтан албан хаагчдыг харьяалдаг Ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний холбоо Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай салбарын хэлэлцээ эхлүүлсэн. Хэлэлцээрийн явцад салбарын ажилтан албан хаагчдын цалин хөлс, ажлын байрны баталгаатай холбоотой асуудлууд хөндөгдөнө. Ер нь аливаа байгууллага орон тооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, ажлын байрны давхардлыг шаардлагатай бол арилгах нь зүйн хэрэг. Гэхдээ үүнийг нэгдүгээрт, хууль тогтоомжийн дагуу хийх ёстой. Хоёрдугаарт, орон тооны цомхотголд өртөж байгаа ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудыг ярьж, тэтгэмжүүдийг олгох ёстой. Нөгөө талдаа Монгол Улс ажилгүйдлийн төвшин өндөр байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Магадгүй цомхотгож байгаа ажилтнуудыг хөдөлмөр эхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамруулах, өөр ажлын байранд шилжүүлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Харамсалтай нь хэтэрхий модон байдлаар шийдэж, есөн хувь гэдэг тоог бүх аж ахуйн нэгжид тулгаж байна.
-Эмнэлгийн ажилтнуудыг цомхотгож байна гэсэн мэдээллүүд байсан. Энэ талаар гомдол, мэдээлэл ирсэн үү?
-Засгийн газраас бидэнд эхэндээ энгийн ажилтнуудыг хамруулахгүй гэж байсан. Үүний дараа багш, эмч нарыг цомхотгохгүй гэсэн байна лээ. Гэвч боловсрол, эрүүл мэндийн байгууллагад зөвхөн эмч, багш нар ажиллахгүй. Хэдий мундаг эмч нартай байсан ч алслагдсан бүс, хөдөө орон нутагт түргэний жолоочгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж үзүүлэх вэ. Хэвэр түргэний жолооч нарыг цомхотговол эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд доголдол үүснэ. Өлгүүрийн ажилтнаа халчихвал эмч нар нь ажиллах уу. Гэх мэтчилэн эрсдэлүүд гарч байна. Ер нь эрүүл мэндийн байгууллагуудад туслах чанарын ажилтнуудыг цомхотгож байна гэсэн мэдээллүүд ирсэн. Бусад салбаруудад ч мөн үйлчилгээний ажилтнуудыг түлхүү хамруулж байгаа.
-Ажил хаялт зарлая гэдэг асуудлыг ч хөндөж байх шиг байна. Ер нь ажил хаялт хийе гэдэг санал гомдол ирж байна уу?
-Гишүүдээс маш их гомдол, шаардлагууд ирж байгаа. Орон нутгийн бүх үйлдвэрчний эвлэл, холбоод руу гомдол ирсээр байна. Үйлдвэрчний эвлэл гэдэг гишүүдийн төлөөллийн байгууллага. Тэгэхээр гишүүдийнхээ хэрэгцээ, шаардлагад үндэслэж, хуулийн хэмжээнд арга хэмжээ авна. Гэхдээ ажил хаялт гэдэг өнөөдөр шийдээд маргааш хийдэг зүйл биш. Процессын хувьд нарийн дэгтэй. Бид шаардлагатай арга хэмжээнүүдээ аваад явна. Бидний зорилго ажил хаялт биш. Тиймээс ажил хаялтаас өмнө асуудлууд цэгцрэх болов уу гэж итгэж байна. Холбогдох бүх талуудад шаардлага хүргүүлж, уулзалтууд хийж байгаа. Сая Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурал болсон. Энэ хурлаар асуудлуудаа ярилцсан. УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн байгаа.
Нэг талдаа төсөв нь батлагдаад, төр нь цалин нэмэгдсэн гэж яриад байдаг. Гэтэл нөгөө талдаа ажилчид цалин нэмэгдээгүй гэж яриад байна. Тиймээс УИХ-аар сонсгол хийж, нэг талд нь гаргах хэрэгтэй болов уу. Ойлголтын хувьд ч зөрүүтэй байдал үүсэж, нийгмийг талцуулж байна. Тиймээс бид нэгэнт байгуулсан хэлэлцээрийнхээ хэрэгжилтийг хангуулах бүх талын арга хэмжээг авна.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын цалин хөлс огт олгогдохгүй, дутуу байгаа асуудал бас яригдаж байсан. Энэ талаар мэдээлэл ирэв үү?
-Зарим нэг аж ахуйн нэгжийн хувьд цалин хөлс огт олгогдохгүй байна гэдэг асуудал гарч байна. Өнгөрсөн оны сүүлчээр төсөв тасралттай холбоотойгоор төвөгтэй нөхцөл үүссэн болов уу. Тухайлбал, авто замын салбарт төсөв тавигдаагүйгээс болж байгууллагууд цалингаа тавьж чадахгүй байгаа тухай асуудал хөндөгдөж байна. Манай салбар үйлдвэрчний эвлэлүүд ажиллаж байгаа. Ерөнхийдөө цалин хөлс нь олгогдож байгаа юм байна гэдэг ойлголттой байгаа.
















