Олон улсын тавцанд Монгол хэмээх тусгаар улс, өндөр дээд нэр хүнийг Хятадын иргэн төлөөлөөд явж буйд монголчууд туйлын эмзэглэлээ. Эмзэглэхээс ч өөр яалтай. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын нэрийн өмнөөс өөр орны иргэн туг далбааг нь өргөж явна гэдэг эмзэглээд зогсохгүй дэндүү эмгэнэлтэй, эрсдэлтэй зүйл. Энэ бол зөвхөн Хятад улсаас гаралтай 24 настай мисс эмэгтэйн асуудал биш.

Эх орон, тусгаар тогтнолыг нь үгүйсгэж, доромжилж, өдөөн хатгаж буйтай агаар нэг юм. Гол нь хэний зөвшөөрлөөр, хаанаас Монгол Улсын нэрийн ийн “зээлж” явна вэ гэдгийг заавал шалгаж эцсийг нь үзэх ёстой.

Тайланд улсад болж буй "Miss Grand International 2026" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Chinа Mongolia" хэмээн дэлхийгээр дүүрэн зарлаад явж буй Amber Yuhan гэх Хятад эмэгтэй гарч ирэхтэй зэрэгцэн манай улсын моделиуд маш шуурхай байр сууриа илэрхийлж төрийн байгууллагад хандлаа. Үүний мөрөөр хэвлэл мэдээлэл, олон нийт ч шахаж шаардсаны хүчинд өчигдөрхөн “юу ч мэдэхгүй” гээд зогсож байсан Соёлын яам, Гадаад харилцааны яамнаас “Тодруулж байна” гэдэг үг сонслоо.

Угтаа Тайландын хаант улсын нийслэл Бангкок хотод Монгол Улсын Элчин сайдын яам үйл ажиллагаа эрхэлж бий. Энэ байгууллагын хариуцдаг нутаг дэвсгэрт дэлхийн өнцөг булан бүрээс миссүүд хүрэлцэн ирж, эх орноо сурталчилж байхад яагаад Монголыг хэн төлөөлж буйг мэдээгүй байна вэ.

Мөн Соёлын яам, Гадаад харилцааны яам ч тэр. Заавал загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн шахалт шаардлагаар хөдөлж байгаа нь гомдмоор. Тэгсэн хэрнээ яст мэлхийн хурдтай. Монголыг гадаад улсын мисс төлөөлж тэр нь дэлхийгээр нэг "Chinа Mongolia" хэмээн цуурайтаж тараад хоёр өдөр өнгөрчихөөд байхад “Хүсэлт гаргасан, түдгэлзүүлэх санал тавьсан” гэхээс хэтэрсэнгүй. Ер нь энэ бүхнээс харахад санаатайгаар Монгол Улсын бүрэн эрх, эрх чөлөөнд халдаж, албаар өдөөн хатгаж буй мэт. Нэг талдаа Монголчууд дээр, дооргүй эд мөнгө, эрх мэдлийн шуналаасаа болж эв нэгдлээ алдаж “эзэнгүй” байгаагийн илэрхийлэл ч гэмээр. Тэмцээний франчайз эрхийг хэн нэгэн харийн агентлагт худалдсан эсэх, Соёлын салбар, гадаад яам төр засаг нь олон улсын тавцанд улсынхаа нэрийг хэн, хэрхэн авч явж байгаад хяналт тавьж чадаагүй тэр "эв нэгдэлгүй, хариуцлагагүй байдал" Монгол Улсыг "эзэнгүй" болсныг бэлхнээ харуулж байна.

Бид яахав, тэр миссийг тэмцээний дундаас нь түдгэлзүүллээ гэхэд бусад орны  хэчнээн иргэн "Chinа Mongolia" гэсэн ойлголттой үлдэх бол. Үндсэндээ харь тухайн тэмцээн зохион байгуулагчдаар уучлал гуйлгаж өвдөг сөгдүүлээд ч хүн болгонд бүрэн залруулж чадах уу. Улс орны нэр хүндээ “цэвэрлэж” чадах болов уу гэдэг туйлын эргэлзээтэй.

Энэхүү үйл явдлын талаар:

Гадаад харилцааны яам "Хятад улсын иргэн Монгол Улсыг төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож буй асуудалтай холбоотойгоор Соёлын яам манайд хүсэлт тавьсан. Үүний дагуу Бангкок дахь Элчин сайдын яам тэмцээнийг зохион байгуулагч талтай холбогдож, тухайн оролцогч ямар үндэслэлээр Монгол Улсыг төлөөлж буйг тодруулж байна. Мөн Монгол Улсыг төлөөлөх эрхийг түдгэлзүүлэх чиглэлээр ажиллана" гэсэн бол САЖЗЯ-ны газрын дарга Д.Наранцэцэг “Хятадын иргэн Монгол Улсын нэр, далбааг ашиглан "Miss grand international" тэмцээнд оролцож байгаа асуудлаар дипломат буюу Гадаад харилцааны яамны шугамаар  тодруулахаар Гадаад харилцааны яаманд хүсэлтээ тавьсан байна. Тухайн иргэн хэнээс ямар зөвшөөрлийн дагуу манай улсын нэрээр тэмцээнд оролцох зөвшөөрөл авсныг шалгуулна. Энэ тэмцээн өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд тухайн тэмцээнээс уг иргэнийг хасуулах саналаа ч хэлсэн байгаа” гэв.

Харин загвар өмсөгч Х.Бадамгэрэл “70-аас олон улс оролцдог энэ том тэмцээн 20 орчим хоног үргэлжилнэ. Тэр бүрийд манай улсын нэр, туг, далбааг өөр улсын иргэн ашиглаад явж болохгүй. Бид үнэт зүйлээ, эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалах ёстой

Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хүн хууль ёсны, ил тод, шалгагдсан үндэслэлтэй байх ёстой. “Mongolia” нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш. Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна" гэсэн байр суурийг илэрхийлээд буй юм. Түүнчлэн тус тэмцээнийг зохион байгуулахад 5000-20000 ам долларын хураамж төлдөг, сүүлийн жилүүдэд Монголд эрх эзэмшигч байгаагүй гэсэн мэдээллийг өгөөд буй юм.

‍