Байгаль орчин бол ард түмний баялаг. Тиймээс дэлхий нийт болон урд хөрш байгаль хамгааллыг төрийн бодлогынхоо тэргүүн эгнээнд тавьж, онцгойлон анхаарсны үр дүнд олон эерэг өөрчлөлтүүд гарч байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэргээр экологийн шийдэл, хамгаалал эмзэг, тулгамдсан асуудал болж буй өнөө үед ногоон эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх нь тогтвортой хөгжилд түүчээлэх томоохон алхам юм.

Үүний тулд цөлжилтийг шинэ эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломж гэж буй бол байгаль хамгааллыг бизнесийн загвар модель гэж харах нь зүйтэй.

Тэр дундаа нөхөн сэргээлтийг заавал төсвөөр биш зах зээлээр санхүүжүүлэх бүрэн боломж бий зэргээр ногоон хамтын ажиллагааны бүхий л арга замыг хэлэлцэж шинэ санал санаачилга дэвшүүлж, шийдэл эрэлхийлсэн эрдэмтэн, судлаач, экпертүүдийн индэр нь “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал байв.

-Байгаль хамгаалал төсвөөс гардаг зардал биш хөрөнгө оруулалт, өөрийгөө санхүүжүүлэх эдийн засгийн шинэ салбар-

Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн ногоон коридор байгуулах боломж бүрэн дүүрэн бий гэдэгт хуралд оролцогчид санал нэгдэв. Эдийн засгийн хөгжлийн яамны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газрын дарга Д.Эрдэнэтуяа “Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгоход цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ болж байна. Хоёр орны ногоон хамтын ажиллагааны нэг жишээ бол  Эрдэнэбүрэнийн УЦС юм. Мөн цөлжилттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөгжлийн төслүүд үргэлжлэх болсонд таатай байна” гэдгийг онцоллоо.

Фүданы их сургуулийн профессор, “Нэг бүс нэг зам” ба дэлхийн засаглал институтын дэд дарга Хуан Рэньвэй “Бүс ба зам санаачилгын хүрээнд дэд бүтэц, зам гүүр, боомтын холболтууд хийгдэж, үүний дараа эрчим хүчний асуудалтай нүүр тулж эхэлсэн. Уламжлалт болон уламжлалт бус эрчим хүчний асуудлыг ярих ёстой. Уламжлалт эрчим хүчийг нүүрсэн суурьтай, газрын тосноос эх үүсвэртэй гэж ойлгож болно. Хятад улсад 10 жилийн өмнө уламжлалт эрчим хүч буюу 60 хувь нь нүүрс, 20 хувь нь сэргээгдэх эрчим хүч байсан. Бүс ба санаачилга бий болоод 13 жил байна. Энэ санаачилгын дагуух орнуудад эрчим хүчний шилжилт хурдацтай, амжилттай хэрэгжиж, томоохон өөрчлөлтүүд гарч байна. Уламжлалт эрчим хүчнээс сэргээгдэх рүү хурдацтай шилжиж байгааг харуулж байна. Пакистан улс гэхэд 10 хүрэхгүй жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэрээ бүрэн шийдээд зарим хэсгийг нь экспортолж байна. Эрчим хүчний асуудлаа шийдэж чадвал бусад үйлдвэр үйлчилгээ сэргэдэг. Үүнийг Хятад-Пакистаны ногоон коридор гэж хэлж болно” гэлээ.

Сэргээгдэх эрчим хүч бол нар салхи, цөмийн суурьтай агуулга. Тэгвэл Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс Монгол Улсын эдийн засгийн дараагийн том боломж нь эрчим хүчний шилжилт буюу үүнд Монгол-Хятадын эдийн засгийн ногоон коридор чухал үүрэг гүйцэтгэнэ.  

“Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” эрдэм шинжилгээний хурлыг "Нэг бүс нэг зам" Хамтын хөгжил судалгааны төв ЭЗХЯ болон CGTN Монгол-той хамтран зохион байгууллаа.

"Нэг бүс нэг зам" Хамтын хөгжил судалгааны төвийн захирал, доктор (Ph.D) Т.Чулуун-Эрдэнэ “Байгаль хамгааллын ажил зөвхөн төсвөөс гардаг зардал биш хөрөнгө оруулалт, өөрийгөө санхүүжүүлж чадах хэмжээний эдийн засгийн шинэ салбар гэж харж байгаа учраас зөвхөн эрдэмтэн судлаачид бус шийдвэр гаргагч, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн төлөөллийг нэг дор урьж практик шийдэл ярихыг зорилоо. Гуравхан сарын дараа COP17 дээд хэмжээний хурлыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж буй энэ цаг үед Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалт, сорилт төдийгүй ногоон эдийн засаг хөрөнгө оруулалтыг татах түүхэн боломж гэж харж байгаа. Энэ боломжийг атгахын тулд өмнөд хөршийн бодлого, чиг хандлагыг судлах зайлшгүй шаардлагатай. БНХАУ ирэх таван жилийн төлөвлөгөө буюу XV дахь таван жилийн төлөвлөгөөндөө экологи, байгаль хамгааллыг төрийн бодлогынхоо тэргүүлэх чиглэлд тавьсан. Тэгэхээр энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулах нь. Хятад улсын энэхүү асар их хөрөнгийн урсгал, өндөр технологийн дэвшлийг Монгол руу хэрхэн татаж, харилцан ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг эрэлхийлж экологи, байгаль хамгааллын сэдвийг онцоллоо” гэсэн юм.

-COP17-г Монгол Улсын “ногоон стратеги”-ийг дэлхийд танилцуулах боломж гэж харах хэрэгтэй-

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, ногоон санхүүжилт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл хэлэлцсэн нь энэ удаагийн хурлын үндсэн хэлэлцүүлэг таван үндсэн сэдвийн хүрээнд өрнөв.

"Тэрбум мод", Хятадын нүүрстөрөгчийн зах зээлийн туршлагад тулгуурлан Монгол Улсад хувийн хэвшлийн бизнес модель хөгжүүлэх боломж, Эрчим хүчний тархмал эх үүсвэр дэх БНХАУ-ын туршлагыг экспертүүд хөндлөө. Мөн бэлчээрийн төлөв байдал, экосистемийн үйлчилгээний төлбөрийн механизмыг орон нутагт хэрэгжүүлэх, хуурай хээрийн бүсэд усны хэмнэлттэй ухаалаг дуслын усалгаа, борооны ус хуримтлуулах технологийг ашиглан цөлжилтийг сааруулах шинжлэх ухааны гарцуудыг танилцж илтгэгч бүрийн араас салбарын мэргэжилтнүүд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь илүү шинэлэг байв.

Хэлэлцүүлгийн бас нэг чухал ач холбогдол нь гурван сарын дараа Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн өмнөх бэлтгэл, бодлогын түвшний чухал уулзалт болж буйгаараа онцлогтой. Дэлхийн анхаарлыг Монгол руу татах, бүс нутгийн манлайллыг харуулах COP17 олон улсын хурлын үеэр байгаль хамгааллын олон шинэ хамтрал, боломжууд нээгдэх учраас түүнийг угтаж хоёр улсын гүүр болон зохион байгуулагдаж буй нь “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын бас нэгэн ач холбогдол байв. Тиймээс бид урд хөршийн цөлжилттэй тэмцэж буй туршлага, технологийн шийдэл, инновацийг нэвтрүүлэх шаардлагатайг эрдэмтэн судлаачид хэлж байв.

Тухайлбал, ШУТИС-ийн багш, судлаач Д.Сэрдарам “Монгол Улс ногоон санхүүжилт татах бодлогын тогтолцоогоо эргэж харах, засаж сайжруулах шаардлагатай байгааг хөндөхдөө “"Монгол Улс “Тэрбум мод”, COP17 зэрэг томоохон санаачилгуудыг эхлүүлж байгаа ч төсөл хэрэгжүүлэх шалгуур, арга зүй, замын зураглал, үнэлгээний систем тодорхойгүй, бодлогогүй хэвээр байна. Төсөл хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд мөнгө яриад байдаг. Гэтэл түүнээс өмнө энэ төсөл ямар шалгуур, арга зүй, газрын зурагаар явах вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Түүнчлэн төр бүх ажлыг өөр дээрээ төвлөрүүлэх бус, механизм, дүрэм, орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй. Харин хувийн хэвшил, судалгааны байгууллагууд инновац, технологид суурилсан шийдлийг гаргаж ирэх ёстой.

Удахгүй болох COP17-г зөвхөн олон улсын арга хэмжээ, аялал жуулчлалын шинжтэй форум болгох бус Монгол Улсын “ногоон стратеги”-ийг дэлхийд танилцуулах боломж гэж харах хэрэгтэй.

Бид гэрийн даалгавраа маш сайн хийсэн байх ёстой. Ямар хөрөнгө оруулалт хүсэж байгаа, ямар төсөл хэрэгжүүлэх вэ, ямар үр дүн үзүүлэх вэ гэдгээ нарийвчлан бэлдэх шаардлагатай” гэдгийг хэлсэн юм.

“Хуурай хээрийн бүсэд усны хэмнэлттэй технологийг ашиглах боломж” сэдвээр ХААИС-ийн багш, доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Х.Мөнхтуяа ““Бэлчээрийн экологи” ТББ-тай хамтарч 2011-2013 онд таримал тэжээлийн үйлдвэрлэлийн судалгааны ажлыг Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт суманд хийсэн.

Ингэхдээ бэлчээрт гаргасан худгийг түшиглэн усан сан байгуулж таримал тэжээл тарьж, ургуулах, үүгээрээ хаврын улиралд мал тэжээх ногоон дарш бэлтгэх туршилт, судалгааны ажлыг хийсэн бөгөөд амжилттай болж үр дүнгээ өгсөн.

Худгийн хажууд таван га талбайд нэг наст буурцагт ургамал буюу эрдэнэшиш, наранцэцэг тарьж, усанд хэмнэлттэй дуслын усалгааны систем, “намираа” нэрт бага оврын бороожуулах төхөөрөмж ашиглан ургуулж, үр боловсрохоос нь өмнө есдүгээр сард ногоон массыг нь хураан авч Дэрэн суманд барьсан жижиг үйлдвэртээ малын тэжээлийн ногоон дарш бэлтгэсэн Энэ ажил маань байгалийн бэлчээрийн зохистой ашиглалт буурсан, малын тоо толгой нэмэгдсэн, ялангуяа  гадаргын ус цөөнтэй, тархай бэлчээртэй говийн малчдад үр дүнтэй ажил болсон.” гэдгийг тодотголоо.

Олон улсын хурлаас гарах эрдэмтэн судлаачдын дүгнэлт, бизнес эрхлэгчдийн санал санаачилгыг нэгтгэн хурлын товхимол болгон хэвлэн нийтлүүлэх юм.