Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Ингэх шалтгаан ч олон бий. Гүйцэтгэх засаглал хэр сайн ажиллаж байна вэ гэдгийг өнөөдөр монголчуудын амьдралын чанар буюу лангуун дээрх хүнсний үнэ, шатахууны хомсдол, инфляц, цалин тэтгэврийн хэмжээ, өрхийн орлого бэлээхэн харуулаад өгнө.
Монголд халуун зунаар мах магнаг болж, инфляц тавхан сарын дотор хоёр дахин нэмэгдэж, хөдөө гадаагүй явгарч, шагийн шатахууны эрэлд хатаж байна.
Дээр нь олон улсын хурлаар гадныханд гоё сайхан харагдахын тулд худалдаа наймаачдынхаа орлогын оргил үед нь үйлчилгээг нь хааж, татвараа төлж байгаа ч долоо хоногийн гурван өдөр нь машинаа унаж чадахгүй хязгаарлууллаа. Ийн төр засаг, ард иргэдийн эдийн засаг элгээрээ хэвтэж нийтээрээ бухимдаж байхад МАН Их тэнгэрт Монгол төрийн хувь заяаг шийдэж сууна. Тэгснээ Н.Учралын Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ хэмээн ил цагаан ярьцгааж, иргэдийг даапаалж байх юм.
Угтаа Н.Учралын Засгийн газарт урьдчилж харах ухаан дутсанаас төрийн ажил цалгардаж эцэст нь ард түмэн хохирч байхад хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг биш үү. Гэтэл Ардын нам ажлыг нь асуух биш дотооддоо улс төрийн тохиролцоо хийгээд л Монгол төрийн асуудлыг дангаараа шийдэж суух жишээтэй. Ер нь Монгол төрийн шийдвэр эхлээд эрх баригч намын байранд албажаад дараа нь төрийн ордонд тамга дардаг болоод удаж байна. Үндсэндээ МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам, төрийн үйл хэргийг жинхэнэ утгаар нь хольж хутгаж нам хэмээх төрийн бус байгууллага төрийн сүлдний дээр нь гараад суучихлаа.
МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдаж ирэх сонгуулиудад ялахын тулд Засгийн газрыг тогтвортой байлгая гэсэн улс төрийн тохиролцоо хийлээ гэх үйлдлээрээ сөрөг хүчинг басамжилж байна. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэлийн ширээн дээр Н.Учралын танхимын хувь заяаг зурах 41 гишүүний гарын үсэг бэлээхэн бий. Тэд хүсэх л юм бол намрын чуулган эхлэнгүүт Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих болзлоо аль хэдийнэ хангасан. Үүн дээр олонхийн бүлэг дотор Н.Учралд хорссон хүмүүс олон байгаа. Наанаа “Засгийн газрыг огцруулахгүй” гэх бүлгийн шийдвэрийг дагах дүр эсгэсэн ч цагаа тулаад ирэхээр гарын үсэг зурах 20 гаруй гишүүн хангалттай гараад ирнэ. Ингээд 64 кноп өлхөн бүрдэж таарна. Үүнийг бүгд мэдэж байгаа. Сөрөг хүчин ч тактик боловсруулж суугаа биз. Тэглээ ч өмнө хоёр ч удаа огцорсон Засгийн газрын хор шар, өс хонзон тийм амар тайлагдахгүй. Угаас ардын намын дотоод хагарал ч аних болоогүй. Хаа ч байсан юм. Н.Учрал саяхан “Энэ өвөл хүйтэн болно, эв нэгдлээрээ давна” гэдэг нь намынхаа дотоод хагаралыг ч хэлсэн нь лав. Тиймээс эрх баригч намынхан эцсээ хүртэл тэмцэлдээд дуусах биз. Харин үр дүн нь яаж гарах бол гэдэг сонин. Намрын улс төр халах нь ч өвөл ч жиндүүхэн, илүү хүйтэн болох нь ээ, улс төрийн хүрээнд.















