-Хятадын эрх баригчид армийн удирдлагуудаа хорьжээ. Ямар шалтгаанаар эдгээр хүмүүсийг шалгаж эхэлсэн юм бэ?

-Хятадад өнгөрсөн долоо хоногт маш том үйл явдал болсон. БНХАУ-ын Төв Цэргийн Зөвлөлийн дэд дарга Жан Юся, Төв цэргийн зөвлөлийн Нэгдсэн штабын газрын дарга Лю Жэньли нарыг "сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн" хэмээн буруутган баривчилсан. Армийн генерал, томоохон албан тушаалтнуудыг шалгах үйл явц сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа. Энэ удаагийн баривчилгаа тэрхүү үйл ажиллагааны нэг хэсэг.

-Жан Юсяг төрийн эргэлт хийхээр завдсан гэдэг нь хэр бодитой вэ?

-Хятадад төрийн эргэлт болох боломжгүй.

Хятад нам, төр, цэрэг гэдэг системтэй явдаг. Нам, төр, цэргийг гурвуулааг нь атгасан хүн Ши Жиньпин ганцаараа. Хятад бүх эрх мэдлээ Ши Жиньпиний гарт атгуулчихсан. Тэр бүгдийг хянаж байгаа. Тиймээс төрийн эргэлт гараагүй, гарах ч боломжгүй юм.

Жан Юся цэргийн хүн. Засаг дээр эрх мэдэл байхгүй, намын тухайд хамгийн өндөр 24 албан тушаалтны л нэг юм. Тэр нам, төрийн хүмүүстэй хамтарсан бол төрийн эргэлт хийх байсан. Гэхдээ нам төрийнхөнтэй уулзъя гэсэн ч хянадаг хүмүүс байдаг учраас боломж хязгаарлагдмал юм. Энэ үйл явдлыг төрийн эргэлт гэж үзэхээсээ илүүтэйгээр Ши Жиньпиний авлигал, хээл хахууль, цэргийнхний дунд хийж буй цэвэрлэгээ гэж харах нь зөв.

-Жан Юся гэж яг хэн юм бэ?

-Жан Юся нь жирийн нэгэн биш. Тэр Хятадын цэрэг армид Ши даргын дараа орох эрх мэдэлтэй, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн юм. Мөн түүний аав Ши Жиньпиний аав Ши Жүншүнтэй мөр зэрэгцэн БНХАУ-ыг байгуулалцсан хувьсгалч хүн юм. Тэр ч утгаараа энэ хоёр эртнээс бие биеэ мэддэг.

Ийм өндөр албан тушаалтан учир Жан Юсяг барьсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан хэрэг. Төв цэргийн зөвлөлийн Нэгдсэн штабын газрын дарга Лю Жэньлиг хамтад нь барьсан нь ч анхаарал татаж байгаа юм.

-Төрийн эргэлт хийхийг завдсан, буудалцаан болсон гэх зэрэг нь ташаа мэдээлэл гэсэн үг үү?

-Хятадын улс төрд өрнөж буй эрх мэдлийн тулаан хаалттай хаалганы цаана л өрнөдөг. Энэ ч утгаараа Хятадын мэдээллийг дэлхий нийт БНХАУ-ын төрийн мэдээлэл, олон улсад Бээжингийн улс төрийн талаар мэдээлдэг чөлөөт цахим орчин (баталгаатай бус) , АНУ, болон барууны том хэвлэл мэдээлэл гэсэн гурван сувгаас л авдаг. Манайд “төрийн эргэлт болох гээд бүтэлгүйтсэн”, “буудалцаан болсон” гэх мэт мэдээллүүд багагүй цацагдсан. Энэ нь олон улсын чөлөөт цахим орчноос авсан мэдээллүүдээс авсан харагдсан. Хувь судлаачийн зүгээс уг эх сурвалжаас ирсэн мэдээллийг 100 хувь зөв, баталгаатай гэж боддоггүй, эргэлзсэн байр суурьтайгаар бүгдийг нь харж сонсож байдаг.

Гэхдээ эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөсөн, тодорхой хэмжээний эсэргүүцэл тулгарсан гэдэг зүйл ихээр яригдаж байгаа. Чөлөөт цахим мэдээллээс харьцангуй итгэж болохуйц гэгддэг эх сурвалжийн нэг Цай Шэнкүний (Cai Shen Kun蔡慎坤 ) бичиж мэдээлж буйгаар өнгөрсөн арванхоёрдугаар сард

Жан Юся Ши Жиньпиний өөдөөс харж байгаад “Чи энэ улсын цэргийг хэдий болтол бусниулах гэсэн юм бэ. Энэ олон генералуудыг авч хаяж, хятад цэргийн нэр хүнд нөлөөг үгүй хийж, БНХАУ-ын цэргийг хэзээ ч байгаагүйгээр самарч байна. Чи яг яах гэж, ямар зорилготой ийм зүйл хийж байгаа юм бэ. Би чамайг энэ өрөөнөөс гаргахгүй байвал цэргийн эргэлт хийж байгаад тооцох уу” гэж хэлсэн хэмээж буй.

Энэ талаар X, YouTube болон бусад чөлөөт хэвлэлүүдээр цацагдсан.

Энэ нь Хятадын албан ёсны мэдээлэлд “Жан Юся цэргийн төв комиссын даргын өмнө хариуцлага хүлээх зарчмыг ноцтой зөрчиж, уландаа гишгэсэн” гэж буруутгасны шалтгаан болсон гэж олон хүмүүс үзэж, Цай Шэнкүний мэдээллийг үнэн байж болзошгүй гэж үзэж байна. Ер нь Жан Юся бол Ши Жиньпинээс гурван насаар ах. Хувьсгалчийн хойч үе талаасаа өөрийн хашсан алба, нэр нөлөө талаасаа ч Ши Жиньпиний өөдөөс хатуу үг хэлэх эрхтэй цор ганц хүн байсан юм. Ямартай ч энэ үйл явдлыг цэргийн эргэлт гэхээс илүүтэйгээр өөрийн эрх мэдэлд заналхийлэл болохуйц цэргийнхнийг дарах, ирээдүйд болох цэргийн эргэлтийн эрсдэлээс сэргийлсэн Ши Жиньпиний алхам гэж харж байна.

-Тэгэхээр энэ удаагийн баривчилгаа Ши Жиньпиний ээлжит нэгэн “цэвэрлэгээ” байж ээ?

-Гадаад улс орнуудын гуравдагч өнцгөөс харвал “цэвэрлэгээ”, БНХАУ-ын албан ёсны үг хэллэгээр “авилга хээл хахууль, хууль дүрэм сахиулах үйл ажиллагаа”. Ер нь бол Хятадын цэрэг армид 2023 оноос хойш ийм үйл ажиллагаанууд эрчимтэй явагдаж байна. Энэ удаагийн үйл явдал хамгийн оргил цэг нь болж байна.

-Эрх мэдлийн төлөөх тулаан уу эсвэл үнэхээр хариуцлага тооцож буй үйл явц уу?

-Ерөнхийд нь харвал Ши Жиньпин Засгийн эрхэнд гарснаас хойш гурван үе шаттай авлигал хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний үе шат нь 2013-2016 оны хооронд өрнөсөн. Хятадын Коммунист нам, цэрэг, төрийн бүтцийг бүхэлд нь өөрчилж, өөрийнхөө улс төрийн байр суурийг бэхжүүлсэн. 2016 оны эхний хагаст энэ үйл явц дуусаж нэг хэсэг намжмал байсан.

Хоёрдугаар үе шат ковидын өмнө болон ковидын үеэр болж, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлсэн, энэ нь Ши Жиньпиний ядуурлыг тэглэх бодлого зорилттой холбоотой. Энэ үеэр Эрүүл мэнд, Боловсрол, технологийн чиглэлд илүү анхаарал хандуулсан. Хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх цахим тоглоомыг хязгаарлаж, технологийн хяналтыг чангатгасан. Мөн монопол технологийн компаниудыг шалгаж, банк санхүүгийн хяналтыг хатуу болгосон. Үүний нэг жишээ нь бидний мэдэх Жэк Ма. Тэрээр Ши Жиньпиний банк санхүүгийн бодлогын эсрэг байр суурь илэрхийлснээс болж компани нь торгуулсан.

Улмаар 3-р үе шат 2023 оноос эхэлж цэрэг арми, мөн нам рүү чиглэсэн цэвэрлэгээ гэж болохоор авлига хээл хахуулийн шалгалтыг хийж байна. ХКН доторх “цэвэрлэгээ” одоо ч үргэлжилж байна. Банк санхүү, эдийн засгийн салбарт чиглэсэн шалгалтыг үе үе хийж байгаа бол цэрэг армийн цэвэрлэгээ сүүлийн хоёр жил гарны хугацаанд маш ширүүсэж байна. 2022 оны ХКН-ын Төв Хорооны 20 дугаар их хурлаар сонгогдсон 205 гишүүний 44 нь цэргийн албан хаагч байдаг. 2025 оны аравдугаар сард болсон ХКН-ын Төв Хорооны 4-р бүгд хурлын үеэр тэдний 11 нь нам, цэргийн албанаас хөөгдсөн. Одоо Жан Юся, Лиү Жэнли хоёр баригдсанаар нийт 13 хүн болж байна. Мөн БНХАУ-ын өмнөх хоёр Батлан хамгаалахын сайд шалгагдаж баригдсан, Вэй Фэнхө 2023 онд ажлаас хүлээлгэж өгөөд тэр жилдээ баригдаж шалгагдсан. Мөн Ли Шанфу 2023 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа гэнэт алга болж, хэдэн сарын дараа түүнийг авлига хээл хахуулын хэргээр баривчилсан тухай мэдээлсэн. Одоогийн Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байгаа Дун Жүнийг ч мөн тун удахгүй баривчилна гэх яриа гараад байгаа.

2025 оны аравдугаар сард BBC-ийн мэдээлсээр БНХАУ-д 2013-2025 оны хооронд буюу 12 жилийн хугацаанд нийт 406 нам, төрийн удирдах дээд албан тушаалтан авлигын хэргээр шалгагдаж, албан тушаалаасаа буусан гэх тоо баримт байна.

-Армийн цэвэрлэгээ ширүүсэж байгаа нь Цэргийн төв зөвлөлийн гишүүдээ “намнаж” эхэлснээс тодорхой харагдаж байна л даа.

- Цэргийн төв зөвлөл нь Хятадын цэрэг армийн хамгийн том байгууллага,  долоон хүний бүрэлдэхүүнтэй байдаг. 2022 оны аравдугаар сард ХКН-ын 20 дугаар их хурлын дараагаас бүрэлдсэн цэргийн төв зөвлөл дотроо нэг дарга, хоёр дэд даргатай. Нэгдүгээр хүн нь Ши Жиньпин, хоёрдугаар хүн нь дэд дарга Жан Юся юм. Өнгөрсөн аравдугаар сард тус зөвлөлийн өөр нэг дэд дарга буюу гуравдугаар хүн болох Хө Вэйдун, дөрөвдүгээр хүн буюу улс төр үзэл суртал хариуцдаг гишүүн Миао Хуа нарыг намаас хөөж баривчилсан тухай зарласан. Өөрөөр хэлбэл 2022 онд зөвлөлийн гишүүдээс Ши Жиньпинээс бусад зургаан хүн бүгд баригдаж хоригдоод байгаа. Одоо энэ зөвлөлд Ши Жиньпинээс өөр нэг хүн байгаа нь сүүлд нөхөөс байдлаар буюу саяхан аравдугаар сард томилсон дэд дарга Жан Шэнмин гэж хүн байгаа.

Цэргийн салбарт авлига хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаа 2022 оноос буюу АНУ-ын парламентын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах үеэс эхэлсэн гэж үздэг. Тухайн үед хятадууд Тайванийг бүсэлж цэргийн сургуулилт хийсэн. Энэ сургуулилтаас Хятадын цэргийн бэлэн байдал, технологийн хүчин чадал муу байна гэх мэдээлэл гарсан. Пуужин харвалтын оновчтой байдал, цэргийн хангамж зэрэг муу байна гэж шүүмжлүүлж эхэлсэн нь цэргийн салбарыг шалгах шалтгаан болсон гэж үздэг. Дараа нь 2023 онд АНУ-ын судалгааны байгууллага БНХАУ-ын пуужин болон цөмийн мэдээллийг зарласан зэргээс үүдэлтэйгээр цэргийн генералууд, батлан хамгаалахын сайд нар нь баригдаж, хоригдсон. Баригдсан хоёр батлан хамгаалах яамны сайд хоёулаа цэргийн ар тал хангамжийг хариуцсан газрын даргын алба хашиж байсан, энэ удаа баригдсан Жан Юся тэр хоёрын өмнө уг албан тушаалыг хариуцаж байсан юм. Гэхдээ энэ бол Жан Юсяг баривчлах үндсэн шалтгаан биш, өөр улс төрийн шалтгаантай байсан гэж үзэж байна.

-Улс төрийн талаасаа Жан Юсяг хорих ямар шалтгаан байв?

-2024 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын цахим ертөнцөд “Жан Юся цэргийн эрх мэдлийг бүрэн атгаж байна, Ши Жиньпин эрх мэдэлгүй болсон” гэх мессеж түгэх болсон. Дээрх Батлан хамгаалахын сайд нар болоод Ши Жиньпиний томилсон хүмүүс баригдаад эхлэх үед “Жан Юся Ши Жиньпины талын хүмүүсийг баривчлаад байна. Ши Жиньпин эрх мэдэлгүй болж байна” гэх мэдээлэл ихээр цацагдсан. Энэхүү мэдээллийг хоёр жилийн турш хятадаас зугтаж гарсан, ХКН-ыг эсэргүүцдэг, улс төрийг чөлөөтэй мэдээлдэг хүмүүс сэвж, дэвэргэсэн. Харин Жан Юся баригдсан нь энэ мэдээлэл худлаа байсан гэх эцсийн хариулт боллоо.

Ер нь бол хятадын дотоод улс төрийн зөрчлийн мэдээллүүд эхлээд чөлөөт хэвлэлээр хэдэн сараар магадгүй жил дамнан сэвэгддэг. Тэдгээрээс зарим нь л оновчтой байдаг. Уг оновчтой мэдээ аажмаар олон талаар батлагдаад эхэлмэгц барууны томоохон хэвлэлүүд мэдээлж, сүүлд нь Хятадын төв хэвлэл нотлон мэдээлдэг, үйл явц ихэвчлэн ингэж л өрнөдөг. Гэтэл Жан Юсяг баривчилсан асуудал маш хэвийн бус байдлаар мэдээлэгдсэн. Чөлөөт хэвлэл мэдээлэл хардаж мэдээлж эхэлмэгц долоо хоноогүй байхад Хятадын төв хэвлэл шууд зарласан. Дараа нь гаднын томоохон мэдээллийн хэрэгслүүд үүнийг дагаж мэдээлсэн. Синхуа агентлаг англи хэл дээр маш хурдан мэдээлснээс харахад өмнөд хөрш үүнийг гадаад ертөнцөд түгээж, хурдан дарж авах гэж яарч байгааг харуулж байна. Өчигдөр “Жан Юся Хятадын цөмийн мэдээллүүдийг АНУ-д өгсөн” гэх мэдээлэл гарсан байна лээ. Энэ нь цэргийн асар том эрх мэдэл нөлөөтэй даргыг баривчилсан явдлаа дотооддоо зөвтгөх, баривчлах нь зүй ёсных байсан гэж харуулах, нийгэмдээ Жан Юсяг “дайсандаа урвасан хүн” гэж ойлгуулах гэсэн Бээжингийн эрх баригчийн бодлого байх гэж бодож байна.

Ши Жиньпинд үнэнч биш байсан гэж мэдээлснээс дайсандаа урвасан гэж харуулах нь илүү дэмжлэг авах нь тодорхой юм.

Сүүлийн мэдээллээр Жан Юсягийн ажиллаж байсан хойд цэргийн тойрогт шалгалтын комисс илгээж шалгалт явуулж байна. Цаашдаа Хятадад олон тооны томоохон цэргийн албан хаагчид баригдах байх гэж таамаглаж байна.

-Нэгэнт хүчтэй өрсөлдөгч нь баригдсан учир Ши Жиньпиний ноёрхол цаашид үргэлжилнэ гэдэг нь тодорхой болчхов уу. Түүнд өөр өрсөлдөгч, сөргөлдөгч бий юү?

-Ши Жиньпин 10 гаруй жилийн турш авлигын эсрэг үйл ажиллагаагаа явуулж байна. Ши Жиньпиний эхний үе шатны авлига хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаа нь өрсөлдөгчөө дарах, өмнөх үеийн хүмүүсийн нөлөөг шахах, хүчтэй удирдагчийн байр суурийг олж авах зорилготой байсан. Энэ нь ч БНХАУ-ын нийгэмд таалагдаж нэр хүндээ өсгөсөн. Улмаар Ши Жиньпин зорилгодоо хүрч Маогийн дараа орох нөлөөтэй хүчирхэг удирдагч гэгдэх болсон. Авлига хээл хахуулийн эсрэг гэгдэх хоёрдугаар үе шатаар өөрийн үеийн Ли Көчян зэрэг улс төрчдийг шахаж, үндсэн хуульд өөрчлөлт оруулж нам, төрийн бүх эрх мэдлийг өөрт төвлөрүүлсэн. Авлига хээл хахуулийн эсрэг гуравдугаар үе шатанд Ши Жиньпин өөрийнхөө томилсон хүмүүсээ шийтгэн “цэвэрлэж”, тэтгэвэрт гарсан нам төрийн улс төрчдийг шалгах болсон. Үүнийг одоо ч ажиглагчид гайхаж, таамагласан байдалтай байна. Судлаачид БНХАУ-ын авлигын эсрэг эцэс төгсгөлгүй тэмцлийг засаглалын асуудал, коммунист намын тэмцлийн талаарх үзэл суртлын соёлтой холбон тайлбарлаж байна. Одоогийн нөхцөл байдал үнэндээ авлига, хээл хахуулийн эсрэг гэж байгаа ч Ши Жиньпинд үнэнч үү гэдэг шалгуурын асуудал болон хувирч, засаглал тогтолцооны асуудал болоод байгаа.

Ши Жиньпин сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бүх өрсөлдөгчөө дарж авсан. Одоогоор түүнтэй өрсөлдөх хүн байхгүй. Гэхдээ түүнд тулгарч буй сорилт гол асуудал бол тодорхойгүй нөхцөл байдал юм. Богино хугацаандаа өмнөд хөршид тулгарч буй асуудал бол одоогийн энэ цэрэг, батлан хамгаалах салбарт явуулж байгаа “цэвэрлэгээ” хэрхэн, хэзээ ямар байдлаар өндөрлөх нь том асуултын тэмдэг болоод байна. Жан Юся баригдсаны дараа цэргийн салбарын Ши Жиньпинг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл маш сул байна. Жан Юся цэрэг арми дотроо өндөр нэр хүндтэй хүн байсан. 1968 оноос цэргийн албанд зүтгэсэн учраас хятадын цэрэг армийн олон хүн түүнтэй холбоотой, бүгдийг барьж хорих нь тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. Одоогоор цэрэг армийн дарга нар утсаа хураалгаж, цэргийн бүх шилжилт хөдөлгөөн зогсож, бүх анги нэгтгэл өндөр хяналт дор байна.

Цэргийн салбарынхан бүгд айдастайгаар чимээгүй нөхцөл байдлыг ажиглаж байна. Энэ нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөх, авлига хээл хахуулийн давлагааг яаж зогсоох нь тодорхойгүй байгаа нь богино хугацаанд тулгарч байгаа сорилт болоод байна.

Өмнөд хөршийн урт хугацааны сорилт бол засаглалын залгамж алдагдаж нэг хүний гарт шилжсэн асуудал юм. Одоогоор Ши Жиньпинд өрсөлдөгч байхгүйгээс гадна дараагийн залгамжлагч гэх хүн харагдахгүй байгаа нь урт хугацааны тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.