С.Шаарийбуу гуай Монгол-Малайзын парламентын бүлгийг охин Ш.Алтантуяагийнх нь харамсалтай амиа алдсан хэргийг эцэслэн шийдүүлэхийн төлөө сэтгэл гарган ажиллаасай гэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр цахим хуудастаа “Ийм бүлэг томилогджээ. Уг нь өнгө өнгийн хүмүүс байна. Одоо л өөр өөрийн өнгөөрөө эгшиглэх болов уу” гэжээ.
2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн шүүх үйл явц болон түүний аав С.Шаарийбуу гуайн шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилсээр буй. С.Шаарийбуу гуай Разах Багиндагийн эсрэг нийт 21 удаа шүүхдээд байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс Малайзын Засгийн газрыг буруугүй гэж үзэн, С.Шаарийбууд олгох нөхөн төлбөр 5 сая ринггитийг 1.4 сая ринггит болгон бууруулахаар шийдвэрлэсэн байдаг.
Энэ шийдвэрийг С.Шаарийбуу эсэргүүцэж, 2026 оны хоёрдугаар сард Малайзын Дээд шүүхэд давж заалдах гомдол, материалаа албан ёсоор бүрдүүлж өгсөн. Харин өчигдөр түүний давж заалдах хүсэлтийг цуцлах хурал болсон юм.
Энэ талаар С.Шаарийбуу гуай “Энэ 20 жилд Малайзад дөрвөн монгол иргэнийг хамгийн зэрлэг аргаар хөнөөж, 40 гаруй хүнийг наймаалан зарсан байдаг. Өнөөдөр миний хамгийн хар өдөр. Малайзад баярын өдөр тохиодог. Гэтэл яг одоо миний давах хурлыг цуцлах шүүх хурал болж байна. Манайхан зөөлөн хүчний бодлоготой гэж сөгдөж, Малайзынхан хатуугаар хандан "тохуурхаж" байна” гэсэн юм.
Түүний энэ байр суурь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын төр түүнд нэр төдий тусалж ирснийг илтгэж байна. Гэсэн ч тэр төрөөс дэмжээсэй, анхаараасай гэсэн горьдлого тээсээр энэ хүрчээ.
Энэ цаг үед Улсын Их Хурал дахь Монгол-Малайзын парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, бүлгийн гишүүдээр УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Ж.Батжаргал, Х.Баттулга, Г.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Л.Гантөмөр, Ц.Сандаг-Очир нар томилогдон ажиллаж байна. Эцсийн шийд гарах дөхсөн энэ эгзэгтэй цаг мөчид Монгол-Малайзын парламентын бүлэг шийдэмгий ажиллах шаардлагатай байна.
“Тохуурхал”-д нь дөмөгхөн хариу өгч, бусдын гарт зэрлэгээр амиа алдсан бүсгүй, түүний эцэг хоёрын гомдлыг, Монголын ард түмний хүлээлтийг эцэслэн шийдэхийн төлөө ажиллахыг хүсэж, бас шаардаж байна.
















