Засгийн газар өнөө өглөө ээлжит бусаар хуралдаж, ирэх оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөө эргүүлэн татахаар шийдвэрлэлээ. “Оюутолгой” төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос гурван их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцож, үүний хоёр их наядаар нь нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, үлдсэн хувийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар энэхүү нэг удаагийн хуулийн төсөлд тусгасан байв. Ийнхүү дээр дурдсаны дагуу нийгмийн тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр хуваарилаад, үлдсэнийг нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн нэг болох Хуримтлалын санд хуваарилахаар төлөвлөсөн юм.

Хэдийгээр төслөө өргөн барьчихсан ч “Оюутолгой”-н ногдол ашгийг юунд зарцуулахыг “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдийн саналаар шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд мэдэгдэж, “Таны мөнгө. Та бүхэн шийднэ” хэмээн хэдэнтээ тодотгож байлаа.

Тэгвэл тус санал асуулгад 95 621 хүн оролцож, 55 173 нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24 479 нь Хуримтлалын сандаа хадгална гэжээ.

Харин хөгжлийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тохиолдолд аль салбарт хөрөнгө оруулах тухай асуултад 82 077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6, нийгмийн дэд бүтцийг 49.8, аж үйлдвэрийг 22.6, тээвэр, логистикийг 9.1 хувь нь сонгосон гэнэ. Ийнхүү иргэдийн ирүүлсэн дээрх саналыг харгалзан үзэж төслөө татаж буй нь энэ аж.

Ингэснээр "ДЦС-3" ТӨХК-ийн 25 МВт хүчин чадалтай турбогенератор №5-ыг шинэчлэх, тус станцын дэргэд 300 МВт-ын “ДЦС-6” барих, гацаад байгаа “10 аймаг дулааны станц төсөл”-ийн 29 МВт, 1 дүгээр хэлхээ зэрэг асуудлыг шийдвэрлэх хөрөнгө оруулалт төсөлтэйгөө хамт татагдаж байна. Мөн “Ногоон, ухаалаг сургууль” төслийн хүрээнд 100 сургууль барих, олон улсын хөтөлбөртэй болон бүсийн төрөлжсөн ахлах сургуулийн 15 дотуур байр шинээр барихаас гадна биокомбинатын малын вакцины үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хилийн боомтуудын цахилгаан хангамж, дэд станцын өргөтгөл /Хавирга, Бургастай, Чойбалсан станц, Тамсаг станц, Эмээлт станцын өргөтгөл/, Хавирга, Бургастай боомтод 35 кВ-ын нэг хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг тус тус санхүүжүүлнэ хэмээн ногдол ашгаа нэг бүрчлэн хуваачихсан байв. Эдгээр хөрөнгө оруулалт нь Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан “есөн шийдвэр”-т нь багтсан цогц арга хэмжээ байсан юм.

Нэгэнт ногдол ашгийг Хуримтлалын санд шилжүүлвэл 2030 оноос зарцуулах боломжтой. Гэхдээ энэ нь уг сангийн хөрөнгийг таван жилийн дараа л хэрэглэнэ гэсэн хязгаар бас биш. Ашиг сонирхол нь хөндөгдвөл хэчнээн өндөр босго, шалгууртай байсан ч Үндсэн хуулиа өөрчилчихдөг улстөрчид Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан холбогдох дүрэм журамд гар хүрэх нь хялбархан ажил. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчид УИХ-ын ирэх сонгуулийн өмнөхөн буюу 2028 онтой уралдаж хуулийг нь өөрчлөөд, сонгогчдын саналыг татах арга хэмжээ авахгүй гэх газаргүй.

Ингэхдээ “Бид та бүхнээс саналыг чинь авсан шүү дээ. Ард түмэн ингэж шийдсэн. Эрчим хүчнээс авхуулаад тулгамдсан олон асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт хийе гэсэн ч иргэд зөвшөөрөөгүй” гээд ам таглах биз.

Ерөнхий сайд Н.Учрал сүр дуулиантайгаар зарласан есөн шийдвэрээсээ буцсан ч эрх баригч намын даргын хувьд айсуй сонгуулийн кампанит ажлаа “эхлүүлэхэд” хэдийн бэлэн боллоо.