“Чингэлтэйн номын баяр”-ыг “Өдөр бүр уншъя” уриан дор гурав дахь жилдээ зохион байгууллаа. Хүүхэд, залуусын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, дадал суулгах, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой эл арга хэмжээг Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан юм. Энэ удаагийн баярыг “Өдөр бүр уншъя” уриан дор дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын 10 жилийн ой, мөн Дэлхийн номын өдрийг угтан зохион байгуулснаараа онцлогтой.

Номын баярт иргэн бүрийг тэгш хамруулах зорилгоор талбайг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байдлаар тохижуулсан байв. Мөн дохионы хэлмэрчээр дамжуулан баярын үйл ажиллагааг бүхэлд нь тайлбарлалаа. Түүнчлэн урлагийн тоглолт, танин мэдэхүйн уралдаан тэмцээн, хүүхэд залуусын хөгжлийн сургалт, ном солилцоо, уран бүтээлийн үзэсгэлэн, монгол соёлоо сурталчлах өв соёлын өргөө, хямдралтай номын худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ нэг дор болж өнгөрсөн юм. Зохион байгуулалтын ажилд “Хүүхэд хөгжлийн цогцолбор”-ынхноос гадна сайн дурын 30 ажилтан оролцжээ.

Энэ үеэр “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг “Хос бичигтэн” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор монгол бичиг, каллиграф хийх асрыг энэ удаагийн номын баяраар тусгайлан ажиллуулж байна. Гурван жилийн өмнөөс зохион байгуулсан номын баяраа цаашид уламжлал болгон зохион байгуулна. Жил бүр улс даяар хавар болон намар номын баярыг зохион байгуулдаг бол Чингэлтэй дүүргийн хэмжээнд манай байгууллага намар бүр Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд хийхээр төлөвлөж байгаа” хэмээн “Чингэлтэйн номын баяр-2025”-ын онцлогоос дурдсан юм. Мөн тэрбээр “Хүүхэд хөгжлийн цогцолбор” маань анх Хүүхдийн номын өргөө буюу номын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, номын сангийн суурин дээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүүхдүүдэд чиглэсэн олон талт сургалтын арга хэмжээгээр цар хүрээгээ тэлж байна. Мөн ойрын хамгийн том зорилго маань дүүрэгтээ хүүхдийн зуслан байгуулах явдал. Зуслангийнхаа зураг, төслийг одоо хийж байгаа. Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийн зусланг 24 дүгээр хороонд байгуулахаар төлөвлөсөн” хэмээн байгууллагынхаа үйл ажиллагаанаас хуваалцлаа.
