Хаяндоржийн Золжаргал /Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүй, Олон улсын харилцааны тэнхимийн багш/
Энхбаярын Эрдэнэ-Очир /Арктус аналитикс компанийн ахлах судлаач, Олон улсын харилцаа судлаач/
БНХАУ 2025 оны 6 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Хятад-Төв Азийн 2 дахь дээд хэмжээний уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж, энэ бүс нутгийн таван улстай “Байнгын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагаа”-тай түншүүд болох түүхэн гэрээг байгуулав. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан энэ гэрээ нь оролцогч талуудын хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргаж, улмаар олон талт дипломатын нэн ховор жишээ, шинэ үзэгдэл буюу “нэгдсэн цонх”-ны хандлагыг бий болгожээ. Зөвхөн дипломатын төдийгүй Бээжингийн хувьд “Бүс ба Зам” санаачилгыг институтжүүлж, Төв Азид нөлөөгөө нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой. Энэ утгаараа БНХАУ ирэх арван жилийн хугацаанд бүс нутгийн геополитик, эдийн засгийн орчинг өөрчилж болзошгүй гэх хүлээлт үүсгээд байна.
Түүхийн хуудаснаа Төв Ази нь 1936-1991 онд Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ)-ын нөлөөнд байсан бол 2001-2021 оны хооронд АНУ Афганистанд цэргийн хүчээ байршуулж байсан нь тус бүс нутгийн улс төрийн динамикыг тодорхойлж байв. Харин 2021 оны 8 дугаар сард АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа энэ бүс нутгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, БНХАУ болон ОХУ нөлөөгөө өргөжүүлэх боломж нээгджээ. Энэ нийтлэл нь БНХАУ-Төв Азийн орнуудын олон талт, хоёр талт харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, судалгааны эргэлтэд оруулах, Монгол Улстай холбогдох асуудалд үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэж байна.
Нэг. Төв Азийн геополитикийн ач холбогдол ба БНХАУ-ын гадаад бодлого
Төв Ази нь ойролцоогоор 4 сая км² газрыг эзэлж, Хар далайгаас Алтайн нуруу хүртэл, Сибирийн ойт хээрээс Ираны өндөрлөг хүртэл тархан оршдог. Энэ бүс нутаг нь Түрэг, Монгол угсаатны нүүдэлчдийн өлгий нутаг. Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан зэрэг таван орон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны хувьд ялгаатай ч соёл, шашин, түүхийн хувьд олон нийтлэг шинж чанартай. Энэ бүс нутагт дэлхийн хүн амын 1 хувь, дэлхийн ДНБ-ий 2 хувь ноогдож байгаа төдийгүй геостратегийн хувьд эртний худалдааны суваг Торгоны зам дагуу байрлаж, Хятадыг Европ, Ойрх Дорнод, Арабын ертөнцтэй холбож буйгаараа онцлог.
Геополитикийн хувьд судлаачид энэ бүс нутагт ОХУ-ын дараах субъектууд багтдаг гэж үздэг. Үүнд: Алтай, Красноярск, Кемеров, Эрхүү, Чита мужууд болон үндэсний цөөнхийн улсууд болох Бүгд Найрамдах Алтай улс, Бүгд Найрамдах Хакас улс, Бүгд Найрамдах Тува улс болон Бүгд Найрамдах Буриад улс оршдог. ОХУ газар зүйн хувьд дээрх орон зайг бүхэлд нь Сибирь гэдэг. Түүнчлэн Челябинск, Оренбург, Новосибирск, Курган мужуудыг тус бүс нутагт хамааруулах шаардлагатай хэмээн үздэг аж. Энэ утгаараа 1936-1991 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан эдгээр улсуудын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоонд одоог хүртэл ОХУ-ын нөлөө, хэл, соёлын гегемони маш өндөр байдаг.
Гэтэл АНУ-д 2001 оны 9-р сарын 11-нд террорист халдлага болж АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаа “Терроризмын эсрэг дайн” зарлав. Халдлагын зохион байгуулалтад холбоотой гэж үзсэн Аль-Каида, түүнийг дэмжигч Талибаны эсрэг цэргийн ажиллагаа явуулснаар АНУ-ын зэвсэгт хүчин 2001 оны 10 дугаар сараас Афганистанд нэвтэрсэн юм. Тус үйл явдал 2021 он хүртэлх 20 жилийн хугацаанд зөвхөн Афганистан төдийгүй хөрш зэргэлдээ бүс нутгийн улс орнуудад тодорхой нөлөө үзүүлжээ. Учир нь Афганистанд америкийн цэргийн ажиллагааны оргил үед буюу 2011 он гэхэд ойролцоогоор 100,000 цэрэг байрлаж байв. АНУ-ын Конгрессын тооцооллоор 2001-2021 онд Афганистанд зарцуулсан цэргийн зардал 2,3 их наяд гаруй ам.долларт хүрсэн байна. Энэ зардал нь Афганистан дахь цэргийн ажиллагаа, техник хэрэгсэл, сургалт, дэмжлэг, дотоодын сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламжийн төсөлд зориулагджээ. Үүний үр дүнд АНУ-ын цэргийн хүч зөвхөн Афганистанд бус хөрш зэргэлдээ бүс нутагт чиглэсэн тагнуулын болон цэргийн ажиллагаа, хамтын ажиллагааг хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Кыргызстан дахь Манас баазыг Ложистик дэмжлэгийн төв болгон ашигласан. Мөн АНУ-ын болон НАТО-гийн цэргийн сургалт, терроризмын эсрэг хамтын ажиллагаа Төв Азийн орнуудад идэвхжсэн байна. Бүрэн зургаар нь үзвэл, энэ 20 жилийн хугацаанд АНУ-ын Төв Ази дахь анхаарал идэвхжиж, Америкийн хүмүүнлэгийн тусламж, хөрөнгө оруулалт Төв Азийн улсуудад нэмэгдэж хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа бэхжив. АНУ-ын цэргийн ажиллагаа бүс нутгийн аюулгүй байдал, терроризмын эсрэг хамгаалалтыг сайжруулсан ч, нөгөө талаас геополитикийн өрсөлдөөн (ОХУ, БНХАУ, Иран)-ийг нэмэгдүүлсэн. Гэвч энэ 20 жилийн хугацаанд бүс нутгийн терроризмын нөхцөл байдлаас үүдэн Төв Азийн бүс нутагт Америкийн бодлого, нөлөө эрс нэмэгджээ.
Төв Азийн бүс нутгийн геополитикийн ач холбогдлыг онолын үүднээс тайлбарлавал, Евразийн зүрхэн хэсэгт орших тус бүс нутаг нь Х.Маккиндерийн Зүрхэн газрын онол “Heartland theory” онолын дагуу дэлхийн хүчний тэнцвэрт чухал ач холбогдолтойд тооцогдож, Зөвлөлтийн үеэс хойш Оросын хувьд энэ нь өөрийн өмнөд стратегийн “buffer zone” буюу хамгаалалтын болон нөлөөний бүс нутаг байсаар иржээ.
Харин Хятадын хувьд Төв Ази нь дээрх геополитикийн ач холбогдлын зэрэгцээ Афганистан, Иран, Орос, Каспийн тэнгисийн хооронд байрладаг Европ-Ази хоорондын гүүр болох стратегийн байрлал нь чухал аж.
АНУ 2021 онд Афганистанаас сүүлчийн цэргээ гаргаснаар тус бүс нутаг дахь улс төр, геополитикийн нөхцөл байдал аажим өөрчлөгдөх хандлагатай болжээ. Өнөөдөр судлаачид Америкийн орон зайг БНХАУ нөхөж байна гэж үзэж байна.
Хоёр. Төв Ази дахь БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөө
Газар зүйн байршлын хувьд Төв Азийн бүс нутагт БНХАУ-ын дараах субъектууд байрладаг. Үүнд: Цинхай, Ганьсу, Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО), Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон (ШУӨЗО), Түвдийн Өөртөө Засах Орон (ТӨЗО) багтана. Энэ бүс нутгийг Хятадын ном зүйд баруун хязгаар хэмээн тэмдэглэж ирсэн. БНХАУ-ын үндэстний цөөнх хэсэг болох Монгол, Түвд, Уйгурууд зонхилон амьдардаг тус бүс нутаг бол Хятадын эв нэгдэл, дотоод аюулгүй байдалд онцгой байр суурьтай бүс нутаг юм. Угсаатны хувьд, Төв Азийн 5 улсыг Түрэг гаралтай Казах, Кыргыз, Узбек, Туркмен, Монгол гаралтнууд бүрдүүлдэг. БНХАУ-ын бүс нутгийн бодлогод олон улсын терроризм, шашны хэт даврагчдын зүгээс үүсэх аюулыг саармагжуулах асуудал чухал, үүнд Төв Азийн орнууд дахь нөхцөл байдал чухал байр суурь эзэлж байна.
Тэгэхээр Хятадын хувьд Төв Ази нь аюулгүй байдлын хүчин зүйл, геостратегийн байрлалын хувьд чухал байна. Нөгөө талаас Төв Ази нь өөрөө газрын тос, байгалийн хий, ашигт малтмал, газрын ховор элементийн арвин нөөцтэй.
Тэгвэл 2021 оны 8-р сард буюу 20 орчим жилийн дараа АНУ Афганистанаас сүүлчийн цэргээ гаргаснаар тус бүс нутаг дахь улс төр, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөх хандлагатай болжээ. Төв Азийг судалдаг шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ нь цэргээ Афганистанаас гаргаснаар тус улстай ойр орших Төв Азийн бүс нутгийн талаарх АНУ-ын бодлогод тодорхой өөрчлөлт гарах төлөвтэй байна. ОХУ-ын Украинд явуулж буй дайны ажиллагаанаас үүдэн АНУ Европын аюулгүй байдлыг анхаарахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Ийм учраас Төв Азид өнөөдөр Хятад улс илүү давамгайлах, нөлөөллөө нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдсэн байна.
БНХАУ Төв Азийн 5 улстай 1992 оны 1-р сард нэг, хоёр өдрийн зайтай буюу нэгэн зэрэг шахуу дипломат харилцаа тогтоосон, тус ондоо Бээжин ЭСЯ-аа нээсэн. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 онд эртний Хятадын түүхт Сиань хотод “Хятад-Төв Азийн анхны дээд хэмжээний уулзалт”-ыг зохион байгуулснаар Төв Азийн улсуудтай харилцах хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болсон.
Төв Азийн улс орнууд нь Хятадын “Бүс ба Зам” санаачлагын гол корридоруудад тооцогдож, Хятадын болон олон улсын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар Хятадыг Европтой холбох төмөр зам, автозам, эрчим хүч, ложистикийн төвүүд, хотын дэд бүтэц зэрэг байгууламжуудыг хөгжүүлэхэд хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй оролцож ирсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын тал Төв Азийн бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжих, Төв Азийг салан тусгаарлах үзэл, терроризм, шашны хэт даврагсдын үйл ажиллагааны талбар болгохыг таслан зогсоох чиглэлээр ШХАБ-ын хүрээнд мөн идэвхтэй ажилладаг.
БНХАУ 2025 оны 6-р сарын 17-ны өдөр Казахстаны Астана хотод Төв Азийн 5 улс (Казахстан, Узбекистан, Тажикистан, Туркменистан, Кыргызстан)-тай “Байнгын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулжээ. Ийнхүү БНХАУ нь Төв Азийн 5 улстай байнгын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагаатай түншүүд болов. Тус гэрээ нь Хятадын Төв Азийн орнуудтай тогтоосон хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган шат ахиулсан. Энэ хүрээнд БНХАУ Төв Азийн улсуудаас эрчим хүч, байгалийн баялаг, хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг импортолж, автомашин, гэр ахуйн бараа, харилцаа холбооны төхөөрөмж, нэхмэл бүтээгдэхүүн Төв Азийн улсуудад экспортлохоор тохиролцжээ.
БНХАУ-Төв Ази чиглэлийн ачаа тээврийн зангилаа төв болох Чуньцин хотын галт тэрэгний терминал

БНХАУ-Төв Азийн улсуудын худалдааны эргэлт 2024 онд 94,8 тэрбум ам.долларт хүрч тус бүс нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалт 30 тэрбум ам.доллараас давсан байна. БНХАУ Төв Азийн улсуудын дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж хамтарсан компаниуд байгуулж байна.
Том зургаар харахад, БНХАУ нь Төв Азийн орнуудтай зөвхөн дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүд төдийгүй цаашдын хөгжлийн томоохон санаачилга, төслүүдийг хөгжүүлэхэд идэвхийлэн хамтарч байгаа нь ажиглагдаж байна.
Хятадын хөрөнгө оруулалт Төв Азийн орнуудад сүүлийн жилүүдэд тодорхой өсөлттэй байгаагаас Казахстан, Кыргызстан, Узбекистан зэрэг улсуудын эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй төсөл, хөрөнгө оруулалтаас тодорхой харагдаж байна. Тухайлбал, Казахстанд 2024 оны байдлаар Хятадын хөрөнгө оруулалтаар нийт 66,4 тэрбум ам.долларын 224 төсөл хэрэгжиж байгаа нь сүүлийн 5 жилд хоёр дахин өсчээ. Кыргызстанд зөвхөн 2024 онд Хятадын шууд хөрөнгө оруулалт ойролцоогоор 221,5 сая ам.доллар, Узбекистанд 2,8 тэрбум ам.доллар хүрсэн, эдгээрээс ихэнх нь дэд бүтэц, эрчим хүний чиглэлд байна.
2025 онд зохион байгуулагдсан хоёр дахь Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд “Бүс ба зам санаачилга”-ыг хоёр болон олон талт хамтын ажиллагааны гол тулгуур багана болгох тухай асуудлыг онцолжээ. Мэдэгдэлд худалдааг хөнгөвчлөх, холболт, Дижитал Торгоны замын төслүүдийн амлалт зэрэг асуудлыг тусгасан бөгөөд эдгээр үр дүн нь гэрээг “Бүс ба зам санаачилга”-ыг урт хугацааны хууль эрх зүйн суурь, биелүүлэх боломжтой амлалтуудын хүрээнд бататгах үүрэгтэй болохыг илтгэж байна. Энэхүү гэрээ нь Бээжингийн хөрөнгө оруулалт болон гадаад оролцооны саад тотгорын эсрэг геополитикийн хамгаалалтын гол суурь болж байна. Олон улсын харилцааны судлаачид БНХАУ Төв Азийн улсуудтай байгуулсан гэрээ нь Хятадын “Бүс ба зам санаачилга”-ыг (BRI) олон талт хууль эрх зүйн хүрээнд институцжүүлж, баталгаажуулна гэж дүгнэж байгаа аж. Ийм төрлийн олон улсын гэрээний ихэнх нь хоёр талт байдлаар байгуулагддаг бол дээрх гэрээ нь олон талт буй нь өвөрмөц онцлогтой. Олон улсын харилцаанд оролцогч талуудын хувьд ийм төрлийн гэрээ байгуулах нь тун ховор байдаг. Тус гэрээ нь Хятад улс 2003 онд нэгдсэн Зүүн Өмнөд Азийн Бүс нутгийн Хамтын ажиллагааны Нийгэмлэг (ASEAN)-ийн “Эв найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-тэй тун төстэй юм. Тус гэрээ нь БНХАУ-ын дипломат үйл ажиллагааны шинэ үеийн эхлэл бөгөөд Төв Азийн орнуудтай стратегийн итгэлцэл, тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн интеграцид оруулах, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол, үр дүнтэй болох нь тодорхой байна. БНХАУ-ын цахилгаан автомашины салбарын хурдацтай хөгжил, экспорт Төв Азийн улсууд руу чиглэж 2023 онд Шинжааны Хоргос боомтоор дамжин 63,000 орчим цахилгаан автомашин экспортлогдсон нь өмнөх оны мөн үеэс 585,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүний дотор БНХАУ Төв Азийн 5 улсад 51,000 цахилгаан автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 6 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Талуудын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хувь хэмжээ, өсөлтийг товч харахад ийм байна. Үүний зэрэгцээ дээр дурдсан “Байнгын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны гэрээний үндсэн зорилго нь харилцааг урт хугацаанд баталгаажуулж, улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, дэд бүтэц, эрчим хүч, худалдаа болон олон талт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, оролцогч талуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх гол механизм болж байгаа нь онцлог юм. Урт хугацаанд хятадын хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж, худалдааны эргэлт нэмэгдэх төлөвийг харуулж байна.

Эх сурвалж: TheTimes of Central Asia, Төв Азийн улсууд
Гурав. БНХАУ-Төв Азийн улсуудын харилцаа, хамтын ажиллагааны ирээдүйн төлөв
БНХАУ сүүлийн 25 жилийн турш Төв Азийн улсуудын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байсаар иржээ. БНХАУ хөрөнгө оруулалт эхэлсэн эхний жилүүдэд Бээжин Төв Азиас Хятад руу чиглэсэн төмөр зам, суурь дэд бүтцийн төслүүдэд хэдэн арван тэрбум доллар зарцуулсан. БНХАУ-ын Сиань хотод 2023 онд зохион байгуулагдсан анхны дээд хэмжээний уулзалтаас хойш Хятад Төв Азийн улсуудын худалдаа 35 хувиар өсч ойролцоогоор 100 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсчээ. Ийнхүү эдгээр 6 улсын хамтарсан үйлдвэр, төслийн тоо 10,000-аас давсан байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстаны Астана хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс 2025 онд Төв Азийн 5 улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд 1,5 тэрбум юань буюу 208 сая долларын буцалтгүй тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн. Төв Азийн аюулгүй байдлын асуудал ОХУ, АНУ, БНХАУ-ын хувьд хамгийн чухал, гадаад бодлогынх нь салшгүй нэг хэсэг. БНХАУ-ын хувьд тус асуудал бол хамгийн их тулгамдаж буй асуудал мөн. Хоёрдугаарт, Төв Азийн орнуудын байгалийн баялаг, ашигт малтмал, Төв Азийн орнуудын стратегийн байршил нь БНХАУ-ын хувьд маш чухал хүчин зүйл болж байна. Хятадын хувьд Төв Азийн бүс нутаг нь 21-р зууны шинэ Торгоны зам буюу “Бүс ба зам санаачилга”-ын салшгүй нэг хэсэг, Хятадаас Европ, Ойрх Дорнод хүрэх түшиц зам буюу суваг болж байна.
Дүгнэхэд, БНХАУ-Төв Азийн 5 улстай 2025 онд байгуулсан “Байнгын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагаа”-ны гэрээ нь бүс нутгийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, дэд бүтэц, худалдаа болон олон талт хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах стратегийн ач холбогдолтой.
Энэхүү олон талт гэрээ нь Хятадын “Бүс ба Зам” санаачилгыг институцжүүлж, бүс нутгийн интеграци, тогтвортой хөгжилд баталгаажуулсан эрх зүйн суурь, илэрхийлэл болж байна. Сүүлийн 5 жилд Хятадын хөрөнгө оруулалт Төв Азийн орнуудад эрчимтэй өсч, дэд бүтэц, эрчим хүч, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт үр дүнтэй хөрөнгө оруулалт болж байгаагаар БНХАУ-ын бүс нутгийн стратегийн нөлөөг бэхжүүлж байна.
БНХАУ-ын Төв Азид хийж буй хөрөнгө оруулалт, худалдааны өргөн хүрээтэй хамтын ажиллагаа нь зөвхөн эдийн засгийн хувьд биш, геополитикийн хувьд ч стратегийн ач холбогдолтой. Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн нөлөө, идэвхи оролцоо тус бүс нутгийн тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжилд шинэ хандлага бий болгож, Хятадын бүс нутгийн гадаад бодлогыг бататгаж байна. Энэ гэрээ нь олон талт, бүс нутгийн интеграцид суурилсан хамтын ажиллагааны загвар болж чадсан нь Хятадын өсөх нөлөөг илтгэж байна.
Эндээс үзэхэд, БНХАУ Төв Азийн орнуудтай зөвхөн хоёр талт харилцаагаар бус, олон талт дээд хэмжээний уулзалт, гэрээний механизм ашиглан харилцаагаа өргөжүүлж байна. “Байнгын сайн хөрш, найрсаг хамтын ажиллагааны гэрээ” нь олон талт дипломатын шинэ загвар болох хандлагыг бий болгож, Бээжин хөрөнгө оруулалт, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, аюулгүй байдлын салбарт стратегийн нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүний үр дүнд БНХАУ Төв Азийн бүс нутгийн геополитик, эдийн засгийн орчинг ирэх арван жилд өөрчлөх, стратегийн давуу байдлыг бий болгох байр суурьтай болжээ.
Монгол Улс Төв Азийн орнуудтай хил залгаа, эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн харилцаагаар шууд холбогддог тул БНХАУ-ын өсч буй нөлөө Монгол Улсад шууд болон шууд бус байдлаар нөлөөлнө.
Төв Азийн аюулгүй байдлын асуудлыг нэгдүгээрт, дэлхийн аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг, хоёрдугаарт, энэ бүс нутагт Монгол Улс мөн түүнчлэн ОХУ, БНХАУ-ын муж, Бүгд найрамдах улсууд, автономит районууд шууд хиллэн оршдог гэдгийг нь онцлох нь зүйтэй. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн бодлогын хүрээнд Төв Азийн аюулгүй байдлын асуудал нь гурван талын төдийгүй олон талын хамтын ажиллагааг шаардсан асуудлуудын нэг мөн. ОХУ, БНХАУ-ын олон субъектүүд Монгол Улстай шууд хил залгаа оршиж байгаа явдал нь гурван улсыг шууд болон шууд бус замаар бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудалд татагдан орж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Бүгд Найрамдах Узбекистан Улсад, 10-р сард Туркменистан Улсад төрийн айлчлал хийсэн нь тус 2 улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 2 талт улс төр, эдийн засгийн харилцааг сэргээх зорилготой байв. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ онд Бүгд Найрамдах Кыргызстан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийсэн нь Төв Азийн улсууд руу чиглэсэн хоёр талт хамтын ажиллагааг дахин сэргээж бэхжүүлэх чухал алхам байсан. Ийм учраас Монгол Улсын хувьд ч тус бүс нутгийн улс орнуудтай харилцахдаа БНХАУ-Төв Азийн олон талт хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага, үйл явцыг ажиглаж, гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцдаа харгалзан үзэх нь чухал юм.
Ирээдүйд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцахдаа Хятадын адилаар “Монгол-Төв Ази” форматтай төстэй олон талт хамтын ажиллагааны механизм ч бий болгох боломжийг үгүйсгэхээргүй гэж үзэж байна. Монгол-Төв Азийн харилцаа нь нүүдэлчдийн түүхэн, соёлын нэгдмэл агуулга, үнэт зүйл дээр суурилсан онцлогтой. Энэ утгаараа Монгол Улсын хувьд Төв Азийн бүс нутаг нь соёлын зөөлөн хүчний стратегиа амжилттай хэрэгжүүлэх, улс төр, эдийн засгийн нөлөөллийг тэнцвэртэй нэмэгдүүлэх боломж бүхий чухал бүс нутаг гэж үздэг.
















