Монгол Улс авлигад ялагдсаныг дэлхий нийтэд зарлалаа. Жил бүр шинэчлэгддэг, тэр хэрээр олон улсын анхаарлыг татдаг эрх чөлөөний индексүүдийн нэг нь Авлигын төсөөллийн индекс юм. Гэтэл энэхүү чухал үзүүлэлтэд Монгол Улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдэж 10 байраар ухарч түүхэн “амжилт” үзүүлэв. Ингэхдээ найман эх сурвалжийг ашиглаж эрэмбэлдэг 100 онооноос манайх дөнгөж 31 оноо буюу “F” үнэлгээ авч, муугийн муу дүн тавиулав.
Тайланд дурдсаныг товчхон харвал, Монгол Улсын үнэлгээ буурахад төрийн шийдвэр гаргалтын ил тод байдал сул, авлигын хэрэгт хариуцлага тооцох механизм хангалтгүй, улс төрийн санхүүжилт болон уул уурхайн салбарын эрсдэл өндөр байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэжээ. Мөн дэлхий нийтийн хэмжээнд авлигатай тэмцэхэд зоригтой, шийдэмгий манлайлал дутагдаж байгаа нь олон улсын авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулж, улмаар дэлхийн улс орнуудад шинэчлэл хийх дарамтыг багасгах эрсдэлтэй байгааг Транспэрэнси Интернэшнл байгууллага анхааруулжээ. Ийн Транспэрэнси интернэшнл байгууллагаас 2025 оны авлигын индексийг зарлаад хоёр өдөр өнгөрч, дээр дооргүй толгой сэгсэрлээ харамсаж халаглалаа.

Тэгвэл нэг хоёр, 4-5 биш бүр 10 байраар олон улсад Монголыг муу муухайгаар “тунхагласан” эл үйл явдлыг яах вэ. Ингээд л дуугүй өнгөрөөх үү. Энэ үзүүлэлт улс орны нэр хүнд, гадаадын хөрөнгө оруулалтаас эхлээд олон зүйлд сөргөөр нөлөөлнө. Тэгвэл Авлигын индекс 10 байраар ухарч, муу үнэлгээ авсан тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ.
Мэдээж төрийн бодлого, авлигатай тэмцэх стратеги, хүсэл эрмэлзэл, ашиг сонирхлын зөрчилтэй хууль батлах, парламентын гишүүд авлигын хэрэгт холбогдох, хариуцлага тооцох механизм сул гээд Засгийн газар, УИХ-тай хамаатай. Улс орон удирдагчид хууль бус бүхэнтэй тэмцэхгүй, хүсэл сонирхол, үйлдэл хийхгүй бол авлигын том хэргүүд шийдэгдэхгүй, ял завшсаар байх болно. Үндсэндээ улс төрийн хариуцлага нь Засгийн газарт ногдох учиртай.
Дараагийнх нь хэрэг шалгагдаад замхардаг, эсвэл улстөрчдийг ялгүй үлдээдэг шүүх, прокурор, АТГ. Тэр дундаа авлигын индекс унадаг хамгийн гол үзүүлэлт бол тухайн улсын АТГ нь хараат бус биш гэж үзэх явдал. Үндсэндээ шүүх, хууль хяналт, парламент гээд бүгдээрээ тогтолцооны буруутан.
Авлигын индекс ухарсан нь АТГ-ын даргын хариуцлага мөн үү?
Олон улсын авлигын индексэд Монгол Улс 10 байраар ухарсан нь энгийн нэг уншаад өнгөрөх статистик алдаа биш. Энэ бол төрийн авлигатай тэмцэх тогтолцоо ажиллахгүй байгаагийн бодит дохио юм.
Гэтэл энэ нөхцөлд хэн хариуцлага үүрэх ёстой вэ гэдэг асуултаас зугтах боломжгүй. Ингэж харвал, АТГ бол авлигатай тэмцэх “гол фронт”. Авлигыг илрүүлэх, мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэх, нийгэмд итгэл төрүүлэх үндсэн чиг үүрэгтэй төв байгууллага. Өөрөөр хэлбэл, авлигын индекс нь хууль бичсэн эсэхийг биш, авлига илэрч, шийдэгдэж, хариуцлага тооцогдож байна уу гэдгийг хэмжих буюу АТГ-ын ажлын гүйцэтгэлийг шалгадаг шударга үнэлгээ юм. Хэн нэгэн, улстөрчид АТГ-ыг сайн ажиллаж байна гэж дүгнэж болох ч авлигын индексийн үзүүлэлт шударгаар харуулж чадна.
Тиймээс авлигын индекс ухрах бүрт “шүүх муу”, “улстөрчид саад хийсэн”, “системийн асуудал” гэх тайлбар давтагддаг. Гэтэл авлигатай тэмцэх систем нь үр дүнтэй ажиллахгүй бол түүнийг удирдаж байгаа хүн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Тиймээс АТГ-ын даргыг зүгээр нэг албан хаагч биш бодлого тодорхойлж, чиглүүлж чадахгүй бол хариуцлагаа үүр гэж тэнд суулгасан. Үндсэндээ ажлаа хийж чадаагүй хүн хариуцлагаа үүрэх нь энгийн л ёс зүйн асуудал. Зүйрлэвэл, цагдаагийн байгууллага алдаа гаргалаа, иргэдийн итгэлийг алдлаа гэхэд цагдаагийн байгууллагын дарга огцордог. Саяхны нэг жишээн дээр татварын дарга нар ажлаа тасалж гадагшаа зугааллаа гээд Нийслэлийн татварын дарга нь хариуцлага хүлээсэн. Атал бүр ноцтой, бүхэл бүтэн улс орны авлигын индекс 10 байраар ухар, томоохон хэргүүд замхарч, олон нийтийн илтгэл алдарч тэр бүү хэл дэлхий нийтэд шившгээ тарьж байхад АТГ-ын дарга нь хариуцлагаас мултраад өнгөрөх үү.
Хэрэв АТГ-ын дарга З.Дашдаваад хариуцлага тооцож чадахгүй бол Засгийн газар улс төрийн хариуцлагаа хүлээх ёстой.
Түүнийг сүүлийн 6-7 жил АТГ-ын даргыг удирдахад авлигын индекс унаж, улстөрчдийн гар хөлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас өөр гэрэл гэгээтэй ажил харагдсангүй. Хариуцлага бол ял биш, ёс зүй. Тиймээс АТГ-ын дарга нь улс төрөөс томилогддог шигээ улс төрийн, ёс зүйн, институцийн хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

















.jpg)