Төрийн ордонд өнөөдөр /2026.05.01/ Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Лэгцэгийн Баасангийн нэрэмжит "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа: Шинэ үеийн сорилт, шийдэл"- 2026” эрдэм шинжилгээнии хурал боллоо.

Дэлхий нийтээр жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг "Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Манай улсын хувьд энэ өдрийг "Майн нэгний өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжалтай байсан бөгөөд дэлхий дахины түүхэн энэ өдөртэй ажил, амьдрал нь салшгүй холбоотой нэгэн эрхэм бол Монгол Улсын гавьяат багш Л.Баасан юм. Түүнийг шүүх, прокурор, өмгөөлөгчдийн холбоо  зэрэг хууль зүйн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачид, хуульч, мэргэжилтнүүд "Хөдөлмөрийн Баасан" хэмээн олноо алдаршуулсан нь хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухаанч хуульч эрдэмтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөний баталгаа болж, олон түмний хүндлэл хүлээсэн эрхэм хүмүүн байсан юм.

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн түүхэн энэхүү өдөр "Отгонтэнгэр" их сургуулийн санаачилгаар нэрт эрдэмтэн Лэгцэгийн Баасан гавьяат багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн 2026 оны 5 дугаар сарын 1-нд өнөөдөр төрийн ордонд анхны хурлыг зохион байгууллаа.

Тус хурлыг "Отгонтэнгэр" их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, УИХ-ын Тамгын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монголын Хуульчдын холбоо, Монголын нотариатчдын танхимтай хамтран зохион байгуулж, Л.Баасан багшийн үр хүүхэд, ач, зээ нар болон төгсөгч шавь нар нь оролцлоо.

Анхны эрдэм шинжилгээний хурлаар хөдөлмөрийн маргааныг шүүхийн журмаар болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд гарч байгаа шинэлэг харилцаа, цахим хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн байдал, хөдөлмөрийн гэрээний хугацаа, түүний үр дагавар, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хиймэл оюун ухааны үзүүлэх нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрх зүйд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим шийдлийг эрэлхийлэн хэлэлцэж байна.

Эл хурал нь хөдөлмөрийн эрх зүйн онол, практикийн чиглэлээр эрдэмтэд, судлаачдын үзэл баримтлал, судалгааны үр дүнг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Цаашид Отгонтэнгэр их сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулах Лэгцэгийн Баасангийн нэрэмжит "Хөдөлмөрийн эрх зүйн онол, практик" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг цахим хэлбэрээр тогтмол нийтийн хүртээл болгох аж.