Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагууд 33 политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичигт MCS групп, Монголын Алт ХХК, АПУ ХХК, Таван богд групп, Хурд групп, Макс групп, Гацуурт ХХК, “Өгөөж-Чихэр боов” ХХК, Монос групп, Оюутолгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Энержи Ресурс ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм. Олзуурхууштай нь эдгээр Монголын урдаа барьдаг бүхий л томоохон компаниудын удирдлагууд тус хамтралт сэтгэлд хангалуун байгаагаа, хамгийн сайнаараа дэмжихээ илэрхийллээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар хамгийн үнэ цэнтэй болоод байна. Сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Төгсөгчид дипломтой ч ажилд бэлэн биш, харин ажил олгогчид ур чадвартай ажилтан хайсаар байна. Иймд мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбар хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шуурхай шилжих шаардлагатай байна. Засгийн газар иргэн, бизнес эрхлэгчдээ хязгаарлаж, хааж боодог биш боломж олгож ажиллана” гэсэн юм.
Томоохон компаниуд болон коллежууд хамтран ажилладаг жишиг олон улсад хэдийн нутагшсан. Манай улсад хожуу ч ажил хэрэг болгон хэрэгжиж эхэлж буй нь саашаалтай.
Хамтын ажиллагаа хэрэгжснээр аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран шинэчилнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ.
Суралцагчийн хувьд ч олон давуу талтай. Тухайн суралцагчийг цалинтай дадлагажих, ажиллах боломжийг нээгдэнэ. Суралцах орчин илүү таатай болно. Сургуулийн дэргэд хувийн хэвшлийн оролцоотой дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын орчин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах санхүү, татварын таатай нөхцөл бүрдүүлэх давуу тал бүрдэнэ.
Манай улсын хувьд ажиллах хүчний хомсдол өсөх хандлагатай байгаа. Судалгаанаас харахад ажиллах хүчний хомсдолын дийлэнх нь бөөний болон жижигхэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээ, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад ажиглагдсан байна. Хомсдолтой ажил, мэргэжлийн хувьд үйлдвэрлэл, аж ахуйн туслах ажилтан, барилгын туслах ажилтан, жолооч, тогооч, гагнуурчин, худалдагч, барилгын мужаан, сантехникч зэрэг мэргэжлүүд хамгийн их эрэлттэй байгаа. Хэрэв зээ хамтрал бодит ажил хэрэг болж чадвал ажиллах хүчний нийлүүлэлт шинэ түвшинд гарна гэдэг нь цаг хугацааны л асуудал биз ээ.




.jpeg)



.jpg)






