Шинэхэн бүрэлдсэн Засгийн газрын тэргүүн нь “Чөлөөлье” уриа дор ажиллаж буйгаа өдөр бүр л зарлаж байна. Гэтэл Боловсролын сайд нь хэдэн хүүхдүүдийнхээ эрхийг хааж, боож, хорьж цагдсаар л. Тодруулбал, Л.Энх-Амгалан сайд төгсөлтийн баяр, үсэглэлийн баярыг хориглосон чиглэлийг боловсролын байгууллагын удирдлагуудад хүргүүлжээ. Тэрхүү чиглэлд “Эцэг эх, асран хамгаалагчийн санаачилга, “Эцэг эхийн зөвлөл” зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтнууд бэлэг сэлт авах зэрэг ёс зүйн зөрчлийг тэвчиж, таслан зогсоох” хэмээн тусгаж.
Эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт үүсгэхгүй гэдэг шалтгаанаар ийм шийдвэр гаргасан хэмээн тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Санхүүгийн дарамт үүсгэж байна гээд хүүхдүүдээс насан туршид нь үлдэх дурсамжийг хулгайлаад байх нь зөв үү.
Үсгээ үзэж, уншиж сурсны баяраа тэмдэглэж байгаа бяцхан үрс хэчнээн өхөөрдөм, эрдэм сургасан багш нь ямар бахдалтай байдаг билээ. Төгсөлтийн баяраараа мөнгөн хонх жингэнүүлсэн охид, хөвгүүд хэчнээн догдлол дүүрэн, жаргалтай алхдаг гээч.
Энэ л хүүхэд ахуй насны дурсамж хүний ой санамжид тодоос тод хадгалагдаж үлддэг. Жил ирэх тусам тэр дурсамжууд улам үнэ цэнтэй болж биднийг хөглөсөөр байдаг. Гэтэл бид дээр, дооргүй аахар, шаахар зүйл ярьж хүүхдүүдийнхээ сурагч ахуй насанд нь тохиодог гарын тавхан хуруунд багтах баярт өдрүүдийг нь хумсалсаар байх уу.
“Утаатай, томуутай” гэсээр сурагчдыг шинэ жилийг нь тэмдэглүүлэхээ болиод удаж байна. Одоо “Эцэг эхэд чинь мөнгө байхгүй, санхүүгийн дарамт болж байна” гэсээр үсэглэлийн баяр, хонхны баярыг нь булаачихлаа.
Энэ хотын агаар, орчны бохирдол ихтэй, түүнээс шалтгаалах өвчлөлүүдтэй, эмнэлгийн хүрэлцээ муутай байгаа зэргийн гол буруутан нь хүүхдүүд хэрэг үү. Эцэг, эх нь мөнгөгүй байгаагийн гол шалтгаан нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал муу байгаатай холбоотой. Тэр бүхний гол буруутан нь бодлого тодорхойлогчид. Тэдний оновчгүй шийдвэр, хэтийдсэн авлига, хээл хахуулийн үр нөлөө. Тийм байтал бас л хүүхдүүд хохирч үлдэх ёстой гэж үү.
Хөгжил, хамгааллаас илүүд үзсэн хорьж, цагдаж, хашиж, түгжсэн социалист шийдвэрүүдээ эргэн хараач ээ, Боловсролын сайд аа.
















