Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахад хагас жил л үлдээд буй. Сар гаруйнхны дараа он гарангуут ээлжит сонгуулийн жил эхлэх гэж байна. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тэр дахин Төрийн тэргүүнээр ажиллах боломжгүй ч түүнийг огцрохыг шаардсан хөдөлгөөнийг нийгмийн сүлжээнд хэдийн өрнүүлж, өдрөөс өдөрт өргөжиж байна. Тухайлбал, фэйсбүүк орчинд “У.Хүрэлсүх огцор” нэгдэлийг Х.Нямбаатар үүсгэж, нийтээрээ давалгаалан гудамжинд тэмцэхийг уриалах болсон. Ер нь Монголын зовлон болсон МАН-ынхны зодоонд өөрийн намынх нь “цөөнх”-ийнх зүгээс завсаргүй онилж, зайлуулахыг хүсэж байгаа хүн нь У.Хүрэлсүх.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгаад бүрмөсөн улс төрөөс явахгүй байх вий гэхээс айж байх шиг.
Нөгөө талд тэдний болгоомжлолыг батлах мэт үйл явдал өрнөж буй нь бас нууц биш. Өнгөц харвал “үдэлтийн үдэшлэг” гэмээр уулзалт, арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газраас бараг өдөр бүр зохион байгуулж байна. Үндсэндээ бүтэн жилийн турш бараг бүх салбарынхтай уулзаж, эх орноо хөндлөн гулд туулан байж хийж буй Төрийн тэргүүний эдгээр арга хэмжээ шагнал, дуу хуур, алга ташилт дүүрэн. Хийсэн, эхлүүлсэн ажлынхаа аль сайнаас нь онцолж, хөнгөн хошигнохын сацуу хатуухан үгийг харизмтай гэмээр хавчуулахад нь танхим даяараа алга нижигнүүлэх болж.
Үнэндээ Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохгүй хүний хувьд энэ мэт “тайлан тоглолт” тавихгүй байсан ч болно.
Гэвч тэр дараа жилийн зургадугаар сар хүртэл тайван налайж байгаад буух бодолгүй байгаа бололтой. Ард түмэнд таалагдах сэдэв бүрийг барьж авч Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын даргыг загнаж зандчих болов. Жишээ нь, “Байгалийн баялгийнхаа эхний хишгийг орж ирсэн тухай бүрт нь иргэдийнхээ дансанд хийх нь чухал” хэмээн “Оюутолгой” төслийн ногдол ашгийг бэлнээр нь тараа гээд битүүхэн лүндэн буулгачихлаа. Үүнээс гурав хоногийн дараа Ерөнхий сайд Н.Учралын танхимын нэр бүхий сайд нарыг өрөөндөө дуудаж, дуугаа өндөрсгөн үүрэгдсэн нь “Шатахууныг зориудаар хомсдуулж байгааг тусгай албад тогтоо, шалга” гэсэн даалгавар байв. Дан ганц даалгаад зогсохгүй дахин ард түмний нэрийг дурдаж, дээр дурдсан ногдол ашгийг бэлнээр нь тараах талаар сануулаад амжина лээ.
Хэдийгээр тэр “Би хаан болохгүй” хэмээдэг ч түүнийг Төрийн тэргүүнээр дахин тохоовол татгалзахгүй нь лав. У.Хүрэлсүх бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн ээлжит сонгуулиар сонгогдсон зургаа дахь эрхэм. Тэднээс Н.Багабанди, Ц.Элбэгдорж хоёр улиран сонгогдож, тус бүр найман жилийн турш төр тэргүүлсэн. Н.Энхбаяр, Х.Баттулга хоёрыг дахин нэр дэвшүүлэхгүй байх “дайн” нам намынх нь дотор ч, гадна ч өрнөж байлаа. Ерөөс өндөр албан тушаал, тэр дундаа монгол төрийг тэргүүлэх эрхэм дээд суудал хэн бүхнийг соронз мэт татаж, донтуулдаг гэлтэй. Өнөөгийн Ерөнхийлөгчийн зүгээс зөвхөн нэг удаа сонгогдох тухай Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгохоор чармайж байна хэмээн нэлээд хардуулсан. Үнэхээр ч ийм агуулга бүхий мэдээллийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан гэх мэтээр эргэлзээ төрүүлэх үйл явдал өрнөсний эцэст энэ бүхэн намжаад буй. Түүнийг ийм замаар хаан болгохгүйн төлөөх тэмцлийг хүний, өөрийнгүй өрнүүлсэн.
Анзаарууштай нь, энэ бүхний дараа л тэр “Би хаан болохгүй” гэж хэлсэн.
Гэхдээ түүний хаанчлах хүсэл нь хэвээрээ. Ерөнхийлөгчөөс буугаад нам, засгийн эрхийг албан ёсоор авч, тамгыг нь атгана гэсэн таамаг, бас айдас алхам алхмаар амилж байна. Өөрийн намаас нэр дэвшихээр “горилогч”-той өрсөлдөн өдөр бүр шахам хийж буй энэ олон уулзалт, уугуул намынхаа өнөөгийн удирдлагатай булаацалдан байж нэр хүнд олох гэсэн оролдлого бүр нь түүний хаанчлах хүслийг нь илчилнэ. Уг нь зургаан жилийнхээ бүрэн эрхийн төгсгөлд тэр зүгээр л юу ч хийхгүй байсаар дуусгахад тэр муу “дүн” авахгүй ч Монголын улс төрд өөр “гол дүр”-ээр зэрэгцэн орших хөрс сууриа бэлдээд завгүй.















