"Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог бэхжүүлэх нь" хөтөлбөрийг зарлалаа.

УИХ-аас баталсан "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө"-нд  УИХ ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах болон "олон талт түншлэлийг хөгжүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд хууль тогтоох ажиллагаанд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлнэ" гэж заасан. Энэхүү стратегийн хүрээнд Хүний эрхийн дэд хорооноос иргэний нийгэм, олон нийтийн оролцоог хангах чиглэлд тулгуурлан парламент-иргэний нийгмийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, нотолгоонд суурилсан бодлого, парламентын хяналт болон хариуцлагыг холбосон байнгын механизм бий болгоход чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлж байна.

Уг хөтөлбөр нь иргэний нийгмийн оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлгийн түвшинд бус парламентын хууль тогтоох, хяналт тавих, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх үйл явцтай уялдуулах, хүн төвтэй шийдвэр гаргахад ИНБ-уудын дэмжлэгийг тогтмолжуулах ач холбогдолтой юм. Иймд хөтөлбөрийн зорилго, чиглэлтэй санал нэгдэж буй иргэний нийгмийн байгууллагуудыг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

ЗОРИЛГО

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын үр нөлөөтэй, тогтмол оролцоог хангаж, хууль тогтоомж боловсруулах, хэлэлцэх, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх үйл явцад иргэний нийгмийн байгууллагын мэдлэг, судалгаа, нотолгоо, санал, дүгнэлтийг үр дүнтэй тусгах замаар парламент–иргэний нийгмийн хамтын ажиллагааны тогтвортой тогтолцоог туршин хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ

Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд /байршил харгалзахгүй/

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Улсын Их Хурал болон иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалт зохион байгуулах.

“Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд иргэдийн оролцооны аргачлалыг нэвтрүүлэх журам”-ын төслийн хэрэгжих боломжийг туршиж үзэх.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хууль тогтоомжийн төсөл болон бодлогын баримт бичигт хүний эрхэд суурилсан санал, дүгнэлт боловсруулах, хүргүүлэх.

Хүний эрхийг хангахтай холбоотой хяналтын сонсгол болон бусад хяналт, шалгалтын үйл ажиллагаа, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэгт оролцох, дэмжлэг үзүүлэх.

УИХ дээр байгуулагдаж байгаа ажлын хэсгүүдэд орж ажиллах.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, парламентын хяналтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, судалгаа, санал солилцож, шаардлагатай тохиолдолд холбогдох санал, зөвлөмж боловсруулах.

Хамтын ажиллагааны үр дүн, оролцооны хэрэгжилтэд үнэлгээ хийж, цаашид тогтмол хэрэгжүүлэх арга, механизмыг боловсронгуй болгох зэрэгт оролцох боломжтой юм.

‍