Х.Золжаргал

Гадаад бодлого судлаач, олон улсын харилцааны докторант

1-р хэсэг

Казахстан улс худалдааны түншлэлээ төрөлжүүлж, эдийн засгийн өсөлтөө дэмжин тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа тогтвортойгоор сахин хамгаалахын тулд стратегийн байршлаа ашиглах замаар ОХУ, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөллийг чадварлагаар тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Тус улс 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтнолоо олж авснаас хойш ОХУ-ын гадаад бодлого, нөлөөллийн хүрээнд байсан боловч БНХАУ 2013 онд “Бүс ба зам санаачилга”-ыг хэрэгжүүлж Төв Азийн улсууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж эхэлснээс хойш Казахстан улс БНХАУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгөх болсон.

Түүхийн хуудсыг сөхвөл ОХУ Евразийн эх газарт өөрийн нөлөөллөө хадгалж ирсэн түүхэн улбаатай бөгөөд өнөөгийн цаг үед ч гэсэн өндөр нөлөөлөлтэй хэвээр байна. ОХУ хэдэн зууны тэртээгээс Казахстан улстай соёл, түүх, хэлний хувьд гүн гүнзгий харилцаатай байж ирсэн. Нөгөөтэйгүүр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ газарзүйн байршлын хувьд Казахстаны зүүн хил дээр оршдог.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 оны 9-р сард Казахстан улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр (BRI) “Бүс ба зам санаачилга”-ыг санаачилж буй тухайгаа анх удаа зарласан. Бодит байдал дээр Казахстаны үе үеийн эрх баригчид 1991 оноос хойш Москва, Бээжингийн аль алиных нь гадаад бодлогын нөлөөлөл, цар хүрээг тэнцвэржүүлэх стратеги буюу бодлогыг баримталж ирсэн байна. Энэхүү стратегийн гол цөм нь Казахстан улс ОХУ, БНХАУ-аас гадна ойрын хөрш улсууд, дэлхийн бусад улс орнуудтай, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгож улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалах явдал юм. Олон улсын харилцааны дэг журам хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нөхцөл байдалд Казахстан улс геополитикийн тоглолтыг тун чадварлаг хийж БНХАУ, ОХУ-тай тэнцвэртэй харилцах бодлогыг баримталж АНУ, Европын холбоо, Турк, Иран болон Төв Азийн бусад улсуудтай эрх тэгш харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.

2024 оны 7-р сарын 3-ны өдөр Казахстаны Астана хотод Ерөнхийлөгч Касым Жомарт-Токаев БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар хамтын ажиллагааны гэрээндгарын үсэг зурсан. Photo credit: Reuters
Казахстан улсын өнөөгийн гадаад бодлогын чиг хандлагад зарим нэгэн сонирхолтой үзэгдэл ажиглагдаж байна.

Нэгдүгээрт, Казахстаны гадаад худалдаа өргөжин тэлж, сүүлийн жилүүдэд тогтвортой өсч, гадаад худалдааны нийт хэмжээг түнш улсуудтайгаа тэнцвэртэй түвшинд хадгалж, хоёр талын худалдаанд аль нэг улс хэт давамгайлах боломжийг олгоогүй. 2023 онд Казахстаны гадаад худалдааны тэргүүлэх түнш улсаар БНХАУ тодорсон. Сүүлийн 20 жилийн хоёр улсын худалдааны тоон мэдээллийг шинжлэн дүгнэвэл “Бүс ба зам санаачилга” хэрэгжиж эхлэхээс өмнө болон дараа үед ч Казахстан улсын БНХАУ-тай хийх худалдаанаас хамааралтай байдал харьцангуй тогтвортой байж ирсэн. Бодит байдал дээр Казахстан улс ОХУ, Европын холбоо, Пост-коммунист улсууд, БНСУ (Өмнөд Солонгос), Турк зэрэг бусад худалдааны түнш улсуудтай хийх гадаад худалдаагаа нэмэгдүүлсэн нь тус улсын БНХАУ-аас хамааралтай гадаад худалдааны хараат байдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлснийг онцлох нь зүйтэй.

Үнэндээ ОХУ, Европын Холбооны Казахстантай хийх гадаад худалдаа хамгийн өндөр түвшинд байж ирсэн. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч буй өнөөгийн цаг үед Хятад улс Казахстаны гадаад худалдаанд эзэлж буй тэргүүлэх байр сууриа удаан хадгалах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Казахстан улсын түнш улсуудтайгаа хийж буй гадаад худалдааны гүйцэтгэлийг харгалзан үзвэл ойрын ирээдүйд БНХАУ, ОХУ, Европын Холбоотой хийж буй тус улсын худалдааны тоон мэдээний зөрүү хоорондоо харьцангуй бага байх төлөвтэй байна. Хоёрдугаарт, БНХАУ-ын талаас “Бүс ба зам санаачилга”-ыг эхлүүлэхээс өмнөх жилүүдэд Казахстан БНХАУ-ын худалдаа нь байгалийн баялаг, ашигт малтмалын салбарт голчлон төвлөрч байсан. Түүнээс хойш хоёр талын худалдаанд хагас боловсруулсан бүтээгдэхүүн, түүхий эд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд бодит жинг дарах болсон. Энэхүү өөрчлөлтийн цаана хэд хэдэн шалтгаан бий гэж судлаачид үздэг. Казахстан улс ЗХУ-аас тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олж авсан эхний он жилүүдэд тус улс худалдааны түншүүддээ газрын тос, байгалийн хийнээс бусад бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломж тун хомс байсан.

Казахстан улсын хувьд дотоодын ижил төстэй бараа үйлдвэрлэгчдийн өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ Хятадын бараа бүтээгдэхүүний ихээхэн урсгал нь тус улсын үндэсний үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлийн зардлаа бууруулах, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, олон улсын зах зээлд илүү өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломжийг нээж өгсөн. Түүнчлэн Казахстан улсад шинээр гарч ирж буй дундаж давхарга тус улсын нийгэмд чухал байр суурийг эзэлж байна. Зах зээлийн судалгааны тоон мэдээнээс дүгнэвэл Казахстаны хүн амын тал хувийг 29 наснаас доош залуучууд бүрдүүлж байна. Тэд БНХАУ болон бусад гадаадын улсуудын чанартай бараа бүтээгдэхүүн, брэндүүдийг хэрэглэх боломж нээлттэй байна. Гуравдугаарт, БНХАУ-Казахстаны худалдаа нь Казахстан болон тус бүс нутагт өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн сүлжээний шалтгаан, үр дагавар юм. Хятадын дотоодын үйлдвэрлэгч компаниуд Казахстаны ханган нийлүүлэлтийн сүлжээ, хэрэглээний зах зээлийн чухал хэсэгт давамгайллаа тогтоогоогүй гэж хэлэх нь үндэслэлгүй. Тухайлбал Хятадаас Европ руу чиглэсэн төмөр замын ачаа тээврийн сүлжээ нь Чунцин, Ченду гэх мэт Хятадын томоохон хотуудыг Төв Ази, Европын хотуудтай холбоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

2026 оны 5-р сарын 28-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путин Казахстан улсын Ерөнхийлөгч Касым Жомарт-Токаев нар хоёр талын хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав. Photo credit: Akorda

Тус төмөр замын сүлжээ нь Төв Ази болон Казахстаны нутаг дэвсгэр дэх худалдаа, арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэн идэвхижүүлэхэд бодит дэмжлэг үзүүлсэн. Тус үндэстэн дамнасан төмөр замын ачаа тээврийн төслийн бодит үр дагаврын нэг бол Казахстаны гинжин логистикийг сайжруулах явдал бөгөөд амьтны арьс, мах, махан бүтээгдэхүүн, үр тариа зэрэг хурдан мууддаг бараа бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-д борлуулахад онцгой ач холбогдолтой. Төв Азийн зүрхэнд орших газарзүйн хувьд стратегийн байршил бүхий Казахстан улс 1991 онд тусгаар тогтносноосоо хойшхи он жилүүдэд БНХАУ, ОХУ зэрэг том гүрнүүдийн өрсөлдөөний нөлөөг амжилттайгаар даван туулахын зэрэгцээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах нарийвчлан тохируулсан стратегийг тусгасан. Казахстан улс гадаад бодлого, ялангуяа (BRI) “Бүс ба зам санаачилга”-ын хүрээнд БНХАУ-тай эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн ОХУ-тай харилцаж ирсэн түүхэн улбааг чадварлаг тэнцвэржүүлсэн. Тус улс худалдааны түншлэлээ өргөжүүлж, хөрш улсуудаасаа гадна бусад улсуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлснээр Казахстан улс бусад их гүрнээс хараат байдлыг бууруулж тусгаар тогтнолоо баталгаажуулж, эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлж чадсан.

Казахстан улс гадаад орчиндоо өсөн нэмэгдэж буй сорилтуудыг үл харгалзан дотоодын үйлдвэрүүдээ хөгжүүлж, экспортыг төрөлжүүлж БНХАУ-руу чиглэсэн гадаад бодлого нь газрын тос, байгалийн тосноос бүрэн хамааралтай экспортыг төрөлжүүлж чадсан.

Эдгээр гадаад бодлогын стратегиудын хүрээнд Казахстан улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалахын зэрэгцээ газарзүйн хувьд стратегийн байршлаа ашиглан бусад улсуудтай тэнцвэртэй, харилцан ашигтай, түншлэлийг бий болгож чадаж байна.