Зэсийн цахилгаан, дулаан дамжуулах өндөр чадварыг ашиглан орчин үеийн бараг бүх л техник технологид ашиглаж байна. Цахилгаан автомашины үйлдвэрлэл сүүлийн арван жилд зэсийн эрэлтийг нэмэгдүүлсэн бол дараагийн 10 жилд хиймэл оюун ухаан, батлан хамгаалах, робот техникийн салбарууд зэсийг эрэлттэй хэвээр байлгана гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. Манай улсын өнгөрсөн оны төсөвт нүүрсний үнийн уналт сөргөөр нөлөөлсөн ч зэсийн хүдэр, баяжмалын экспортын биет хэмжээ болон үнэ өссөн нь хүндрэлийг эергээр давахад ихээхэн дэмжлэг болсон.

Зэсийн эрэлт, үнэ цэн нь нэмэгдсээр байгаа энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Эрдэнэтийн-Овоо орд хүдрийн нөөцөө нэмж илрүүлэн 100 гаруй жилийн настай болсноо зарласан.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр” 1972 онд 521.7 сая тонн хүдрийн нөөцтэй, 34 жил л ашиглах боломжтой гэж нөөцөө тогтоолгож байсан бол энэ 2026 оны байдлаар 4.6 тэрбум тонн хүдрийн нөөцтэй буюу жилд 40 сая тонн хүдэр боловсруулахад 2082 он хүртэл ажиллуулах нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан байна.
Тэгвэл улс орны эдийн засаг, төсвийн ачааны хүндийг нь үүрч, үр шимээ өгсөөр ирсэн, цаашид өгөөжөө өгөхөөр нарийн төлөвлөлт хийж, Монгол инженерүүдийн зүрх сэтгэл, тархиар ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн бүтээн байгуулалттай танилцахаар тус үйлдвэрт очлоо.  
Үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнхийн хэлсэнчлэн “Эрдэнэт үйлдвэр” зогсох эрхгүй үйлдвэр. Зогсохгүй урсаж байгаа хүдрийн урсгалын хурдаас хоцрохгүй сэтгэж, арга хэмжээ авч, шийдвэр гаргаж байх ёстой юм. Цаашид 56 жил бүрэн хүчин чадлаар, алдагдалгүй ажиллахын тулд технологийн шинэчлэл хийж байгаагаа танилцуулав. Учир нь хүдэр олборлоход геологийн нөхцөл жил бүр хүндэрч байгаа аж.

"Ядуу" хүдрийг баялаг болгох HPGR технологи

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх:
-Өнөөдрийн байгаа үйлдвэрлэлийн технологи ирээдүйд боловсруулах хүдрийн шинж чанарт тохирохгүй. Хэрэв үйлдвэрийн шинэчлэлтийг хийхгүй бол зардал нэмэгдэж, үр ашиг буурна. Учир нь хүдрийг агуулга жил бүр буурч, зэсийн ширхэг улам нарийн болж, баяжигдах чанар нь улам хүнд болно. Зэс хоосон чулуулгаасаа салж чадахгүй, маш нарийн нуугдмал, түгжигдмэл хэлбэрээр хаягдаж байна. Бид сүүлийн 13 жилийн судалгааны үр дүнгээр “эрдсийн мангас” гэж нэрлэгддэг төхөөрөмж ашиглаж байна. Өндөр даралтат булт нунтаглагчийн технологи нь бутлалт нунтаглалтыг зэрэг явуулдаг. Үүнийг ашиглахын тулд үйлдвэрийн технологи буюу Хүдэр баяжуулалтад бэлтгэх технологийг өөрчлөх шаардлага тулгарсан. Баяжуулалтын технологийн хамгийн том үзүүлэлт болох бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэгийн хэмжээг бууруулахын төлөө дэлхийн бүх баяжуулагч нар, технологиуд өрсөлдөж байна.

Бид үүнд 4 дэх шатны HPGR технологийг сонгож авсан. Яг одоо манай бутлагдсан хүдрийн зохимжит бүхэллэг 14.5 мм байгаа. Үүнийг бид 6-8 мм болгоно.

Тиймээс ч нуугдмал хэлбэрээр хаягдаж байсан металлыг авах боломжтой болж хүдрийн нөөцөө сая батлуулахдаа 0.17 хувийн зэсийн захын угаалгатай батлуулсан. 2000 онд манай хүдрийн захын агуулга 0.35 хувь байсан. Бид одоо ядуу агуулгатай хүдрээ баяжуулж байгаа юм. Үр дүнд сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” шинэ рекорд, амжилтууд гаргасан. Өнгөрсөн жил 4.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Цаашид бидний хийж байгаа ажлын үр дүнгүүд ч гарч ирнэ.

Цагаан тоосыг 90 хувь бууруулахаар төлөвлөжээ

Хүдрийн баяжмалыг бэлтгэхдээ аварга том чулууг жижиг болгон буталж, нунтаглан үүнээс 1.5 хувийг зэс, молибдены баяжмал хэлбэрээр авдаг. Харин 98.5 хувь нь хаягдал болж үлдэх энэ үйл явцыг уул нүүлгэх хэмээн нэрлэдэг. Зөвхөн энэ 1.5 хувийг авахын тулд уурхайчид өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байх нь. Тэгвэл үлдсэн 98.5 хувь нь хаягдлын санд хуримтлагдаж байна.

Одоогийн байдлаар 1.2 тэрбум орчим тонн хүдэр нунтаглагдсан хэлбэрээр хураагдаж, хаягдлын түвшин 1308 метр хүрсэн. Харин 1320 метр өндөр болоход энэ хаягдлын сан хаагдана.

Товчхондоо өнөөдрийн түвшнээс 12 метр нэмэгдэхэд энэ хаягдлын сан хаагдана гэсэн үг. Энэ нь 5-7 жилийн ажил юм. Тиймээс дараагийн 56 жил ашиглах шинэ хаягдлын санг барьж байгуулах хоёр төсөл боловсруулжээ. Үүний нэг нь Хаягдал өтгөрүүлэх технологийг ашиглаж, хаягдлын аж ахуйн зардал багасган, “цагаан тоос”-ны гэх асуудлаа шийдэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр “цагаан тоос”-ийг 90 орчим хувиар буурах аж.

Нөгөө нь Хаягдлын шинэ сан байгуулахаар таван төрлийн судалгааг таван газарт явуулсан байна. Үүнд хүдэргүйжүүлэлтийн судалгаа, цэвэр усны нөөцийн судалгаа, газрын гүний ан цавын судалгаа, археологийн судалгааг хийж, Булган, Орхон аймгийн нутгийг хамарсан 8000 га орчим талбайг ашиглахаар болжээ. Уг газрыг Засгийн газрын тусгай хэрэгцээнд авч, одоогоор ТЭЗҮ, зураг төслөө хийж дуусгасан байна. Харин 2026-2030 онд бүрэн хэмжээнд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.

Эдийн засгийн хувьд төслийн өнөөгийн үнэ цэн 254 тэрбум төгрөг, төслийн өгөөж 34.7 хувь, төслийн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 5.5 жил байхаар тооцоолжээ.

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр 2029 онд ашиглалтад орно


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Уул уурхай-Металлурги-Химийн үйлдвэрлэлийг төвлөрүүлсэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг 2019 оноос эхлүүлсэн. Төслийн бүтээн байгуулалтад Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутагт 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг.
Парк байгуулагдсанаар Зэсийн баяжмал хайлуулах, молибден боловсруулах, кабель утасны үйлдвэрүүд, цаашлаад катодын зэсийг гүн боловсруулсан өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж, нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрийн төв байгуулагдах юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 хувь хариуцан ажиллаж буй.
Одоогоор төмөр замын барилга угсралт, Усан хангамж, ариутгах татуургын системийн ажил хийгдээд байна.
Эдгээр дэд бүтцийн ажлуудын эхний шат 2026 онд бүрэн дуусаж, 2027 оны хоёрдугаар улирлын төгсгөл гэхэд дэд бүтцийн ажил бэлэн болно гэдгийг ҮТП-ийн төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл онцолж байв.

Тэрбээр “Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2022 онд батлуулсан. Гол асуудал болох хүхрийн хийг хэрхэн боловсруулах, ямар бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх тал дээр анхаарч, хуурай элементийн хүхэр үйлдвэрлэх боломжийг судалж, технологийн туршилтыг хамтран ажиллагч компанитайгаа амжилттай хийсэн.
Хөрөнгө оруулагч болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, олон улсын нээлттэй тендер зарлахад 13 компани сонирхлоо илэрхийлсэн. Үүнээс нэгдүгээр шатны шалгаруулалтаар 4 компанийг хураангуй жагсаалтад оруулж, хоёрдугаар шатны урилгыг хүргүүлсэн. Дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар хоёр компани саналаа ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын ажил энэ сардаа багтан эцэслэгдэж, хөрөнгө оруулагч тодорхой болсноор бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон.

Сонгон шалгаруулалтын гол зорилго нь үйлдвэрийг бариад орхих бус, харин хамтран эрсдэлээ үүрч, тогтвортой ажиллагааг хангах юм. Борлуулалтын асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах нөхцөлтэйгөөр тодорхой хувь эзэмшүүлж хамтран ажиллах санал гаргасан. Гаднын хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулагдаад явах байх. Ер нь эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зорилготой. Бид үйлдвэрээ бүхэлд нь гаднын эзэмшилд өгөхгүй, харин хамтран эзэмшиж, үйл ажиллагааг нь авч явна” гэв.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2029 онд дуусгахаар төлөвлөжээ.

Нөөцийн эрэл үргэлжилж байна

Уул уурхайн бүтээгдэхүүн гэдэг шавхагддаг баялаг. “Эрдэнэт үйлдвэр” энэ жам ёсоор 56 жилийн дараа хаалтаа хийж, үүний дараа уурхай, түүнийг дагасан хот яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц энэ хүрээд дуусна гэж шууд хэлэхийн аргагүй. Учир нь Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-т таван хайгуулын зөвшөөрөл олгосон.

Эдгээрээс Эрдэнэтийн-Овоо ордын Оюутын хэсэгт 2023–2025 онд нарийвчилсан хайгуул хийж 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн зэсийн агуулгатай, нийт 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоосон байна.

Уг тооцоог Канадын NI 43-101 стандартаар боловсруулж, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд хянаж баталгаажуулжээ. Өмнө нь 1990-ээд онд 42 сая тонн хүдэртэй гэж үнэлэгдэж байсан тус ордын нөөц ийнхүү дахин шинэчлэгдэж, хэд дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Харин үүний цаана Зөөхийн гол, Согоот, Ундрах, Хужирт, Хөх асгат зэрэг ашиглалтын лиценз дотор тусгай хэрэгцээнд өгсөн 246.5 мянган га талбай байна. Эдгээр талбайнуудад эрэл хайгуул хийх шаардлага бий. Тэгэхээр нөөцийн эрэл цаашид ч үргэлжлэх нь.


Г.Ёндон: АМНАТ-ийн 27 хувийг “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлж байна

“Эрдэнэт үйлдвэр” цахилгааны төлбөр жилд 200 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол өнгөрсөн жил 450 тэрбум төгрөгийн зардал гарсан. Энэ жил Засгийн газрын тогтоолын дагуу 178 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Түүнчлэн дизель түлшний үнийн өсөлт нь уул уурхайн салбарт сөргөөр нөлөөлж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд нэг хоногт 100 тонн түлш хэрэглэдэг байна.
Уул геологийн нөхцөл хүндэрч байгаа гэх мэтээр уурхай тойрсон олон асуудал, сорилт бэрхшээл тулгарч байна.

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирал Г.Ёндон зардлын хэт өсөлт, татварын ачаалал нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг хэлж байв.
Тэрбээр Засгийн газрын зүгээс үйлдвэрт үүрүүлж буй ачаалал буурахгүй хэвээр байна. Ялангуяа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нь энгийн нэг ерөнхий зардал биш, харин бүтээгдэхүүн бүрийн өртөгт шууд шингэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн баяжмал тутамд АМНАТ шингэсэн байдаг гэсэн үг.
“Хэрэв АМНАТ-ыг бууруулж чадвал Монголын зэсийн ордууд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой болно” гэж Г.Ёндон онцолсон. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” 21.6 хувийн АМНАТ төлж байгаа нь салбартаа хамгийн өндөр үзүүлэлт байна. Харин “Оюутолгой” 5 хувийн татвар төлж байна.
Үүгээр зогсохгүй татварын маргаан ч үйлдвэрт дарамт болж байгааг тэрбээр дурдсан юм. Тухайлбал, дагалдах ашигт малтмалд АМНАТ ногдуулсан асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” шүүхэд хандаж, гурван шатны шүүхээс үйлдвэрийн талд шийдвэр гарсан байна. Ингэснээр Татварын ерөнхий газрын тавьсан 18 тэрбум төгрөгийн акт хүчингүй болжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс АМНАТ-аас жилд 1.1 их наяд төгрөг төвлөрүүлдэг бөгөөд үүний 27 хувийг “Эрдэнэт үйлдвэр”  дангаараа бүрдүүлж байна. Хэрэв үйлдвэрт ирэх энэ татварын дарамтыг багасгаж чадвал дараагийн “Эрдэнэт”, “Оюу толгой”-г нээх боломж нь бий.

Ерөнхийдөө “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр дараагийн 50 жилийнхээ шинэ хуудсыг нээж байна. Энэ өндөрлөг дээрээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүй ч гэрэлтэй байна. Гэхдээ "Эрдэнэт" үйлдвэр зөвхөн баяжуулсан бүтээгдэхүүн гаргадаг уурхай хэвээр үлдэх үү эсвэл Монголын аж үйлдвэржилтийн дараагийн үеийг тодорхойлох уу гэдэг нь төрөөс баримтлах бодлого, татварын орчин, технологийн шинэчлэлийн тэнцвэрийг хэрхэн хадгалахаас шууд хамаарахаар байна. Хэрэв бодлогын зөв дэмжлэг үзүүлж чадвал "Эрдэнэт үйлдвэр” ирэх 50 гаруй жилд Монгол Улсын эдийн засгийн найдвартай тулгуур багана хэвээр үлдэх нь гарцаагүй юм.