Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч, төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо (МХНХ) гишүүн 10 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.

Ингэхдээ тэдгээр компанийн удирдлага, хүнсний аюулгүй байдал, чанарын албаны дарга, хөдөдмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хүний нөөцийн менежерүүдтэй биечлэн уулзалт хийж, сургалт зохион байгуулан, компани дотоод үйл ажиллагаандаа хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ (ХЭЭТШ)-г хэрхэн хийх арга зүйн заавар өгч ажилласан байна. Мөн ХЭЭТШ-г компани тус бүртэй хамтран хийж, үнэлгээний үр дүнд тулгуурлан цаашид  сайжруулах зөвлөмжийг тайлан болгон хүргүүлсэн аж.

ХЭЭТШ хийсэн 10 компанийн үнэлгээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэлтийн нийцэл хамгийн өндөр байжээ. Үнэлгээ хийлгэсэн зарим компани болон МХНХ-ны төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.

“Компаниуд хүрээлэн буй орчин, нийгэм, олон нийтэд эерэгээр нөлөөлөхийг эрмэлзэж эхэлсэн байна”

МХНХ-ны Хүний эрхийн зөвлөх Ж.Ариунзул:

-Бизнесийн байгууллага зөвхөн өндөр ашиг олоход чиглэдэг уламжлалт ойлголт ард хоцорч, урт хугацаанд нэр хүндтэй оршин тогтнох, ажилтнууддаа ээлтэй, ёс зүйтэй, хүрээлэн буй орчин, нийгэм, олон нийтэд эерэгээр нөлөөлөхийг эрмэлзэж эхэлсэн байна. Энэ ч үүднээс хүнсний салбарын олон байгууллага хүний эрхийг хүндэтгэх үүргээ бүрэн хэрэгжүүлэхээ илэрхийлж хандсанаас 10-ыг нь сонгон хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.

Байгууллага хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөлийг илрүүлэх, урьдчилан сэргийлж бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх механзимыг тодорхойлон, баримт бичигтээ тусгаснаар хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үүрэг хангагдах боломжтой тул хүний эрхийн бодлогыг тодорхойлж, баримт бичигтэй болох шаардлагатай нь харагдаж байсан. Мөн зөвхөн байгууллага дотроо хүний эрхийг хүндэтгэн ажиллахаас гадна ханган нийлүүлэлтийн сүлжээ, болон бусад оролцогч талдаа хүний эрхийг хүндэтгэхийг сурталчилж, хамтран ажиллах талаар гэрээндээ тусгах, мэдээлэхэд анхаарах нь зүйтэй байна. Хүнсний байгууллагуудын хувьд Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг маш сайн хангаж ажилладаг нь ХЭЭТШ-ний үр дүнгээс харагдсан. Мөн Монгол Улсын болон олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа нь ажилтан болон хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх чухал үүргээ биелүүлж байгаагийн тод жишээ юм.

“Дотооддоо тогтмол ХЭЭТШ хийхээр төлөвлөж байна”

“MCS кока кола” ХХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Хажидсүрэн:

-Манай компани хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлгэснээр өмнө нь илрүүлж байгаагүй зарим эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг бууруулах боломжит арга хэмжээнүүдийг тодорхой мэдэж авсан. Үнэлгээний үр дүнд компани нь хүний эрхтэй холбоотой бодлого, журмаа шинэчлэн сайжруулж, түүнд тулгуурлан дотооддоо хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг тогтмол хийх, илэрсэн эрсдэлүүдийг үе шаттайгаар бууруулах, сайжруулах ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Компанийн зүгээс дотоод бодлого, журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх зэрэг хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо сайжруулахад чиглэсэн ажил төлөвлөсөн. Манай компанийн хүний эрхийн магадлан шинжилгээгээр зөвлөхөөс бага зэргийн сайжруулалтын зөвлөмжүүдийг ирүүлсэн, бид  хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж баталсан одооноос хэрэгжүүлж эхлээд явж байна.

“Ажилчдын эрх, үүргийн талаарх мэдээллийг тасралтгүй хүргэх нь чухал”

“Өгөөмж Архад” ХХК-ийн Үйлдвэр, технологийн албаны дарга Б.Аюурзана:

-Ажилчид ямар эрх эдлэх ёстой, түүний зэрэгцээ ямар үүрэг хүлээх вэ гэдгийг хамт олондоо сайтар ойлгуулахын тулд энэ талаарх мэдээллийг тасралтгүй хүргэх нь чухал юм байна. Жишээ нь, албан тушаалын тодорхойлолтод бүх нийтийн арга хэмжээний талаар тусгадаггүй. Зөвхөн тухайн ажилтны үндсэн чиг үүргийг нь л тодорхойлдог. Үүнээс мэдээллийн зөрүүтэй байдал үүсэж, тухайн ажилтан сэтгэл дундуур үлдэж болзошгүй. Тухайлбал, нийтийн гудамж, талбайг цэвэрлэх шаардлага гардаг. Үүнд хамт олноороо, ажилчид бүгдээрээ оролцохыг шаарддаг. Гэтэл албан тушаалын тодорхойлолтод энэ талаарх ямар ч мэдээлэл, ойлголт оруулдаггүй. Уг нь үүнийг ажилтан нэг бүр анхнаасаа мэддэг байх ёстой. Тухайн хүн албан тушаалын тодорхойлолттойгоо танилцаад, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж буй нь түүнийг хүлээн зөвшөөрч буй хэрэг. Улмаар цаашдаа эрх нь зөрчигдөхөөс сэргийлж чадна.

"Хүний эрх зөрчих магадлалтай хэд хэдэн эрсдэл илрүүлсэн"

“МОНОС ХҮНС” ХК-ийн хүний нөөцийн менежер О.Өсөхбүүвэй:

-Манай компани хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэснээр хүний эрх зөрчих магадлалтай хэд хэдэн эрсдэл илрүүлсэн. Тухайлбал, ажилтнуудын хүний эрхийн талаарх ойлголт сул, энэ талаарх бодлогын баримт бичиг, санал, гомдол хүлээн авах, шийдвэрлэх үйл явц тодорхойгүй байсан нь анхаарал татсан. ХЭЭТШ-ний үнэлгээнд үндэслэн ирүүлсэн зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн харилцааг зохицуулсан дотоод журам, бодлогын баримт бичгүүдээ шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Ирэх онд багтаан нийт ажилчдадаа хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголт олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Цаашлаад санал, гомдол хүлээн авах, шийдвэрлэх үйл явцыг тодорхой, нээлттэй болгох ажлыг эхлүүлээд буй. Ер нь хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн компанийн үүрэг, хариуцлага гэж харалгүй, оролцогч таллууд бүгд хамтарч ажиллах нь илүү үр дүнтэйг ойлгосон учраас үүний дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Ханган нийлүүлэгчидтэй байгуулах гэрээнд хүний эрхийн нэмэлтүүд оруулна”

“АНУ БОЛОР” ХХК-ийн технологич И.Хандмаа:

-Манай компани энэ оны зургадугаар сард хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлгэхэд ажлын байранд баримтлах хүний эрх, түүнтэй холбогдох асуудлуудыг компанийн дотоод журам, бусад баримт бичигт тодорхой заагаагүй байсан. Мөн хүний эрхийг хамгаалах чиглэлээрх сургалт, төлөвлөгөө байгаагүй. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, бага насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийн зохицуулалт, хүүхдийн ба өндөр настны нийгмийн асуудлын талаар ажилчид тодорхой ойлголтгүй байлаа. Бас ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд хүний эрхийг хүндэтгэх, харилцаа, хандлагын талаар ойлголт өгөх шаардлагатай нь илэрсэн.

Ингээд үнэлгээний үр дүнд манай байгууллага жендерийн тэгш эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажиллах тав тухтай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр тогтмол заавар, зөвлөгөө өгч байна. Тухайлбал, ажилчдын унааг өглөө, оройд тогтмол ажиллуулах, ажилчдыг хувийн эд зүйлсээ хадгалах шүүгээ, хувийн орон зайд нь халдсан байрлалд камер суурилуулаагүй гэх мэт арга хэмжээг тогтмол авч байна. Цаашлаад дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон холбогдох бусад баримт бичигт засвар, нэмэлт оруулан, хүний эрхийг хүндэтгэх, ажлын байранд бүх талын ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт байлгахгүй, хүүхэд болон өндөр настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны хөдөлмөр эрхлэлтийн талаарх зүйл, заалтуудыг тусгаад байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах санамжуудыг ч шинэчилсэн. Цаашид дээр дурдсан чиглэлүүдээр төлөвлөгөө гарган, түүний дагуу хийх ажилд зарцуулах төсөв батлуулж, ханган нийлүүлэгчидтэй байгуулах гэрээнд хүний эрхийн нэмэлт заалтууд оруулахаар ажиллаж байна. Мөн хэрэглэгчээс санал, хүсэлт, шүүмж хүлээн авах, бүртгэл хөтлөн, тэдэнд хариу мэдээлэл өгөн, авлигаас ангид ажиллах арга хэмжээ авахаар төлөвлөлөө.

“Хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх чухал суурь бий болсон”

“Витафит Милк” ХХК-ийн Хүний нөөцийн захирал Болормаа:

"Витафит Милк” ХХК нь хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээнд хамрагдсанаар байгууллагын үйл ажиллагаа, засаглал, хөдөлмөр, жендер, ХАБЭА, ханган нийлүүлэлт, олон нийт, авлигын эрсдэл зэрэг найман чиглэлээр хүний эрхэд нөлөөлөх боломжит эрсдэлүүдийг системтэй илрүүлж, бодит байдлаа тодорхойлох боломж бүрдсэн. Ингэснээр хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мөн компанийн засаглал, дотоод баримт бичгийн менежментийг тодорхойлсноос гадна компанийн нэр хүнд, нийгмийн хариуцлага, хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх урт хугацааны чухал суурь бий болсон гэж харж байна.

МХНХ-ноос өгсөн зөвлөмжийн хүрээнд дараах ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Гол ажлуудаас дурдвал, хүний эрхийн зарчимд нийцүүлэн хүний эрхийн бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, жендерийн тэгш байдлын бодлого болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх зохицуулалтыг баримт бичигтээ тусгах, хүний эрхийн ойлголтыг сургалтын хөтөлбөрт оруулах зэргийг нэрлэж болно. Мөн ISO, ХАБЭА, чанарын удирдлагын тогтолцоог хүний эрхийн үзэл баримтлалтай уялдуулан, компанийн хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг ажилтнуудын түвшинд нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.