Унгарын Засгийн газрын тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалсан Ш.Саранхөхөөтэй ярилцлаа. Түүний дипломын ажлын сэдвийн хүрээнд бид ярилцлаа.
-Ямар чиглэлээр магистр хамгаалсан бэ?
-Унгарын засгийн газрын тэтгэлгээр Медиа ба Харилцааны ухааны магистр хамгаалсан. Хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийн чиглэлээрх иргэний нийгэмд ажилласан туршлагатай. Энэ туршлага дээрээ суурилаад магистрт сурах чиглэлээ тодорхойлсон, түүнээс баклаврын мэргэжил маань шал өөр буюу нягтан бодох бүртгэл мэдээллийн систем байсан. Дээр дурдсанчлан Иргэний нийгмийн байгууллагуудад ажиллах явцдаа олон янзын ур чадваруудад суралцах, үзэл бодол, харах өнцгөө тэлэх боломжуудыг олгосон нь яваандаа харилцаа, тэр дундаа дүрслэхүйн харилцааг сонирхох, суралцах, хөгжүүлэхэд түлхэц болсон.
-Дипломны ажил нь ямар сэдэвтэй вэ, судалгааныхаа талаар танилцуулж болох уу?
Дипломын ажлын минь нэрийг Монгол руу шууд орчуулж буулгавал Монгол дахь төрийн бус байгууллагуудын эсрэг нэршлүүдэд хийсэн шүүмжлэлт дискурс шинжилгээ” гэсэн нэртэй дипломын ажил бичсэн. Энэхүү судалгаа нь Монгол Улсад төрийн бус байгууллагуудын эсрэг үг хэллэг, яриаг хэрхэн бүтээж, нийгэмд хэрхэн түгээгдэж буйг эрх мэдлийн харилцаа болон улс төрийн сонирхлын хүрээнд шүүмжлэлтэйгээр шинжилсэн. Судалгаанд Норман Фэйрклафын Шүүмжлэлт дискурс шинжилгээ (Critical Discourse Analysis)-ийн онолын загварыг ашиглан эдгээр дискурсийг улс төрийн реторик, төрийн мэдлийн хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээг ашиглан хэрхэн улс төрийн эрх мэдлээ хадгалахыг зорьж буйг судалсан.
Хэдий Медиа ба Харилцааны магистрт суралцаж байсан ч нийгмийн шударга ёсыг цогцлоох, иргэний орон зайг хамгаалахад хувь нэмрээ оруулах нь чухал гэж боддог учраас дипломын сэдвээ сонгохдоо ч нийгэмд өрнөж буй асуудлын үүсэл, шалтгааныг эрэлхийлэхийг зорьсон. Үр дүнд нь хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, харилцаа гээд хэд хэдэн салбар, судлагдахуунуудыг хамарч, огтлолцож байгааг дүн шинжилгээ хийж дуусах үедээ л анзаарсан.
Шинжилгээний үр дүнгээс харахад төрийн бус байгууллагууд болон тэдгээрийн дэмжигчдийг “гадны агент”, “үндэсний бүрэн эрхт байдалд заналхийлэгч” гэх мэтээр нэрлэх, дүрслэх замаар “эх орончид” ба “дайснууд” гэсэн хоёр туйлт эсрэгцэл нийгэмд системтэйгээр бий болгож байна.
Өөрөөр хэлбэл ямар ч хэлэлцүүлэг өрнөх боломжгүй, олон ургалч байр сууриуд танилцуулагдах боломжгүй болгох алхмын эхлэл нь ТББ-ын эсрэг дискурс буюу яриануудыг нийгэмд түгээсэн гэсэн үг. Үзэл санааны хоёр туйлт хуваагдал (ideological polarization), нэрлэлийн стратеги (nominalization) зэрэг хэлний болон уран илтгэлийн хэрэгслүүдийг ашигласнаар иргэний нийгмийн байгууллагуудыг системийн доголдлын буруутан болгон, “үндэсний эрх ашиг”-ийн нэрийн дор улс төрийн хяналт, эрх мэдлээ зузаатгах оролдлогуудаа зөвтгөх механизм бий болж байгааг илрүүлсэн. Ингэхдээ нийгэм, улс төрийн өргөн хүрээнд холбон тайлбарлаж, эдгээр дискурс нь орчин үеийн Монгол Улсад ардчилсан оролцоог хязгаарлах, эсэргүүцлийн дуу хоолойг дарах, иргэний орон зайг хумих улс төрийн хэрэгсэл болон ашиглагдаж байна гэсэн дүгнэлт хийсэн.
- Дипломны сэдвээ хэрхэн сонгосон бэ?
- 2019 онд би хуучнаар твиттер буюу одоогийн Х- дээр нэг жиргээг скрийншот хийж авсан байсан юм. Тэр жиргээ нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хүний эрхийн төлөө ажилладаг хүний эрх хамгаалагчийг зурагтай нь хамт гаднын тагнуулч гэсэн утгатай шошголсон байсан. Тэр жиргээний сэтгэгдэлд ямар ч олон талын байр суурь дуу хоолой байхгүй. Зөвхөн нэг талыг барьсан “гаднын тагнуулч” гэдгийг дэмжсэн сэтгэгдлүүд байсан нь надад хачирхалтай санагдсан учраас хадгалаад авсан байсан. Цаг хугацаа өнгөрсөн ч энэ хадгалсан файл маань дипломын сэдвийн суурь болсон. Тэр скрийншот хийсэн файлаас гар аргаар мөшгөсөөр дипломын ажлын гол корпус буюу дүн шинжилгээний гол текстүүдээ цуглуулсан.

- Иргэний нийгмийн эсрэг нэршлүүд ер нь дэлхий дахинд хэрхэн өрнөж байна вэ. Ийм нэршлүүд юуны учраас гарч байна вэ?
- Дипломын ажлаа бичиж эхлэхээс өмнө сургуульд оролцоон дээр суурилсан харилцаа гэсэн хичээл заадаг угсаатан судлалаар мэргэшсэн багштайгаа энэ асуудлын талаар ярилцдаг байсан юм. Ингээд багштайгаа ярилцаад сэдвээ тодорхойлсон, тэр багшийгаа ч сонгож дипломын ажлаа удирдуулсан. 5 жилийн өмнө хадгалсан ганц ширхэг зурган файл, 2 үгтэй өгүүлбэрээс өөр юмгүй хэдий ч учрыг нь ойлгохыг хичээгээд байсан тул бөөсний үлгэр шиг л хичээл бүр дээр багшаасаа элдэв янзын асуулт асуудаг байсан. Багш шууд хариулт хэлэхгүй ч ганц, ганц үг хэлж өгдөг байсан. Тэгэнгүүт нөгөө хэлсэн үгнүүдийг нь судлаад ирэнгүүт энэ ИН-ийн эсрэг нэршлүүд нь дан ганц манайд түгээгдэж буй биш бүхэл бүтэн нийгмийн үзэгдэл юм байна, бусад улс орнуудад ч бас гарч байгаа үзэгдэл юм байна гэдгийг онолынх нь суурь нэршлүүдийн хамт багш хэлж өгсөн болж таарсан. Багш хэзээ ч бэлэн хариулт хэлж өгч байгаагүй, жишээ нь scapegoating гэж ганц үг хэлсэн нь миний дүн шинжилгээнд scapegoating for special occasions буюу “золигт гаргах практик” байна гэж илэрсэн. Энэ нь яадаг практик буюу арга вэ гэхээр аливаа нийгэмд ямар нэгэн асуудал гарахад иргэд мэдээж бухимдаж, хариуцлага шаардана, ийм үед жинхэнээсээ буруутай эсэх нь үл хамаарах, золигт гаргах нэгнийг олоод нийгэмд зарлах үед үнэн эсэх нь хамаагүйгээр иргэдийн сэтгэлзүй тайвширдаг үзэгдлийг тайлбарласан нэр томъёо байх жишээний.
Манай улсад төрийн бус байгууллагуудыг гадны агент, гадны тагнуул, гадны санхүүжилттэй, төсөл гацаагчид, улс орны хөгжлийн садаа, төрийн бус байгууллагын нэр барьсан хоёр, гурван хүн гэх зэрэг нэршлүүдийг ашигладаг.
Өмнө хэлсэнчлэн энэ бол зөвхөн монголд төдийгүй дэлхий дахинд иргэний орон зайг хумихдаа ашигладаг нэршлүүд байсан. 2-хон үг юм шиг харагдаж байгаа нэршлүүдэд иргэний орон зайг хумих, нийтийн хэлэлцүүлгийг санаатайгаар залах, хянахад ашиглагдаж байсан эрх мэдлийн хэрэгсэл.
Хадгалсан байсан зурган файл дах жиргээний эзний хаягнаас гадны агент гэх нэршлийг ашигласан бүх жиргээг цаг хугацаа хамаарахгүйгээр түүхэд нийт 47 жиргээ байсан, эх орноосоо урвагч, гадны тагнуулч гэж гүтгэх харлуулах оролдлогыг 2018 оноос эхэлсэн 2024 он хүртэл нөгөө 2 үгтэй нэршлүүдээ дахин дахин оруулсан байсан.
Үгний сонголт, өгүүлбэр зүйн дүрэм, өгүүлбэрийн бүтцэд нь эрх мэдлийн шинжилгээ хийхээс Шүүмжлэлт дискурс шинжилгээ эхэлдэг. Дараагийн шатанд ижил үг, агуулгыг хаана, хэзээ, хэрхэн түгээж буйг мөшгин судалдаг бөгөөд дээрх жиргээнд ашигласан нэршилтэй яг ижил үг, агуулгатай текстийг 53 мэдээний сайтад түгээсэн байсан, цаг хугацааны хувьд мөшгөөд харахаад 2022 оны 7 сард зэрэг орсон гэж хардахаар нийтэлсэн цаг нь давхцаж таарсан нь хүртэл илэрсэн. Энэ мөшгөх явцад зарим мэдээний сайтуудын мэдээ нийтэлсэн админых нь нэр, оруулсан огноо нь яг ижил байсан тохиолдол бий. Гэхдээ хайлтын систем дээр эдгээр нь шууд гарч ирэхгүй байх тохиолдол байсан. Гар аргаар сайт руу нь орж, түлхүүр үгээр хайлт хийх тохиолдол ч гарч байсан. Аргачлалын хувьд индукцийн арга буюу анхнаасаа нэг үзүүрээс нь хөөгөөд судалгааны корпусаа цуглуулж явсан, өөрөөр хэлбэл урьдчилж таамаглалууд дэвшүүлэхгүйгээр задгай байдлаар эх сурвалжуудаа цуглуулсан, гэхдээ дүн шинжилгээний хүрээндээ тохируулахгүй бол хэт нүсэр дататай эсвэл хэт бага өгөгдөл дээр шинжилгээ хийхэд хангалтгүй байх эрсдэлтэй.
Энэ дунд нэг сонирхолтой зүйл олсон нь жиргээн дээр ашиглагдаж байсан гадны агент, яг өөрийнх нь оруулснаар инноагент гэдэг нэр томьёог 2012 онд ОХУ иргэний орон зайг хумиж, ТББ-уудыг хаахдаа ашигласан нэр томъёог ашигласан явдал хачирхалтай байсан.
Гэхдээ жиргээнд пост оруулдаг хүний хувьд энэ нэршлээ ашиглахдаа эсрэгээрээ Оросын тагнуул, гадны агент, эх орноосоо урвагч гэсэн нэршлүүдийг давтсан байсан. ОХУ, яг энэ нэршлийг зөвтгөх үндэслэлдээ ашиглаад 2012 онд төрийн бус байгууллагын тухай хуулийг баталж, тэдний үйл ажиллагааг хаасан.. Цаашилбал инноагент гэдгийн цаана ямар идеологи буюу утга санааг агуулж байгаа нь манайд энэ нэршлийг ашигласны цаад утга санаанаас бас шал өөр.
-ОХУ-аас гадна олон улсын жишээг судалсан байсан. Энэ жишээнээс заримыг нь танилцуулна уу?
Засаглалын хувьд Оросоос ялгаатай буюу парламентийн засаглалтай улс орнуудад түгээх процесс нь эхэлж нийгмийн сүлжээнд харлуулж, олон нийтийн дэмжлэгийг авах оролдлого, санхүүгийн дарамт буюу гаднаас ирэх санхүүжилтийг төрөөр дамжуулах, зарим улс орнуудад 20%-иас илүүгүй хувийг захиргааны зардалдаа ашиглаж болно гэх мэт, санаатайгаар ташаа мэдээлэл түгээж үйл ажиллагааг нь бүрэн зогсоох гэх мэт ялгаатай дараалалтай ч ерөнхий хийж байгаа алхмуудын хувьд дэлхий даяар ардчиллын хувьд ухралт хийж буй орнуудтай ижилхэн байсан, ТББ-ын эсрэг яриа/дискурс түгээж байгаа нь.
Манайд ТББ-ын тухай хууль 1997 онд батлагдсан. Шинэчлэх асуудлаар Холбоо сангийн тухай хуулийн төсөл хэлбэрээр хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөсөн. Одоогоор батлагдаагүй хэвээр байгаа. Гэтэл Холбоо сангийн тухай хуулийн гол зохицуулалтууд нь дээрх жишээнүүд дээрхтэй төстэй байдлаар санхүүгийн хязгаарлалт, хууль эрхзүйн зохицуулалтын тодорхой бус байдлууд гэсэн хараат бус судлаачдын байр суурийг үгүйсгэж “Маш чухал хууль гадны санхүүжилттэй ТББ-уудаас болоод уначихлаа” гэж олон нийтэд зориуд худал мэдээлэл түгээсэн зэрэг нь манайд илэрч байгаа ТББ-ын эсрэг нэршлүүдийн хэрэглээний ялгаа буюу ямар нөхцөл, хэн яаж залж байгаа нь эрх барьж байгаа намын дотоод эрх мэдлийн тэмцлээс шалтгаалж байна гэж дүгнэлтэд хүргэсэн. Дарангуйлын шинжтэй улс орнууд ОХУ-тай адил “инно агент” гэж цоллож, иргэний нийгмийн тухай хуулийг батлаж, үйл ажиллагааг таслан зогсоодог юм байна.
2016 онд Турк улс хуулиа баталж, ИНБ-ын үйл ажиллагааг зогсоосон. Засаглалын хэлбэрээсээ шалтгаалаад шууд хуулиар хязгаарлах уу, эхэлж нийгмийн сүлжээнд харлуулах кампанит аян явуулах уу, манайх шиг органик яриа юм шиг хэлбэрээр нийгмийн сүлжээнд түгээх үү гээд янз бүриийн дараалалтай.
Жишээлбэл, Унгар улсад сурч байсан үе учраас мэдээж улс төрийнх нь талаар болон нийгэм эдийн засгийнх нь талаар сонирхож ажиглах боломж байсан. Ардчиллын суурь зарчим, эрх мэдлийн хуваарилалт тэнд алдагдсан. Ерөнхий сайдад нь эрх мэдэл нь төвлөрчихсөн, нэг нам нь манайх шиг удаан хугацаанд эрх барьсаар байгаа. Эрх мэдлээ төвлөрүүлэхийн тулд хамгийн эхэнд хэвлэл мэдээллийг хяналтандаа оруулсан буюу, сүүлд 2016 онд “Stop Soros” гээд хууль баталсан нь мөн л иргэний нийгмийн байгууллагуудыг дуугүй байлгах зорилготой алхмуудын нэг. Дарангуйлал шууд тогтдоггүй нь эндээс харагдаж байгаа юм, ганц нэг үг нийгэмд түгж байгаа юм шигээр, алхам алхмаар алхам алхмаар эрх мэдлийг төвлөрүүлдэг учраас олон хүрээнд, удаан хугацаанд ажиглаж, мөшгих шаардлагатай. Монголд хэвлэл мэдээллийн тухай хуульд өөрчлөлт, Холбоо сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа нь ч үүний нэг илрэл байж болох юм.
- Судалгааны баримтуудад хэл шинжлэлийн үүднээс ажилласан байсан. Үүний онцлог юу байсан бэ?
- Хэл бол эрх мэдэл. Хэл шинжлэлийн талаас нь онолын суурин дээр ажиглавал “төсөл гацаагчид” гэдэг нь эзэн биегүй өгүүлбэр. Тэгэхээр тухайн өгүүлбэрийг уншсан хүн асуудлыг өөрөөсөө холдуулж, сэтгэл зүйн хувьд хамааралгүй гэж хүлээж авдаг. Улс орон бүрд эдийн засгийн эрх чөлөө ярьдаг, хуучинсаг үзэл бодолтой популист бүлэг ихсэж байна. Эдгээр бүлгүүд нь “муу сайн баячууд элитүүд, би ард түмнийхээ талд шүү” гэдэг реторик хэв маягаар уран яруу ярих чадвараа хөгжүүлсэн байдаг. Дээрх бүлгүүд ийм ярианы арга, хэв маягийг ашигладаг бөгөөд анхнаасаа нийгэмд хуваагдал үүсгэх замаар эрх мэдэлд хүрч, хяналтыг гартаа тогтоон барихыг зорьж байгаа үзэгдлийг судлахад энэ Шүүмжлэлт Дискурс шинжилгээ нь дагаж хөгжиж ирсэн онол, аргачлал юм. Тэд нийгмийн системийн байгаа асуудлын буруутныг гаргаж ирж, хүмүүсийг зааж, өгч хуваагдалд оруулдаг. Европт гаднын цагаач иргэдийг хүлээж авахгүй байгаа асуудал нь нийгмийн хөгжилд саад бологч нь цагаачид гэж үздэг. Харин манай улсын хувьд гаднын агент эсвэл байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилладаг хүний эрх хамгаалагч, эрэн сурвалжлах сэтгүүлчид болчихоод байгаа юм. Энэ бол зөвхөн монголд л болж байгаа үзэгдэл биш.
Манай багш “улс төр бол шинжлэх ухаан мэтгэлцэх урлаг. Популистууд бол улс төрч биш тэд зөвхөн харилцааны хөтөлбөр хэрэгжүүлдэг эрх мэдэлд очих сонирхолтой бүлэг” гэдэг юм. Хамгийн хортой нь
Хэл шинжлэлийн үүднээс ямар үгийг, хэн хэлж байна, хэзээ хэлэв, хэний тухай, ямар түвшинд тавьж ярьж байна, няцаах орон зай боломж олгож байна уу гэдэг асуултуудад хариулах нь эхний ээлжний үг, өгүүлбэрийн дүрэм, бүтцэд хийдэг шинжилгээгээр илрүүлдэг.
Сайн ажиглавал анхнаасаа “мундаг” үг хэлж байгаа юм шиг хүний үгэн дотор бусдыг үл хүнчлэх хандлага нь нуугдсан байдгийг эндээс илрүүлж болдог. Дараагийн ээлжинд ямар эх үүсвэр, хөрөнгө нөөцийг ашиглаж, нийгэмд ямар яриаг түгээж байгааг нь мөшгөдөг.
Миний судалгааны хувьд нийтийн өмчийг ашиглаад нийтийн орон зайг манипуляци хийхэд ашиглаж байна гэдэг аргумент дэвшүүлсэн. Ялангуяа ТББ-ын эсрэг яриаг нийгэмд түгээх, хүний эрх хамгаалагчийг гадны тагнуул гэж харлуулахдаа яг ижил текстийг 53 мэдээний сайт шиг харагддаг сайтуудад үндэсний хэмжээнд түгээсэн байсанд нь үндэслээд.
- Баримт болгож авсан мэдээллийн ижил төстэй тал юу байсан бэ?
- Судалгааны явцад 53 мэдээний сайт нь 2022 оны 8 сарын 19.11 минутад нэг ижил мэдээ оруулсан байгаа нь олон ургальч байдал манай нийгэмд байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байгаа юм. Цаашилбал хэтэрхий олон мэт харагддаг хэвлэл мэдээллийн байгууллага нь яг олон ургалч байр суурьнаас мэдээлж чадаж байгаа эсэхэд эргэлэзэхэд хүргэж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын цаад эзэд нь улч төрч эсвэл улс төрийн нам эвслээс хамааралтай байх тохиолдолд монголд олон байсан. Гэхдээ сүүлийн үед судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй ч Хэвлэлийн хүрээлэнгээс хийсэн Хэвлэл мэдээллийн байгууллагын улс төрийн хамааралтай холбоотой судалгаа хийхэд дунджаар 70 гаруй хувь нь улс төрийн хамааралтай гэсэн судалгаа байсан. Гэтэл дээр дурьдсан 53 мэдээний сайт чинь манай нийт мэдээний сайтын 30 гаруй хувь нь, зарим мэдээ оруулсан админых нь нэр давхцах байдал ч ажиглагдсан.
- Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Холбоо сангийн тухай хуулийг шинэчлэхээр сүүлийн жилүүдэд их ярьж хэлэлцэх болсон. Үүн дээр таны бодлыг сонсмоор байна.
- Би ИНБ-д ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн салбарыг сайн мэдэхгүй. Гэвч миний дипломын ажил нь салбар дундын шинжилгээ юм. Эрх мэдлийг төвлөрүүлэх, тогтоон барих зорилготой бүлгүүд нийгмийн сүлжээг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглаж байна гэж үзвэл хэвлэл мэдээллийн салбар, Иргэний нийгэм хамтраад эдгээр хуулиудын хэлэлцүүлгүүд дээр байр сууриа илэрхийлэх, акци өрнүүлэх зэргээр хамтдаа анхаарч хамтарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Би хуульч, улс төрч, сэтгүүлч аль нь ч биш. Хэлж байгаа үг, текстэд нь суурилаад асуудалд эрх мэдлийн шинжилгээ хийж харж чадна. Хуулиар нь иргэний орон зайг хумих гэж эрх мэдлийг төвлөрүүлэх гэж оролдож байгаа тохиолдолд асуудлыг тусад нь авч үзэх биш хамтын шийдэл хайх хэрэгтэй гэж бодож байна.
- Энэ сөрөг нэршлүүд нь нийгэмд тогтсоноор ямар аюултай вэ?
- Хүнийг харлуулах, гоочлох технологи нь тухайн байгаа хэн дээр ч ашиглах нөхцөлийг бий болгодог. Асуудал нь хамаа байхгүй, жинхэнэ буруутан нь мөн эсэхэд анхаарахгүй. Нийгэмд нэг буруутан гаргаж ирээд түр зуур аргацаасан асуудалд анхаарах, хэлэлцүүлэг өрнүүлэх, дүгнэх боломжийг олон нийтэд олгохгүй. Ийм нөхцөлд хэн ч урвагч, тагнуулч буруутан болж болно. Улс төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх зорилготой бүлгүүд эсрэг, өөр байр суурьтай байгаа болгоныг байгаа болгоно. Улс орны хувьд өөр өөр онцлогтой. Энэ бай нь бүх ИНБ биш. Зарим Уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны идэвхтэн, хүний эрх хамгаалагч, жендэр, ЛГБТ олон нийтийн эрхийн идэвхтэн, эрэн сурвалжлах сэтгүүлч зэрэг хэн ч бай болох эрсдэлтэй. Э
нэ бол нийгмийн сүлжээг ашиглан нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэж удаан хугацаанд бодож боловсруулсан улс төрийн хөтөлбөр юм. Энэ бол манайд шинэ зүйл биш. 1937 оын хэлмэгдүүлэлт яг л ийм ижил технологиор үүссэн.
Тэр шарх айдас илааршаагүй учраас дахиад ашиглахад нийгэмд хөрс бэлэн байна. Ийм сэтгэл зүй, айдас дээр нь хэрэгжүүлэхэд хялбар байх болно. Нийгмийн сэтгэл зүйгээр тоглолт хийсэн хөтөлбөрийн систем угсрагдсан байна. Энэ хөтөлбөрөө туршиж, нийгмийн хариу үйлдлийг ажиглах, өөрсдийн үйлдлээ зөвтгөх гэсэн оролдлого нь иргэдийн ТББ-т итгэх итгэлийг бууруулах, ТББ-ыг нийгмийн асуудлуудын буруутан болгож иргэдийн уур бухимдлыг чиглүүлэх оролдлого хийсэн эхний алхам нь Д.Сүхгэрэл хүний эрх хамгаалагчийг тагнуул гэж цоллосон үйл явдлаар эхэлсэн. Иргэний орон зайг хумих шууд дарангуйллын алхмуудыг хэрэгжүүлэх нөхцөл хараахан бүрдчээгүй учраас ийнхүү цоллох алхмуудыг “Яриа” хэлбэрээр түгээсэн нь энэ бүх схемийн нэг хэсэг байв.
Гэхдээ энэ угсарсан байгаа системийг хүмүүст таниулах нь эргэж ашиглах боломжгүйгээр устах боломж байдаг буюу эрх мэдлийг тархаах боломжтой байдаг гэсэн өгүүлбэрийг уншиж байсан нь надад итгэл найдвар төрүүлсэн, судалгаагаа ч дуусгасан, ингээд танилцуулаад, яриад л явж байна.
Уг нь Монголчуудын мэддэг ойлголт - Үгэн дотор үг, үгээр хүнийг алж ч амьдруулж ч чадна гэлцдэг нь л онол хэлбэрээр Шүүмжлэлт дискурс шинжилгээ(Critical Discourse Analysis) гэдэг нэртэйг нь суралцах явцдаа олж мэдээд, судалгаандаа ашигласан хэрэг.


.jpg)













