2024 оны сонгуулийн дараа төрөөс улс төрийн нам, эвслүүдэд санхүүжилт олгосон. Нийт сонгогчдын нэг ба түүнээс дээш хувийн санал авсан, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улстөрчийн тоо болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог үндэслэн улс төрийн 7 нам, эвсэлд 6.9 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилтийг олгоод байгаа юм.

Тодруулбал:
-Монгол Ардын Нам (МАН): 3.3 тэрбум төгрөг
-Ардчилсан Нам (АН): 2.5 тэрбум төгрөг
-ХҮН нам: 756.9 сая төгрөг
-Бусад намууд: Сонгогчдоос авсан саналын хувь болон хуульд заасан бусад шалгуурын дагуу үлдэх санхүүжилтийг хуваарилан авсан.
Тэгвэл аудитаар улс төрийн намууд төрийн санхүүжилтийн 191 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил илэрчээ.

Төрийн санхүүжилт авсан 7 улс төрийн нам эмэгтэй, ахмад, залуу, ХБ иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэхэд 1,261.6 сая төгрөг буюу 18.1 хувь, намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад 1,071.5 сая төгрөг буюу 15.4 хувь, намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд 1,538.2 сая төгрөг буюу 22.1 хувь, нийт 3,871.3 сая төгрөг буюу 55.6 хувийг зарцуулсан байна.
Харин 191.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил илэрчээ.
Үүнд:
• Анхан шатны баримтгүй 85.9 сая төгрөгийн ажил гүйлгээг бүртгэж, тайлагнасан. (МАН 51.6 сая төгрөг, МҮАН 24.4 сая төгрөг, ИЗНН 9.9 сая төгрөг)
• Төрийн санхүүжилтийн эх үүсвэрээс 61.5 сая төгрөгөөр сургалт зохион байгуулах, медиа контент бүтээлгэх зардалд зарцуулахаар гүйцэтгэгч байгууллагад шилжүүлсэн боловч намын дүрмээ шинэчлэн батлуулаагүй шалтгаанаар гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллаагүй.(МНН 61.5 сая төгрөг)
• Бэлэг дурсгал, урлаг соёлын арга хэмжээний зардалд 44.1 сая төгрөгийг зарцуулсан (ХҮН 44.1 сая төгрөг)
-Улс төрийн намууд төрийн санхүүжилтээс ажиллагсдын цалингийн зардалд 2,281.0 сая төгрөг, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 215.0 сая төгрөг, шуудан холбооны зардалд 31.8 сая төгрөг, бичиг хэргийн зардалд 17.9 сая төгрөг, албан томилолт, төлбөр хураамж, тээврийн зардалд 20.2 сая төгрөг, зөвлөх үйлчилгээний зардалд 118.1 сая төгрөг, хэвлэл мэдээллийн зардалд 64.0 сая төгрөг, хангамжийн зардалд 20.9 сая төгрөг, хөрөнгө худалдан авахад 126.2 сая төгрөг, бусад зардалд 188.4 сая төгрөг, нийт 3,083.5 сая төгрөг буюу санхүүжилтийн 44.4 хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан байна. (МАН 1,408.2 сая төгрөг, АН 758.4 сая төгрөг, ХҮН 493.7 сая төгрөг, ИЗНН 225.4 сая төгрөг, ШН 107.6 сая төгрөг, МНН 79.4 сая төгрөг, МҮАН 10.8 сая төгрөг)
Мөн санхүүгийн тайлан баталгаажуулах аудитаар 824.6 сая төгрөгийн 50 алдаа, зөрчил илэрсэнд 53.2 сая төгрөгийн 11 алдааг залруулж, 24.5 сая төгрөгийн 2 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 685.4 сая төгрөгийн 20 зөрчилд зөвлөмж өгч, нийцлийн аудитаар илэрсэн 3 зөрчилд албан шаардлага хүргүүлж, 61.5 сая төгрөгийн 14 зөрчилд зөвлөмж өгсөн байна.

Үндэсний аудитын байгууллагаас:
-Төрийн санхүүжилт авах эрх бүхий намын бодитой тоо, судалгаанд үндэслэн
төсвийн төсөл боловсруулаагүй, Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус
сонгуулиар сонгогчийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн тоонд үндэслэн
төсвийн төслийг боловсруулсан байна.
-Улс төрийн намууд нь төрийн санхүүжилтийг авах хүсэлтийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэхдээ хуульд заасан зориулалтаар зарцуулах төсөв, төлөвлөгөөг баталгаажуулж ирүүлдэггүй байна.
-СЕХ-оос нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоо болон ХБ нэр дэвшигчийн тоог үндэслэн олгох төрийн санхүүжилтийг Үндэсний эвсэл (МНН МҮАН) 132.0 сая төгрөг, Монголын Үнэн ба Зөв нам 115.5 сая төгрөг авахаар тооцоолсон байна. Гэвч дээрх эвсэлд багтсан намуудын 2024 оны орлогын хэмжээ болон Үнэн ба Зөв намын татгалзал нь тус санхүүжилтийг олгох нөхцөлийг хангаагүй Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараах жил зөвхөн нэг удаа олгох хуульд заасан хугацааны хязгаарлалтад хамаарах тул дараагийн УИХ-ын ээлжит сонгууль хүртэл тус санхүүжилтийг авах эрх үүсэхээргүй байна.
Нэр бүхий хоёр нам нь буюу АН 133.8 сая төгрөг, ИЗНН 30.1 сая төгрөгийн төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу “төрийн санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх”, “төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах” гэж заасны дагуу зарцуулбал зохих доод хязгаарт хүрээгүй, 163.9 сая төгрөгийг дутуу зарцуулсныг хараат бус АХЭ болон СЕХ хянаж дүгнээгүй байна.
Түүнчлэн улс төрийн нам санхүүгийн тайлан, үйл ажиллагааны товч тайлан зэрэг нийтэд ил тод мэдээлэх мэдээллийн талаар зохицуулалтыг заасан боловч улс төрийн намууд санхүүжилтийн төсөвт өртөг, зарлага, санхүүжилтийн мэдээлэл, тайланг шилэн дансанд мэдээлээгүй, цахим системд бүртгэлгүй байна гэж дүгнэжээ.















