Чөлөөт сэтгүүлч Г.Нямсүрэн
Монгол Улс 2024 онд Жендерийн тэгш байдлын индексээр 195 орноос 85 дугаарт буюу таван байр ухарсан, Тогтвортой хөгжлийн индексээр 166 орноос 99 дүгээрт жагсч оноо буурсан үзүүлэлтэй байна. Энэ цаг үед бид юу хийвэл зохих вэ?
Дэлхий дахин 2030 онд Тогтвортой хөгжлийн 17 зорилгодоо хүрсэн эсэхээ шийдэх цаг хугацаа юм. Энэ зорилгод амжилттай хүрэхийн тулд дэлхийн иргэн бүрийн оролцоо нэн чухал нөлөөтэй. Бүхий л салбарын байгууллага, компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан үйл ажиллагаагаа явуулах болсон. Мөн түүнчлэн, жил бүр энэ чиглэлд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа нэгтгэж, тайлан гаргадаг.
Олон улсын ахуйн компаниуд тогтвортой байдлын тайлангаа олон нийтэд нээлттэй албан ёсоор тавьдаг болоод багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ нь тэдний хувьд хуулийн дагуу хийж гүйцэтгэх ёстой нэг төрлийн үүрэг юм. Манай улсын хувьд тогтвортой хөгжлийн төлөө хийж буй ажлаа сайн дураар тайлагнадаг. Энэ нь Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын хэмжээнд сайн дураар хийж байгаа ажил гэж өнгөц төдий харагдаж болох ч Монгол улсын тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хариуцлагатай үйлдэл юм. Мөн бусад аж ахуйн нэгжүүд албан ёсоор тогтвортой хөгжлийн тайлангаа тогтмол тавьдаг болох нь цаашид “тренд” болох тухай мэргэжилтнүүд онцоллоо.
Тогтвортой хөгжлийн тайлан нь хэрэглэгчээ татах, ажилчдаа тогтвортой байлгах нэг арга

ТЭСО группийн Тогтвортой байдлын менежер Б.Батчимэг
- “Дэлхий даяар жилийн үйл ажиллагааны тайлан гаргадаг бизнесийн үйл ажиллагааны хүрээнд байгаль орчин, нийгэм засаглалын хүрээнд ямар үр нөлөө үзүүлж байгааг тогтвортой хөгжлийн тайлангаар дамжуулж олон нийтэд хүргэдэг болсон. Энэ нь хэрэглэгчдээ татах, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгодог. Сүүлийн үед хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжиж худалдан авалт хийдэг болсон. Тиймээс компаниуд тогтвортой хөгжлийн тайланг тогтмол гаргаж хэрэглэгчдээ татах нэг арга хэрэгсэл болгож байна. Хувьцаат компаниуд буюу нээлттэй компаниудад хуулийн дагуу тайлагнах шаардлагатай гэж үздэг. ХХК ийн хувьд сайн дураар тайлагнадаг. Мөн тогтвортой ажиллах хүчнийг татахын тулд энэ тайлан чухал нөлөөтэй гэж үзэж байна. ТЭСО группийн хувьд 2 дахь удаагаа сайн дурын тайлангаа гаргаж, олон нийтэд танилцуулж байна. ” гэв.
Юнител группийн Тогтвортой байдлын менежер Г.Ану
- Тогтвортой байдал бол хүмүүс дэлхий дээр урт удаан хугацаанд хатран орших нийгмийн зорилго. Тогтвортой хөгжил бол тогтвортой байдалд хүрэх олон үял явц, арга зам юм. Тогтвортой байдал гэдэг нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд хуваагддаг. Зөвхөн байгаль орчин уур амсьгалын өөрчлөлт мэтээр өнгөц харж болохгүй. Тогтвортой байдал нь харилцагчдад брэндэд итгэх итгэлийг нэмэгдүүлдэг, ажилтнуудад байгууллагадаа тогтвортой ажиллах нэг арга хэрэгсэл гэж үзэж болно. Манай группийн хувьд гурав дахь жилдээ сайн дураар тайлангаа гаргаж байна. Цаашлаад монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд бүгд хуулийн дагуу Тогтвортой байдлын тайлангаа олон нийтэд тайлагнадаг болох тухай яригдах болсон. Тиймээс хуулийн зохицуулалтыг хүлээлгүй өөрсдийн үйл ажиллагаандаа эртнээс тусгаж тогтвортой байдлын тайлан гарагдаг болох хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
Энэ жилийн хувьд ЮНИТЕЛ, ТЭСО групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК зэрэг томоохон групп компаниуд тогтвортой байдлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тиймээс энэ удаа тогтвортой хөгжлийн төлөө хийж буй зарим сайн жишээг эдгээр тайлангаас онцолж байна.
Тодруулбал Тогтвортой хөгжлийн хурдасгуур гэж үздэг ТХЗ-5: "Жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд охидыг чадавхижуулах", ТХЗ-10 “тэгш бус байдлыг бууруулах” зорилгын хүрээнд хувийн хэвшлүүд ямар санал санаачилга гарган ажиллаж байгаад анхаарлаа хандуулцгаая.
ТЭСО групп: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бие даасан бодлоготой
- ТЭСО групп нь бодлогын хүрээнд ажилчдаа жирэмсний үзлэг хяналтад хамрагдах уян хатан цагийн зохицуулалт, бага насны хүүхэдтэй ажилтныг уян хатан ажиллах зохицуулалт, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, шинэ гэр бүл шинээр төрсөн хүүхдийн бэлэг, хүүхэд асрах чөлөөнөөс орж ирсэн ажилтныг хөгжүүлэх хөтөлбөр зэргийг хэрэгжүүлжээ. Тус группийн хувьд Жендэр ба тогтвортой хөгжил хариуцсан албан ёсны бүтэц ажилладаг аж.
- Мөн Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбар дахь охидын оролцоог нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг ТЭСО групп Women in tech mongolia хөдөлгөөнтэй хамтран хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд 30 охиныг шалгаруулж, Робот угсарч, код бичих, физикийн сонирхолтой туршилт хийж, мэдээллийн аюулгүй байдал болон цахим орчны талаар суралцуулжээ.
- Ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг бүх талаар дэмжих зорилгынхоо хүрээнд Эмпасофт технологийн сургуультай хамтран ажилтныхаа хүүхдэд зориулсан их сургуульд элсэн суралцах тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Тэтгэлэг нь монгол улсын ирээдүйд онцгой ач холбогдолтой салбар болох хиймэл оюун, кибер аюулгүй байдал программ хангамжийн чиглэлийн мэргэжлийг сонгон суралцах оюутнуудад зориулагджээ.
ЮНИТЕЛ групп : Хүйсээс үл хамааран ижил тэгш өсөж, дэвших боломжийг энэ тэнцүү олгодог
- Удирдах түвшний албан тушаалд хүн бүр хүйсээс үл хамааран ижил тэгш өсөж, дэвших боломжийг энэ тэнцүү олгодог. Мөн ажиллах хүчний эмэгтэйчүүдийн оролцоог зорилтод хувиас дээш байлгахыг эрмэлздэг. Тодруулбал, менежментийн баг 40 хувь, өргөтгөсөн менежментийн багийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь 2023 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт аж.
- 2024 онд эмэгтэй ажилтнуудынхаа онцгой хэрэгцээг хангах зорилгоор ажлын орчныг тохижуулжээ. 2024 онд бид Централ Тауэр дахь төв оффис болон бүсийн 3 оффис дээр хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орж байгаа ажилтан ээжүүд хэрэглэх боломжтой “Mama’s corner”-ийг тохижууллаа. Энэхүү буланд ээжүүд оффис дээр хүүхдийнхээ живхийг солих, хөхөөр хооллох, хуурайлах гэх мэт сувилахуйн асаргааг саадгүй хийх орон зайтай болсон юм.
- Мөн “Анунгоо” ХХК-тай хамтран Улаанбаатар болон орон нутгийн 22 оффисын эмэгтэй ариун цэврийн өрөөнд "Caring box" нэртэй ариун цэврийн хэрэглэлтэй хайрцаг байршуулсан. Сарын тэмдэг ирсэн болон ирэх үед ариун цэврийн хэрэглэл бэлэн байхгүй яаралтай тохиолдолд энэхүү хайрцгаас асуудлаа шийдэх боломжтой.
“М-Си-Эс Кока-Кола” ХХК: Удирдлагын багийн 50 хувийг эмэгтэй ажилтнаас бүрдүүлэх зорилттой
- 9912 тонн усыг ААНБ-уудад үнэ төлбөргүй нийлүүлж, төдий хэмжээний цэвэр усны нөөцийг хэмнэсэн. Мөн нэг литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг 2030 онд 1.7 литр ус болгохоор зорьж байгаа аж. 2024 онд 1литр ундаа хийхэд 2.18 л ус зарцуулж байна.
- 2030 онд гэхэд хуванцар эргэн цуглуулалтаа 100 хувьд хүргэх зорилготой бөгөөд 2024 онд нийт борлуулсан хуванцрын 56 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг эргэн цуглуулсан байна. ТХЗ-12 “Хариуцлагатай хэрэглээг дэмжих”, ТХЗ-19 “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах” зорилтуудад чиглэсэн санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.
- Эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэй ажилчдад тулгарч буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх есөн хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн зөвлөл ажиллаж байна. Мөн Хүүхэд хамгааллын бодлоготой бөгөөд Хүүхдэд ээлтэй хамт олныг бий болгох зорилготой долоон хүний бүрэлдэхүүнтэй эцэг эхийн зөвлөл ажилладаг байна.
Дээрх гурван байгууллагын тайлангаас харахад хувийн хэвшлүүдэд эх хүүхдийн өрөө, байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд байнга хамруулдаг зэрэг давуу талууд ажиглагдаж байна. Хэрвээ Тогтвортой хөгжлийн зорилтууд гэж байгаагүй бол та бид үүнийг мэдэхгүй, байгууллагууд ийм үйл ажиллагаа явуулж эхлэхгүй ч байсан байж магад. Тогтвортой хөгжлийн тайлан гэж байгаа учраас байгууллага компаниуд ажилтны сайн сайхан байдал, жендэрийн тэгш эрх байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах зэрэг санаачилга үйлдлүүдээ илүү өргөн хүрээнд авч үзэж хэрэгжүүлж байна. Өшөө илүү олон санаачилгыг хувийн хэвшлүүд гарган хэрэгжүүлж тогтмол тайлагнаж хэвшвэл та бид хамтдаа 2030 оны Тогтвортой хөгжлийн 17 зорилгод хамтдаа хүрч чадна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ч гэсэн зөвхөн тайлан төдий биш үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажилчдаа татах, хэрэглэгчдийн итгэлийг олж авах боломж гэж хараад өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх нь тавхан жилийн дараа тохиох Тогтвортой хөгжлийн зорилгодоо Монгол улс хүрсэн байхад оруулах том хувь нэмэр юм.
Уншигч та дараах линкээр нэвтэрч https://unitelgroup.mn/sustainability/ Юнител группийн Тогтвортой байдлын тайлантай танилцана уу. Unitel
ТЕСО группийн Тогтвортой хөгжлийн тайлан Тогтвортой хөгжлийн тайлан
“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Тогтвортой хөгжлийн тайлан MCS Coca-Cola Тогтвортой хөгжлийн тайлан