Малчин малчиндаа малынхаа бэлчээрт мэдлэг мэдээллийг түгээж байна
Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй орон гэдгээрээ дэлхийд бахархдаг. Харин энэ бахархлыг тээж яваа монгол малчдад зориулсан үйл ажиллагаа, хууль дүрэм, журам гаргахад бид хэрхэн ханддаг билээ. Жилийн 4 улиралд цаг наргүй хөдөлмөрлөж үйлдвэрлэдэг сүү цагаан идээ, махыг өндөр үнэтэй байна гэж өөр хоорондоо хэлэлцэж, малчид даварч байна гэдэг. Гэтэл даварчихсан гээд байгаа малчдын эрх ашиг өнөөдөр хэр түвшинд үнэлэгдэж байна вэ? Ялангуяа алслагдсан хөдөө сумдын малчдын эрх ашиг, дуу хоолойг бид сонсож чаддаг билүү?
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр мал тооллогын 2024 оны дүнгээр, манай улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 308.7 мянган малчид мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Нийт малчдын 185.4 мянга буюу 60.1 хувь нь эрэгтэй, 123.3 мянга буюу 39.9 хувь нь эмэгтэй малчид байна. Ийм тоон мэдээлэл гаргадаг болчихсон нь сайшаалтай. Саяхныг хүртэл бид зөвхөн малаа л тоолдог байлаа.

Тэдний амьдралд шийдвэрлэх ёстой тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ?
“Эх болохуй, эхийн хөдөлмөр ба асрахуй: Монголын малчин эмэгтэйчүүдийн тухай” 2024 оны хамтарсан судалгаанд Монголын малчин эмэгтэйчүүдийн туулж буй гурван төрлийн “асралын зөрчил”-ийг ил болгожээ. Үүнд: 1. Нутагаа асрах ба мал сүргээ асрахын зөрчил, 2. Мал сүргээ асрах ба хүүхдээ асрахын зөрчил, 3. Гэр бүл, мал сүрэг, нутаг гурвыг асрах ба өөрийгөө асрахын зөрчилийг илрүүлжээ.


Эдгээр нь соёлын дүрслэл, домог ярианд дүрслэгддэг уламжлалт Монгол эхийн дүр ба малчин эхчүүдийн бодит амьдралын хоорондын зөрчил, мөн эхчүүдийг алдаршуулж, урамшуулах бодлого ба хөдөө орон нутагт эхчүүд болон асралын хөдөлмөрт хангалттай дэмжлэг олгодоггүй бодит байдлын зөрчлийг тод харуулж байна. Асралын хэрэгцээ хангагдаагүйгээс эх, хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүсч, эхчүүдийн олон талын асралын ажилтай холбоотой хэт их хөдөлмөрийн ачаалал нь хот суурин руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлж, Монголын хөдөө нутгийг улам бүр эрэгтэйчүүд давамгайлсан болгож байна.
Ийм учраас монгол улсын нүүдлийн тогтолцоог хадгалахад чухал үүрэгтэй малчин эмэгтэйчүүдийн Эрүүл мэнд, Нийгмийн халамж, Нийгэм-Сэтгэл зүйд чиглэсэн цогц загварыг туршиж “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг “Монфемнет Үндэсний сүлжээ” ТББ, “Хөөрхөн зүрх” ТББ, “ГҮНЖ” төв, “Хил хязгааргүй алхам төв” ТББ хамтран Төв аймгийн Борнуур суманд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд малчин эмэгтэйчүүдийн дэмжих бүлэг байгуулагдаж, цахим ур чадварт суралцаж, сэтгэцийн гэмтэлд суурилсан цөм баг бүрдүүлэн, малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх арга, хэрэгслүүдийг судалж байгаа юм.
Хөтөлбөрийн үйл ажиллагаа Төв аймгийн Борнуур суманд 7, 14 хоног тутамд хэрэгжиж байна. “ГҮНЖ” төвийн хариуцаж буй малчин эмэгтэйчүүдийн дэмжих бүлэг нь ээжүүдийг холбох, өөрийгөө хайрлах, хоорондоо санаа сэтгэгдлээ хуваалцах, ярилцах орон зайг бий болгож байна.

“Харин Хил хязгааргүй алхам” төв ТББ-ын хэрэгжүүлж буй цахим сургалт нь Emongolia системд бүртгэл үүсгэх, орон нутгийн хөгжлийн санд санал өгөх зэрэг цахим орчинд оролцоотой байх ур чадвар олгоход чиглэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “Хөөрхөн зүрх” ТББ-ын зүгээс тус сумын малчин эмэгтэйчүүдийн нийгэм-сэтгэл зүй, эрүүл мэнд, асрахуйн цогц хэрэгцээг хангах, үйлчилгээг тогтвортой хүргэх зорилгоор олон талт төлөөлөл бүхий “цөм баг”-ийг бүрдүүлж, чадавхжуулах ажлыг эхлүүлээд байна.
Хөтөлбөрийн оролцогчид цаашид суралцсан мэдлэг мэдээллээ сум орон нутгийнхаа малчин эмэгтэйчүүдэд хуваалцаж, малчид малынхаа бэлчээрт өөр хоорондоо мэдлэг мэдээллийг түгээнэ гэж бид итгэж байна.
Хөдөө тал нутаг, мал сүрэг, үр хүүхдээ асран хамгаалдаг Малчин эмэгтэйчүүдийнхээ нэгдмэл дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Та бүхэнд цаашид хөтөлбөрт оролцож буй ээжүүдийнхээ түүх, дуу хоолойг үргэлжлүүлэн хүргэх болно.

.jpg)














