Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн долоо дахь удаагийн санхүүжилтээр Дэлхийн хуурай хээрийн бүсэд хамаарагдах 11 орныг хамруулан хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн (DSL-IP) хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Бэлчээрийн тогтвортой менежмент” дэд сэдвийн дор Төв Азид Монгол Улс, Казахстанд төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ хүрээнд бий болсон сайн туршлага, мэдлэгийг хуваалцах анхны арга хэмжээг өнгөрсөн онд Казахстаны Алматы хотод зохион байгуулсан. Хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн хөтөлбөр (DSL-IP) нь Зүүн, Баруун, Өмнөд Африк, Төв Азийн 11 улсад хэрэгждэг.
Энэ удаад Монгол Улсад хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцах зорилгоор төслийг хэрэгжүүлэгч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль хамгааллын олон улсын холбоо (IUCN), газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ (WOCAT), Казахстан Улсын Хүнс, хөдөө аж ахуй яамны Газрын нөөцийн менежментийн Хороо, үндэсний болон орон нутгийн газрын албаны холбогдох албан тушаалтан, Киргизын Бэлчээрийн төрийн бүс байгууллагын төлөөлөл зэрэг нийт 50 гаруй гадаад, дотоодын төлөөлөгчид 2025 оны наймдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах семинар болон танилцах аялалд оролцож байна.

Хүний нөлөөлөлд харьцангуй бага өртсөн, цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн төллөх, амьдрах чухал орчин болсон Дорнодын тал хээрийн бүсэд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 9 суманд 2021-2026 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам манлайлан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) хамтран хэрэгжүүлж байна.
Энэхүү туршлага солилцох арга хэмжээ нь Монгол Улсын санаачлагаар ирэх онд тэмдэглэн өнгөрүүлэх олон улсын бэлчээрийн жилийн арга хэмжээ, Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын өмнө зохион байгуулагдаж байгаа нь цаашид бүсийн хэмжээнд хамтын ажиллагааны томоохон чиглэлийг тодорхойлох боломж олгох юм.


УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦСОН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХ ТЕХНОЛОГИЙГ ЗҮҮН БҮСИЙН МАЛЧДАД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Төслийн зүгээс газрын доройтлыг бууруулах зорилгоор Аймаг нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд байгаль хамгааллын асуудлыг харгалзсан аргачлалыг батлуулж, бэлчээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүллээ. Мөн малын чанар, угсааг сайжруулах, ногоон тэжээл тариалж дарш бэлтгэх, тэжээлийн эргэлтийн сан байгуулах, малын жишиг саравч, хашааг нэвтрүүлэх зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхлэх технологийг зүүн бүсийн малчдад нэвтрүүлж байна.
Мөн Дорнод хээрийн бүст хөрсийг салхины элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байгаль орчинд ээлтэй газар тариалангийн дэвшилтэт “Холимог тариалан”-ийн технологийг амжилттай эхлүүлээд байна. Тариалангийн талбайд зөвхөн нэг төрлийн ургамлыг тарих бус хоёроос дээш төрлийн ургамлыг хамтад нь тариалж, хөрсний үржил шимийг хадгалах, тогтвортой ашиглах боломжийг нэмэгдүүлдгээрэ уг технологи нь онцлогтой.
“Эко гудамж” санаачилгыг хэрэгжүүлж Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын айл өрхүүдийг хамруулаад байна. Төсөл, сум, өрхүүдийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа уг ажлын дүнд 2024 онд айл өрхүүд 13 төрлийн хүнсний ногоог тариалжээ. Хашааны газартаа хүнсний ногоо тариалах үйл ажиллагаа өргөжсөнөөр өрхийн хүнсний хангамж, шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх зэрэг дам үр нөлөө гарч байна.
Төслөөс 2023 оноос 2024 онд БНГ-ын орчны бүсэд байгальд ээлтэй тогтвортой бизнесийг дэмжих зорилгоор нийт 642.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 6 төслийг сонгон шалгаруулж 321.7 сая төгрөг буюу нийт хөрөнгө оруулалтын 50.1%-ийг төслийн хүрээнд тэтгэлэг байдлаар олгож үлдсэн 49.9%-ийг нь орон нутгийн бизнесүүд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Дорнод аймгийн Булган суманд ноос угаах үйлдвэр, Хөлөнбуйр суманд Мах сүүний хагас эрчимжсэн аж ахуйн ферм, Хэнтий аймгийн Баян-Овоо болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд зөгийн бал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд дайвар боловсруулах үйлдвэрлэлийн төслүүд шалгарсан бол Хэнтий аймгийн Баян-Адарга суманд нүүдлийн өв соёл-экологийн сургалтын төв байгуулагдсан байна. Мөн 2024 онд малын дайвар, дотор мах боловсруулах үйлдвэр байгуулах төслийг эко-бизнесийн тэтгэлэг олгох шийдвэр гарснаар мал, нядалгаа, хээрийн бойноос байгаль орчинд хаягддаг маш олон малын дотор гэдэс, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан орлого бий болгох нөхцлийг бүрдүүллээ.