Хотын дарга Х.Нямбаатар, барилгын сайд Э.Бат-Амгалан нарын улс төрийн тэмцэл эцэстээ албан тушаалын тохироогоор төгсөх шиг боллоо. Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайханаар дамжуулан Хангарьд ордны өмнө дүүргийнхээ хэсгийн төлөөлөгчдийг буюу төр, иргэнийг хуйгаар нь аваачаад жагсааж байсан нь саяхан. Ийн “Х.Нямбаатарыг огцруулна” гэж тэмцэж явсан Г.Жаргалсайхан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдлоо. Тэрбээр нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудлыг хариуцаж Э.Бат-Амгаланг "төлөөлөн" Х.Нямбаатарт шадарлахаар болж байна. Тухайн үед хотын дарга ч мөчөөгөө өгөхгүй “Баянзүрх дүүргийнхнийг бүгдийг нь ажлаас нь хална, солино” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл нөгөө талд НИТХ-ын дарга А.Баяр суудлаасаа бууж Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайдын найз гэгддэг Д.Ихбаяр оронд нь суув.

Ингэж Д.Ихбаярт тамгаа “алдсан” А.Баяр Баянзүрхийнхээ Засаг даргаар буцахаар яригдаж буй бол  дээр дурдсанчлан Г.Жаргалсайхан нийслэл рүү дэвшлээ.

Энэ мэтээр хотын улс төр Баянзүрх дүүрэгт өрнөж Х.Нямбаатар НИТХ-ын даргаас А.Баярыг авч хаясныхаа хариуд Г.Жаргалсайханыг орлогчоор авч байгаа нь Э.Бат-Амгалантай эвлэрч албан тушаалын наймаа хийсний илрэл биз. Гэвч харамсалтай нь улстөрчид нь дээгүүрээ ажил албан тушаалаа тохироод дуусахад иргэд, төрийн албаныхан л хохироод үлддэг жамтай. Иргэдээс сонгогддог бүхэл бүтэн нийслэл, дүүргийн ИТХ хэзээ болтол улстөрчдийн гар хөл болж дохио зангаагаар хөдлөх бол...