НҮБ-ын Ерөнхий ассамблейн 81 дүгээр чуулганыг өнөөдөр нээж байна. Жил бүрийн намар болдог бүх дэлхийнхний эл чуулганы Ерөнхий санал, шүүмжлэл буюу улс, орнуудын төр, засгийн тэргүүн нарын оролцдог нэгдсэн хурал энэ сарын 22-26-нд болох нь.

Дэлхийн индэр болсон энэхүү хуралдааны танхимд төлөөлөгчид нь тохой залган суудаг улс бол Монгол, Монтенегро хоёр (англи цагаан толгойн дарааллаар тойрон суудаг).

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд сонгогдсоноосоо хойш Ерөнхий ассамблейн чуулганыг алгасалгүй зорьж очиж оролцож. Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн тухайд 2023 онд сонгогдсон бөгөөд хоёр удаа тус хуралд оролцож, 2024 онд Шадар сайдаа төлөөлүүлэн илгээж байжээ. Ямартай ч улс орон нь Адриатын тэнгисийн эргээс Азийн “цээж” цэг хүртэл алслагдсан ч НҮБ-ын танхимд тохой нийлүүлэн хоёронтоо суусан Ерөнхийлөгч нар Монголд уулзлаа. Тэд өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ уулзаж, дээд, өндөр түвшний айлчлал хийх, улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар талаар санал солилцон, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлсэн нь ийнхүү ажил хэрэг боллоо.

20 жилийн хоёр ой

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч Я.Милатович Төрийн тэргүүний төдийгүй тус улсын төр, засгийн удирдлагын түвшинд анх удаа манай улсад айлчилж буй нь энэ. Ерөнхийлөгч Я.Милатович хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө улсынх нь тусгаар тогтнолоо сэргээсний 20 жилийн ой бас уг айлчлалтай давхцаж буйг хэдэнтээ дурдана лээ. Сануулбал, Югослав Улс 1990 оны эхээр задарч эхлэхэд Монтенегро Улс Сербитэй хамт үлдэж, 1992 онд Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсыг байгуулсан бөгөөд энэ холбоо 2003 онд Серби ба Монтенегро Улсын Холбоо болон шинэчлэгдсэн. Гэвч тусгаар тогтнох үзэл дахин хүчээ авч, 2006 оны тавдугаар сарын 21-нд бүх нийтийн санал асуулгаар сонгогчдын 55.5 хувь нь дэмжсэн байна. Үүний үндсэн дээр мөн оныхоо зургадугаар сарын 3-нд Монтенегро Улс тусгаар тогтнолоо албан ёсоор зарлаж, удалгүй НҮБ-ын 192 дахь гишүүн болжээ. Монгол, Монтенегрогийн хооронд 2006 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө

Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавиад буй. Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж гэдгийг Ерөнхийлөгч нар онцолсон бөгөөд ноён Я.Милатович хоёр улсын хувийн хэвшлийнхний шууд харилцаа холбоог бүхий л талаар дэмжих нь чухал гэдгийг хэлж байлаа. Тухайлбал, дэлхийд танигдсан монгол ноос, ноолуур, арьс ширэн  болон өрсөлдөх чадвартай бусад бүтээгдэхүүнийг Монтенегро Улсын зах зээлд нийлүүлж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдсэн байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар манайх тус улсаас 486.7 мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна.

Монгол, Монтенегрогийн гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 онд 1.2 сая ам.доллар байсан бөгөөд энэ дүнг бүхэлдээ манай улсын импортолсон  бараа, бүтээгдэхүүн эзэлж буй.

Импортын 90 орчим хувийг ликёр, виски, коньяк, архи, үлдсэн хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Монгол Улс 2025 онд тус улсаас нэг сая ам.долларын согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг импортолсон байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээний үр дүнд аялал жуулчлалын салбарт хамтарч, тур оператор компаниудын шууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирчээ. Тус улс нь 20 дугаар зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний чухал төв байсаар ирсэн. Өдгөө тус улсын ДНБ-ий 25-30 хувийг зочид буудал, зоогийн газар, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар эзэлж байна. Айлчлалын хүрээнд энэ өдөр хувийн хэвшил хоорондын дугуй ширээний уулзалт болсон юм.  

Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Хоёр улсын Төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан.

Талууд:

• “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Монтенегро Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,

• “Дипломат сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,

• “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,

• “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,

• “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монтенегро Улсын Эдийн засгийн танхим хоорондын санамж бичиг”-ийг Монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монтенегрогийн талаас Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Никола Вуйович,

• “Хамтран ажиллах тухай хоёр улсын Үндэсний радио, телевиз хоорондын санамж бичиг”-ийг Монголын талаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл, Монтенегрогийн талаас Радио, телевизийн ерөнхий захирал Борис Раонич нар солилцлоо.

Талууд өмнө нь “Үндэсний олимпын хороо хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023 онд Улаанбаатар хотноо, 2025 онд “Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Нью-Йорк хотноо гарын үсэг зурж байжээ.