Байгаль цаг уурын шалгуурыг сөрж тэсвэрлэх, дасан зохицох сорилт малчдын өмнө тулгарсаар байгаа. Ган, зудын давтамж ойртохын хэрээр бэлчээр хумигдаж, өвс тэжээлийн үнэ нэмэгдэн өрхийн эдийн засагт ачаа нэмж байна. Харин хөдөөгийн малчид энэ бүхэнд бууж өгч, халширч зугтахгүйгээр цаг үетэйгээ ухаалгаар хөл нийлүүлж буй сайн туршлагыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, говийн малчдын тариалангийн талбайгаас сурвалжиллаа. Тэд хаяанд ирсэн өвлийг хамтын хүчээр даван туулахаар бэлтгэж ажилдаа ханцуй шамлан оржээ.
Ургацаа хураагаад илүүг нь борлуулна

Эрдэнэдалай сумын 6-р багт дөрвөн айл нэгдэж нийлээд бүл болжээ. Тэд бүхий л ажлаа элбэж хамтраад амжуулахаас гадна энэ жил таван га талбайд эрдэнэшиш, овьёос, хүнсний ногоо тарьсан нь ургац арвин буйг бидэнд хуучиллаа.
Хоёр га-д эрдэнэшиш, 1.5-га-д овьёос, үлдсэнд нь төмс, лууван, манжин, сонгино тарьсан талаараа тус багийн малчин Х.Одончимэг “Манай бүлд Монголын улаан загалмай нийгэмлэгээс дэмжиж овьёосны үр өгсөн. Бид ч улаан загалмайн идэвхтэн гишүүд. Ахуй амьдрал дэмтэй, тустай сайхан байна.
Анхны жил бага зэрэг алдаа оноотой арга туршлага дутаж, отор нүүдэл гэж явсаар нэг сар хоцорч тариалалтаа хийлээ. Санасныг бодоход ургац сайхан авах янзтай.
Эрт сэрүү орсон болохоор шарлах гээд нэлээн хэд хоногийн өмнөөс хурааж эхэлсэн. Багахан газраас 10 гаруй шуудайг хураачихлаа. Тэгэхээр хоёр га талбайгаас лав 4-5 тонныг авчих байх гэж тооцоолж байна. Ургацаа хурааж дуусаад бүлээрээ хуваана. Малдаа өгөхөө тооцож авч үлдээд илүүг нь зах зээлд борлуулж эдийн засагтаа нэмэр болгохоор төлөвлөж байна. Ирэх жил илүү том талбайд, зөвхөн малын эрдэнэшиш биш хүнсний нарийн ногоо тарина” гэлээ.
Малчид бүлээрээ нийлээд эрдэнэшишийн бутлагч авсан нь өгөөжөө өгч буй талаар 6-р багийн малчин Н.Гансүх “Эрдэнэшишээ хадаж авчраад бутлагч руугаа хийхээр нунтаглаад гаргадаг. Буталсан эрдэнэшишээ зориулалтын гялгар уутанд вакумжуулна. Дотор нь хий орчих юм бол илжрэх аюултай. Эрдэнэшишийг ургамлын уургийн хаан гэгддэг. Бас нэг онцлог нь бага талбайгаас ихийг хураадаг. Тиймээс бид судалж байгаад тарилаа. Өөрсдөө өвс, тэжээлээ тарихаар эдийн засагт хэмнэлттэй, дээр нь малдаа шимтэй шинэхэн өвс өгөх гээд олон талын ач холбогдолтой.
Манай суманд 2-3 жилийн өмнө зуд болоход боодол өвс 34 мянга хүрсэн. Ийм үнэтэй өвс худалдаж аваад хэдэн мал, хэр удаан тэжээх билээ дээ. Тэгээд зарим нь хөлдүү ирдэг. Хөлдүү тэжээл идсэн мал дотроосоо хайрагдана. Арай хөнгөн нь илжирчихсэн байх нь элбэг. Илжирсэн тэжээл идсэн ямаа онд мэнд орохгүй. Тэгээд өөр арга бодоё гэж байтал малчдыг бүл хоршоо болгож байна гэж яригдаад энэ ажил руу ханцуй шамлаад орсон. Байсхийгээд отор нүүдэл хийх ч хэцүү юм гээд өөрсдөө зориг шулуудаад тарьж эхэлсэн. Ер нь Монголын улаан загалмай нийгэмлэгээс байнга л малчид бидэнд тусалж яг л хэрэгцээтэй үед нь цаг үеэ олсон дэмжлэг үзүүлдэг. Энэхүү дэмжлэг нь зөвхөн хэдхэн айл өрхөөр хязгаарлагдахгүй ойр орчим, зэргэлдээ сумын хүмүүст ч сайхан туршлага болж байна шүү дээ” гэлээ.
Малчид ийнхүү 4-5 өрхөөрөө нэгдэж нийлээд өвс, тэжээлээ өөрсдөө тарьчих юм бол цөлжилт нэмэгдэж, бэлчээр хумигдаж буй энэ үед байгаль дэлхийгээ хамгаалж буй нэг хэлбэр. Өвлийн ид үед өвс тэжээлээ ахиу өгөөд бэлчээрээ нөөцөлбэл эргээд сэргэх боломжтой гэдгийг ч тодотголоо. Тэд өвс тэжээлээ өөрсдөө тарьж, өвлийг өнтэй давахаар ажиллаж буй нь энэ.
Ирэх жил усалгааны системээ нарны эрчим хүчээр шийднэ

Өвс, тэжээлээ өөрсдийн гараар тарьж, арчлаад ирэхээр бага сага хүндрэл гарч эхэлснийг цаг тухай бүр нь шийдээд яваа аж. Тариалангийн талбайн хөрс хужиртай, шаварлаг газар. Тиймээс бууц хольж, навч, хөрсний бордоо хийсний үр дүнд сайхан ургасан байна. Анх хэдэн км хол газраас усаа зөөдөг байсан бол орон нутгаас нь дэмжиж худаг гаргаж өгснөөр дуслын системтэй болсон. Хоёр цаг зарцуулахад 4-5 хуруу чийг өгдөг. Энэ хавар шатахууны үнэ өсөж эхэндээ 3100 төгрөг болсноо сүүлдээ тасарч 8000 төгрөгийн шагийн шатахуун авчирч талбайгаа усалжээ.
Тэгээд хэрхэн эдийн засаг, байгальд ээлтэй аргаар шийдэх гарц олсон талаараа Н.Гансүх “Ирэх жилээс арай өөр аргаар усалгаагаа шийдэхгүй бол хүндрэлтэй болж байна. Бид нарны эрчим хүч нь зөв юм уу гэж бодож ярилцаж байгаа. Нарны эрчим хүчээр усалгаагаа шийдчихвэл их аятайхан болчихно.
Бага сага хүндрэл гарсан ч энэ өвөл өвс, тэжээл худалдаж авахааргүй боллоо. Ойролцоогоор нэг айлын 3-4 сая, бүлээрээ дөрвөн айл гээд тооцвол 11-15 сая төгрөг хэмнэнэ. Дээр нь зөөврийн тоосгүй, хөлдөж, илжрээгүй шинэ, шимтэй өвс ногоо малдаа өгнө гээд бид баярлаж сууна. Хол, ойроос хүмүүс ирж үзэж хараад явдаг. Сүүлийн хэд хоногт хөл тасрахгүй байна. Мэдэж чадахыгаа зааж өгөөд, заримд нь ингэж ургадаг гээд талбайгаасаа сугалж өгөөд явууллаа” гэж ярилаа. Ийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль цаг уурын шалгуурт малчид дасан зохицож, хамтдаа хөгжиж байна.






.jpg)








