Их Британийн засгийн газар 2025.07.17-ны өдөр (орон нутгийн цагаар) улс даяар сонгуулийн насны хязгаарыг 16 болгон бууруулна гэж мэдэгдлээ. Засгийн газар энэ алхмаа "Британийн ардчиллыг орчин үеийн болгоход чиглэсэн шинэлэг өөрчлөлтийн нэг хэсэг" гэж тайлбарлав.

Одоогийн байдлаар Шотланд болон Уэльс парламентын болон орон нутгийн хурлын сонгуульд 16 настайдаа санал өгөх эрхтэй. Гэсэн хэдий ч Их Британийн бүх нийтийн сонгуулийн санал өгөх эрхтэй насны доод хэмжээ 18 байсан.

Их Британийн Засгийн газар сонгуулийн насыг бууруулснаар “Ардчилсан оролцоог дэмжиж, Британийн ардчилалд итгэх итгэлийг сэргээхэд тусална” гэж мэдэгджээ. Британийн парламентын тайланд дурдсанаар, 2024 оны бүх нийтийн сонгуульд сонгогчдын ирц 59.7% байсан нь 2001 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. BBC  агентлаг "1969 онд сонгуулийн насны доод хязгаарыг 21-ээс 18 болгон бууруулснаас хойшхи сонгогчдын хувьд хамгийн том өөрчлөлт" гэж тодорхойлсон байна.

Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер ITV-д өгсөн ярилцлагадаа “Би 16-17 настай хүүхдүүд санал өгөх эрхтэй байх нь үнэхээр чухал гэж үздэг. Ингэснээр илүү олон залуучууд ардчилалыг бэхжүүлэх үйлсэд гар бие оролцож, мөн хэрхэн яаж татвар төлөх, түүнийг хэрхэн зохистой зарцуулах талаар үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож байгаад тун баяртай байна” гэжээ.  Мөн тэрээр цааш хэлэхдээ, санал өгөх насыг бууруулахын тулд парламентаас зөвшөөрөл авах шаардлагатай ч одоогийн парламетад Хөдөлмөрийн нам олонхи болж байгаа тул энэ үйл явц саадгүй явагдах төлөвтэй байна. Сонгуулийн насыг бууруулах нь өнгөрсөн сонгуулийн үеэр Хөдөлмөрийн намын амлалт байсан. Гурав дахь том нам болох Либерал ардчилсан нам, жижи нам болох Шотландын үндэсний нам (SNP) ч энэ алхмыг сайшааж байгааг дурдав.

Өнгөрсөн оны долдугаар сард болсон парламентын сонгуулийн өмнө сөрөг хүчин байсан Хөдөлмөрийн нам залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн насыг бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ талаар тухайн үеийн эрх баригч Консерватив нам Хөдөлмөрийн нам нэгэн үеийн эрх мэдлийг гартаа авахыг оролдож байна хэмээн эсэргүүцэж байв. Энэ нь дэвшилтэт үзэл хандлагатай залуучуудын оролцоог дэмжсэнээр, тэдгээр залуусаар Хөдөлмөрийн намыг дэмжүүлэх үндэслэл болж байна гэв. Сонгуулийн өмнөхөн Хөдөлмөрийн намыг дэмжигчдийн хувь Консерватив намыг гүйцэж түрүүлэв.

Их Британийн Засгийн газар сонгуулийн насыг бууруулахаас гадна сонгогчийг мэдээллийг нягтлах ажлыг хөнгөвчлөх болно гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, сонгогчийн бичиг баримтын хамрах хүрээг өргөтгөж, банкны карт, ахмадын картаар иргэний үнэмлэхний нэгэн адил санал өгөх боломжийг нэвтрүүлнэ хэмээн зарлав.  Мөн ирэх хэдэн жилийн дотор сонгогчдын автомат бүртгэлийг бий болгохын төлөө ажиллахаа мэдэгдсэн байна.

Улс төрийн ухааны доктор (Ph.D) Э.Саранцэцэг