Хятадын Умард Сүн улсын үеийн аугаа сэтгэгч, яруу найрагч, төрийн зүтгэлтэн Сү Ши буюу бидний сайн мэдэхээр Сү Дунпо нь 1037 онд мэндэлжээ. Түүний суу билэг, хүн төрөлхтний соёлд оруулсан хувь нэмрийг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2000 онд Францын алдарт "Le Monde" сониноос шалгаруулсан "Мянганы баатрууд"-ын дэлхийн 12 хүний нэгээр, Ази тивээс цор ганцаар нэрлэгдэж байв.

Амьдралын уналтаас түүхийг бүтээсэн аугаа "Сү Дунпо"

Сү Дунпогийн амьдрал дардан байгаагүй. Тэрээр ид мандаж явсан насандаа улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж, үхлийн ирмэгт очин, эцэстээ Хуанжоу хэмээх ядуу буурай нутагт цөлөгддөг. Эрх мэдэл, эд хөрөнгө, нэр төрөө бүгдийг нь алдаж, идэх хоолгүй шахам болсон тэр үедээ тэрээр бууж өгөөгүй юм. Харин хотын зүүн энгэрт орхигдсон газрыг хагалж, тариа тарьж эхэлсэн бөгөөд тэрхүү "Зүүн энгэр" буюу хятадаар "Dong po” хэмээх газар түүнийг бардам түшмэл "Сү Ши"-гээс хүн төрөлхтний аугаа сэтгэгч "Сү Дунпо" болгон дахин төрүүлсэн түүхтэй.

Хожим 60 гарсан хойноо, амьд хүн эргэж ирдэггүй гэгддэг байсан хамгийн холын Хайнань аралд дахин цөлөгдсөн ч тэрээр хувь заяандаа гомдоллоогүй. Харин ч нутгийн иргэдэд худаг малтаж, сургууль байгуулан соён гэгээрүүлэх үйлсээ үргэлжлүүлсээр байжээ. Хэдий чинээ гүн ангал руу унана, төдий чинээ өндөрт нисэн дүүлэх сэтгэлийн хүч түүнд байлаа.

Ван Вэйхун зохиогчийн дөрвөн жилийн судалгаа ба Залууст зориулсан бүтээл

Тэгвэл энэхүү гайхамшигт хүний амьдралын түүх, сэтгэлийн хатуужлыг өгүүлсэн «Залуу насандаа Сү Дунпог таньж мэдэхүй» хэмээх ном эх хэлнээ орчуулагдан, Монголын уншигчдын гарт хүрч эхэллээ. Энэхүү бүтээлийг 2017 оноос хойш хятад хэлнээс 40 гаруй ном орчуулан гаргаж, хоёр орны соёлын гүүр болж буй Монголын "ISD Ruby Publishing" хэвлэлийн газар эрхлэн гаргаж, нэрт хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ хянан тохиолдуулсан юм.

Энэхүү ном нь зүгээр нэг түүхэн хураангуй биш билээ. Номын зохиогч, тэргүүлэх зэргийн эдийн засагч, профессор Ван Вэйхун нь Сү Дунпогийн амьдралыг судлахын тулд түүний төрсөн нутаг Мэйшаньд 4 жилийн турш хээрийн судалгаа хийж, асар их түүхэн материал уншиж судалсны эцэст насанд хүрэгчид, судлаачдад зориулсан “Мянганы тэртээх аугаа Сү Дунпо” (千载浩然苏东坡) хэмээх томоохон академик бүтээлээ туурвисан байдаг.

Харин энэ удаа монгол хэлнээ орчуулагдан гарсан «Залуу насандаа Сү Дунпог таньж мэдэхүй» ном нь тэрхүү нөр их судалгаан дээр үндэслэн, өсвөр үе, залуучуудад зориулан тусгайлан найруулж, уншихад хялбар, сонирхолтой хэлбэрт оруулан бичсэн хувилбар юм. Тиймээс ч түүхэн баримтын хувьд маш үнэн зөв, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээл болж чадсан гэсэн үг ээ.

Олон зочид хуран чуулсан номын баяр

Энэхүү номын кирилл монгол хэвлэлийн албан ёсны нээлт 2026 оны 9-р сарын 17-ны өдөр Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвд өргөн дэлгэр болж өнгөрлөө.

Нээлтийн ёслолд зориулан номын зохиогч Ван Вэйхун болон БНХАУ-ын Наньжин хотод байрлалтай алдарт "Илин" (Yilin Press) хэвлэлийн хорооны дэд ерөнхий редактор Чэнь Е, дэд ахлах редактор Гао Жя нар БНСУ-д яг энэ  номын солонгос хэлний орчуулгын нээлтээ өндөрлөөд шууд Монгол Улсад хүрэлцэн ирэю. Үүнээс уг бүтээлийн үнэ цэн, ач холбогдолыг шууд харж болно. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Жи, Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг олон хүндэт зочид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр хоёр орны соёл, хэвлэл, утга зохиолын салбарын эрхмүүд үг хэлж, Сү Дунпогийн оюун санааны өв болон номын ач холбогдлын талаар гүнзгий сэтгэгдлээ хуваалцсан юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Жи:

Ном бол чимээгүй элч, уран зохиол бол хил хязгааргүй хэл юм.

Өнөөдөр Сү Дунпогийн түүх Монголын уншигчидтай золгож байгаа нь номоор гүүр хийж, Хятадын сонгодог уран зохиолыг Монгол Улсад орчуулан түгээх үйлсийг урагшлуулж, хоёр орны залуусын оюун санааны нийтлэг үнэт зүйлийг улам гүнзгийрүүлж буй хэрэг юм

Номын зохиогч, профессор Ван Вэйхун:

Юань улсын үеэс л монголчууд Сү Дунпогийн амьдралыг үзэх уужуу тайван, өөдрөг гэгээн сэтгэлгээг гүнээ биширч, өөрсдийн сэтгэл санааны тулгуур болгож ирсэн түүхтэй.

Соёлын харилцаа бол хэзээ ч нэг чиглэлтэй байдаггүй, харин харилцан бие биеэ тэтгэж байдаг.

Энэхүү ном хоёр орны ард түмний сэтгэл санааны хэлхээ холбоог улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Илин" хэвлэлийн хорооны дэд ерөнхий редактор Чэнь Е:

"Энэхүү номын хэвлэл нь зөвхөн хэлний хөрвүүлэг төдийгүй Хятад-Монголын соёл иргэншлийн харилцан яриа, залуучуудын соёлын солилцооны бодит илрэл бөгөөд хоёр орны хүмүүнлэгийн харилцаанд залуу насны эрч хүчийг сэлбэж байгаа чухал үйл явдал боллоо.

Номын хамтран орчуулагч, "ISD Ruby Publishing"-ийн захирал, доктор Д.Ундрах:

"Манай хэвлэлийн газар өнгөрсөн 9 жилийн хугацаанд Хятадын нийгэм, эдийн засаг, соёл, уран зохиолын 40 гаруй бүтээлийг монгол хэлнээ амжилттай хөрвүүлэн уншигчдадаа хүргэжээ.

Энэхүү ном нь бидний нөр их хөдөлмөрийн бас нэгэн үр дүн бөгөөд хоёр орны соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна."

Номын хамтран орчуулагч, "ISD Ruby Publishing"-ийг хамтран үүсгэн байгуулагч, доктор Т.Чулуун-Эрдэнэ:

Өнөөдөр манай залуучууд асар хурдацтай өөрчлөлт, ширүүн өрсөлдөөн, тодорхойгүй байдлын дунд амьдарч байна. Амьдралын гэнэтийн уналт, бүтэлгүйтлийн өмнө хэрхэн өвдөг сөхрөхгүй үлдэх вэ? Гаднаа ямар ч шуурга шуурч байсан, дотоод сэтгэлийн амар амгалангаа хадгалж, урагш алхсаар байх болно гэсэн тэрхүү хүчирхэг мессежийг бид энэ номоор дамжуулан залуустаа хүргэхийг зорилоо. Энэ бол зөвхөн түүхийн ном биш, өнөөгийн бидний амьдралд ус агаар мэт дутагдаж буй 'сэтгэлийн тэнхээ', 'тэсвэр хатуужил'-ын амьд толь юм” гэж тус тус онцлон тэмдэглэлээ.

Мөн зохиогч, профессор Ван Вэйхун хүрэлцэн ирсэн зочид, уншигчдад гарын үсэг зурж номоо бэлэглэв.

МУИС дахь зохиолчийн лекц ба Соёлын гүүр

Нээлтийн маргааш буюу 9-р сарын 18-ны өдөр зохиолч Ван Вэйхун МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, оюутнуудад зориулан тусгай лекц уншиж, Сү Дунпогийн амьдралын замнал, уран бүтээлийн онцлогийг гүнзгийрүүлэн тайлбарлав. Лекцийн дараа оюутан залуустай халуун дотно яриа өрнүүлж, номын дээжээсээ МУИС-ийн номын санд хандивласан нь оюутан залуусын талархлыг хүлээсэн үйл явдал боллоо.

Уран зохиол бол цаг хугацаа, орон зайг даван туулж, өөр өөр үндэстний зүрх сэтгэлийг холбодог хамгийн бат бөх соёлын гүүр билээ. Сү Дунпогийн амьдралын гүн ухаан, тэсвэр хатуужил нь өнөөдөр ийнхүү Монголын залуусын гарт хүрч, тэдний амьдралын замд гэрэлт луужин болох нь дамжиггүй. «Залуу насандаа Сү Дунпог таньж мэдэхүй» ном тун удахгүй номын дэлгүүрүүдээр худалдаанд гарна.