Газар нутаг, хүн ам, засаг захиргааны нэгж, нийгэм, эдийн засгийн байдал бүх утгаараа Улаанбаатар хотын хамгийн том хоёр дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. Гэтэл Баянзүрх дүүрэг Засаг дарга, удирдлагагүй долоо хонолоо.

Баянзүрх дүүргийн хуучин Засаг дарга Г.Жаргалсайхан нь нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилогдсон. Тэрбээр сүүлийн зургаан жил Баянзүрхийг засаглахдаа  дүүргийг удирдах бус орлогч даргын хэмжээнд ажиллаж байсан гэх шүүмжлэл гардаг. Тиймдээ ч Баянзүрх дүүрэг хөгжиж шальсангүй. Харин газрын наймаа, доройтсон засаглалаараа толгой цохиж, амьжиргаа нь дорвитой сайжирсангүй.

Тэгвэл Баянзүрхийн шинэ Засаг даргад хэн тохирох вэ гэсэн яриа хөөрөө эдгээр өдрүүдэд өрнөж Г.Жаргалсайханы өмнө нь ажиллаж байсан Н.Баярмөнхийг томилохоор болсон гэх. Н.Баярмөнх Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа газрын асуудлыг цэгцэлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах сургууль, цэцэрлэг барих, хот тохижилтын ажлууддаа гар бие оролцдог байсан гээд иргэд нь ам сайтай байгаа аж.  

Хоёрхон жилийн дотор өчнөөн жил сүр бараагүй явсан Баянзүрх дүүргийн төсвийн орлого ч тэр, харагдах орчин ч тэр, засаглал талаасаа нэлээдгүй дэвшилтэй байсныг тухайн үеийн баг хамт олон нь дүгнэдэг. Гэсэн ч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тухайн үед МАН-ын хорооны дарга болонгуут сайн ажиллаж байсан Н.Баярмөнхийг унагасан.Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Н.Баярмөнх улс төрд эргэн ирэв үү. Тэрбээр саяхан нийслэлийн МАН-ын дэд дарга, тэргүүлэгчээр сонгогджээ. Ийн Баянзүрхийн хөгжлийн гацааг арилгах шинэ Засаг даргаар Н.Баярмөнх эргэж очих уу гэдгийг харах үлдлээ.