Улаанбаатар хотын иргэдийн 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүнийг дагаад утаа, түгжрэлийн асуудал тартагтаа тулсан. Гэвч олон жил нийслэл хотын төвлөрлийг задалж, гэр хорооллын янданг буулгах бодлого мөрөөдөл төдий явсаар ирэв. Харин Улаанбаатар хот утаа, түгжрэлээсээ салах мега төслийг бараг анх удаа амжилттай, шуурхай хэрэгжүүлж эхэлсэн нь “Сэлбэ 20 минутын хот” бүтээн байгуулалт болж байна. Төсөөлбөл, манай улсад 1974-1982 оны хооронд барьж байгуулсан 3, 4 дүгээр хороололтой зүйрлэж болохоор хэмжээний бүтээн байгуулалт, орон сууцны хорооллын бие даасан томоохон төсөл гэсэн үг.
Угтаа Сэлбэ төслийг хэрэгжүүлэх нийгмийн хүлээлт, түүнийг дагасан хэрэгцээ шаардлага өч төчнөөн бий. Товчхондоо, МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан Улаанбаатарын дагуул 14 хотын хамгийн эхний шанг татаж, дэлхийн 100 гаруй хотод амжилттай хэрэгжиж, дараагийн 50 хотын нэг нь “Сэлбэ 20 минутын хот” болох бүтээн байгуулалт хөхөө өвөл ч зогссонгүй. Өнөөдөр ч барилгын талбайд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Төслийн хугацаанд 20 мянган ажлын байр бий болно гэж буй.
Мөн хамгийн чухал нь Сэлбэ төсөл гэр хорооллын 10 гаруй мянган янданг буулгана. Яг өнөөдрийн байдлаар 2500-300 айлын янданг буулгасан. Зөрүүлээд 12-13 мянган айлын орон сууцыг барьж байгаа юм. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд бүгдийг хамтад нь төлөвлөсөн 40-50 мянган иргэний төвлөрөл бий болгох цогц төлөвлөлт хийгдээд нэгэнт галт тэрэг хөдөлсөн. Маш олон хөрөнгө оруулагч, төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжээд явж байна. Эхний айлууд ирэх оны долдугаар сар гэхэд орон сууцны түлхүүрээ гардаж авахаар төлөвлөөд шаргуу ажиллаж байгаа. 2027 оны намар гэхэд нийгмийн дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэгийг ч ашиглалтад оруулна гэдгийг хэлж буй.
Дараагийн хамгийн том онцлог, ач холбогдол нь Монголын төр түүхэнд анх удаа хөрөнгө мөнгийг богино хугацаанд шийдвэрлэж 158 га талбайг хамарсан газрыг бүрэн чөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэ 158 га-г чөлөөлсөн орчинд дахиад нэг ч газар олгохгүй, дараа нь хэн нэгэн ирээд хажууд нь байшин барихгүй байх зохицуулалтыг хийсэн.
Тэгэхээр шууд утгаараа 15000-16000 яндангаас утаа гарах дайны агаарын бохирдлыг бууруулж байна гэж болно. Хамгийн чухал нь гэр хороолол, зуслангийн бүсэд эрүүл мэндийн ноцтой эрсдэл үүсгэж буй хөрсний бохирдлоосоо сална. Товчхон хэлэхэд л ийм. Цаашлаад маш олон үр өгөөж, үнэ цэн бий. Гэвч УИХ-ын гишүүд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг буцаалаа. Тус хуулийн төсөлд Эрдэнэбүрэнгийн УЦС, газрын тосны үйлдвэр, "Сэлбэ 20 минутын хот" төсөл багтсан нь хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болголоо.

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар цаашид хэрхэх талаар хэвлэлд ярихдаа “Сэлбэ дэд төв бол хотын эдийн засагт шууд нөлөөлөх төсөл. Маш олон салбарыг хамарсан, дам нөлөөтэй. Төсөл хэрэгжүүлэх явцын дунд шууд өгөөжөө өгөх төсөл байгаа юм. Тэгэхээр үүнийг тусад нь авч үзэх нь өрөөсгөл. Үүнийг ойлгох болов уу гэж бодож байна.
Энэ жил бид 800 орчим тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн. 600 орчим тэрбум төгрөгийн орлого борлуулалтаас татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ төлөвлөгөөг 2025 онд гаргасан. Үүнийг аль болохоор, хугацааг нь ч хөдөлгөхгүйгээр, зарчмаасаа ч ухрахгүйгээр төслөө урагшлуулахаар дараагийн төлөвлөгөөндөө ороод ажиллаж байна. Мэдээж энэ 7 хоногт ЗГ ямар шийдвэр гаргах нь вэ, түүнийг хүлээж байна. Үүний дараа бид дараагийн төлөвлөгөөндөө орно. Төслийг бол зогсоохгүй. Үргэлжлүүлнэ.
Яг одоогоор бол захиалга авахаа хойшлуулахаар нөхцөл байдал үүсээгүй байна. Бид бизнес төлөвлөгөөгөө дахиж харна. Уян хатан, боломжтой хэлбэрээр бид төслөө дуусгана. Цаг үеийн шинжтэйгээр төслийн төлөвлөгөөнд зарим өөрчлөлт орох явдал бол байдаг шүү дээ. Товлосон хугацаандаа биш юм гэхэд нэг их хойшлуулахгүйгээр захиалгаа авна.
Цаашдаа энэ төслөө яаж явуулах вэ. Үр өгөөжийг нь алдагдуулахгүй, төлөвлөсөн ажлаа яаж хугацаандаа хийх вэ гэдэгт анхаарч байна. Хэрвээ энэ төсөл удаашраад зогсонги байдалд орвол бондын хүү бол энэ төслөөс алдах ганцхан зүйл нь. Энд ажиллаж байгаа маш олон компанийн ажлын байрны асуудал яригдана. Энд ажиллаж, цалин авч байгаа хүмүүсийн цалингийн асуудал үүснэ. Бусад хүлээж байгаа үр дүнгүүд хойшилно. Тэгэхээр бондын хүү дэмий төлөх бол маш жижиг асуудал.
Манайх чинь жижиг эдийн засагтай улс. Том төслийн мөнгөн дүн өндөр яригдаж байгаа учраас хүн болгоны сонирхол, үүнийг дагасан хардлага сэрдлэг гэх мэт олон зүйл байна. Энэ төсөлд асуудал байвал засаж залруулах, шинэчлэх боломжтой. Бүтэн агуулгаар нь шинэчлэх шаардлага ч үүсэж болно. Хамгийн гол нь зогсоож болохгүй” гэж ярьжээ.
Эндээс харвал, Улаанбаатарыг утаа, түгжрэлээс салгах Сэлбэ төслийг унагах, гацаах сонирхол хэнд байна вэ гэдгийг нийтээрээ харах учиртай. Зүй нь Их хурлын гишүүд үнэхээр улс орон ард түмнээ боддог л 10 мянган яндан буулгаж, 14 хотын загвар болох Сэлбэ төслөөр улс төржих учиргүй юм. Тиймээс нийтээрээ ч болов шаардаад урагшлуулах шаардлагатай цаг үе ирлээ.
Яг өнөөдрийн байдлаар төслийн талбайд 7 ерөнхий гүйцэтгэгч, 40 орчим туслан гүйцэтгэгч буюу дам нөлөөгөөр 150-160 аж ахуйн нэгж, бэлтгэн нийлүүлэгч ажиллаж байна. Төслийг эрчимтэй хэрэгжүүлэх 8, 9-р сард энэ тоо 3-4 дахин нэмэгдэх юм.








.jpeg)


.jpg)




