-Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ-
Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам болох “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-т БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир болон ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др. Жасон Ли нар COP17 хурлын үеэр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Монгол Улс 2013 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын гишүүнээр элсэж, 2014 оноос Монгол Улсад Хөтөлбөрийн газраа байгуулан, ногоон эдийн засгийн шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийн чиглэлээр хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд ДДНХИ нь Монгол Улсад хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд дэмжлэг үзүүлж, үндэсний хөгжлийн бодлого, стратегийн баримт бичгүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Тухайлбал, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийг боловсруулахад техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн байна.

Түүнчлэн эрчим хүч, ногоон санхүүжилт, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр 20 гаруй суурь судалгаа, үнэлгээ хийж, жишиг ногоон цэцэрлэг, Сайншандын нарны дулааны станц, орон сууцны дулаан техникийн шинэчлэл, Монголын Ногоон санхүүгийн корпораци зэрэг төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, олон улсын уур амьсгалын болон хөгжлийн санхүүжилтийг татахад шаардлагатай суурийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Харин “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам баталгаажиж, Монгол Улсад хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэх ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлийн техникийн хамтын ажиллагаа, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тасралтгүй үргэлжлүүлэх таатай нөхцөл бүрдэж буй юм.

БОУАӨ-ийн сайд Ц. Сандаг-Очир “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн орчноо боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагаа, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг үр дүнтэй татах, удирдах институцийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна.
Иймд ДДНХИ-тай тогтоосон хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг баталгаажуулж буй энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын ногоон шилжилтийг дэмжих, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой үйл явдал болж байна” гэлээ.
ДДНХИ-ийн Азийн бүсийн үүрэг гүйцэтгэгч Др. Жасон Ли “Монгол Улсын Засгийн газартай хийж буй энэхүү хэлэлцээр (Host Country Agreement) нь зөвхөн эрх зүйн баримт бичиг төдийгүй Монгол Улсын ногоон хөгжлийн зорилт, уур амьсгалын талаарх зорилтуудыг урагшлуулах чиглэлээр бидний хамтын үүрэг, амлалтыг дахин баталгаажуулж буй чухал алхам юм.

Энэхүү хэлэлцээр нь ДДНХИ-ийн Монгол Улстай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улмаар Монгол Улсыг ногоон, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүртээмжтэй эдийн засагт шилжих үйл явцыг дэмжих бат бөх суурийг бүрдүүлнэ” гэдгийг онцоллоо.
Тус хэлэлцээр нь Монгол Улсын Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль, ногоон шилжилтийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн татах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.














