Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь нь түймэрт өртөөд буй. Тарьсан балагтаа гэмшсэн үү, хэт өндрийг авсанд бизнесийн нэр хүндээ алдах вий гэж эмээсэн үү аль нь ч бай "Мобиком Корпораци” ХХК-аас түймэр дэгдсэнээс хойш гурав хоногийн дараа мэдэгдэл гаргасан.

Хэдэн зуун га газар, хэдэн зуун ховор нандин амьтны халуун амийг зольсон хэр нь “Уучлаарай” гэх ганц үггүй хүйтэн хөндий мэдэгдэлдээ “Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно. Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээн ихэрхсэн.

“Мобиком Корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Ясүхиро Очи хэмээн хаягласан удаах мэдэгдэлдээ “Бид Хилийн цэргийн холбогдох байгууллагаас олгосон нэвтрэх зөвшөөрлийн дагуу тухайн бүсэд ажилласан. Уг зөвшөөрөл олгогдсон талаар Хил хамгаалах ерөнхий газар 2026 оны 10 сарын 13-нд нийтэлсэн” хэмээн дахин “нотлов”.

Гэтэл Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Мобиком ХХК-ийн хүмүүс дархан цаазат газар руу нэвтрэх тасалбар аваагүй. Хилийн цэргийн анги өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хилийн бүст нэвтрэх зөвшөөрлөө олгосон. Хилийн байгууллага манайд мэдэгдэх үүрэггүй” хэмээн мэдэгдсэн.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Тухайн хэрэг гарсан өдөр Дархан цаазат газарт нэвтэрсэн хүмүүс зөвшөөрөл аваагүй байсныг Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Наранбаатар мэдээлсэн. Тэд зөвхөн тухайн ангиас зөвшөөрөл авсан байсан" хэмээн Д.Наранбаатарыг яриаг бататгав. Мэдээж төрийн сайд хүн баримт, нотолгоогүй зүйлийг амнаасаа унагахгүй нь лавтай.

“Мобиком Корпораци” ХХК-ийн ажилчдыг очих үед Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар байгаагүй гэдгийг энэхүү түймрийн талаар олон нийтэд анх мэдээлсэн С.Дэлгэр гэх эмэгтэй нотолдог. Тэрээр Д.Наранбаатар нарын найман хүний бүрэлдэхүүнтэй Нөмрөгийн дархан цаазат газрын баримтат киног хийж явсан, түймрээс арайхийн амь мултарсан хэмээн цахим хуудастаа мэдэгдэж байв.

Мөн “Та нарын архидан согтуурч, ан гөрөө хийж зугаацсан хогийг чинь бидэнтэй хамт явсан байгаль хамгаалагчид  цэвэрлэсэн шүү. Онгон бүсээс хогоо ч авчих сэтгэлгүй новшнууд шүү дээ та нар. НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ газрыг ой мод, өвс ургамал, ан амьтантай нь бүр СОЁЛЗ хайрханыг тэр чигээр нь шатаачихаад ийм мэдэгдэл гаргах юм уу. Наймын найман гэрчийг яахыг нь харъя. НӨМРӨГӨӨР,  ГУРВАН ГОЛООР албан ажлаар явсан ч гэх шиг. Бүр нэг улсаар нь тоглоод сурчихсан” гэжээ.

Тэгэхээр “Мобиком Корпораци” ХХК мэдэгдэлдээ удаа дараа дурдаад буй зөвшөөрөл гэдэг нь Хилийн цэргийн ангиас олгодог л зөвшөөрөл байж.

Харин тэд Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар луу нэвтрэх зөвшөөрөл аваагүй аж.

Тэгэхээр “Мобиком Корпораци” ХХК дархан цаазат газар луу орох эрхтэй байсан мэтээр худал мэдэгдэл гаргасан болж таарлаа.