Олон улс судлалын доктор (PhD)  Х.Баатархүү

Эдүгээгээс 65 тэртээ 1960 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 10:00 цагт НҮБ-ын 15 дахь удаагийн Ерөнхий Ассамблейн 882 дугаар бүгд хуралдааны Ерөнхий санал шүүмжлэл эхэлж ЗСБНХУ-ын СнЗ-ын Н.Хрушев, Йорданы хаан I Хуссейн нарын дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру НҮБ-ын гишүүнчлэлийн асуудлаар томоохон мэдэгдэл хийсэн билээ.

Тэрээр БНМАУ-ын гишүүнчлэлийн талаар цохон зааж: “Үүнтэй холбогдуулан би Монгол хэмээх өөр нэг орныг цохон тэмдэглэхийг хүсэж байна.

Бид Нэгдсэн Үндэстний байгууллагад ийм олон орныг зөв шударгаар элсүүлж байгаа үед хоёр асуулт гарч байна. Яагаад Монгол НҮБ-ын гадаа үлдэх ёстой юм бэ? Тэр орон юуг буруу хийсэн юм, НҮБ-ын дүрмийг зөрчсөн юм уу? Нэг номхон дөлгөөн, энхийг эрхэмлэгч үндэстэн өөрийн хөгжил дэвшлийн төлөө цөхрөлтгүй зүтгэж байна, Иймд тэднийг энэхүү агуу байгууллагын гадна байлгаж байгаа нь ямар ч зарчмын үүднээс авч үзсэн асар буруу гэж би үзэж байна. Бидний хоёр үндэстний харилцаа 1500 жилээс ч өмнөх эртний харилцаа учраас Энэтхэг Монголыг тусгайлан дотночлон авч үздэг билээ. Өнөөдөр ч энэхүү өнө эртний хэлхээ холбоо, түүнчлэн хоёр орны найрамдалт харилцааны олон жишээ бэлхнээ нүдний өмнө байна. Иймд би Монголыг улс үндэстний энэхүү НҮБ-д элсүүлэн авахыг үнэн сэтгэлээс зөвлөж байна” гэжээ.

Даян дэлхийн улс орнуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон арван жил зүтгэж байсан манай улсын нам төрийн удирдлага, манай ард түмний хувьд дээрх мэдэгдэл нь үнэлшгүй чухал дэмжлэг болж тухайн хурлын уур амьсгалд төдийгүй дараа дараагийн  хурлуудаас эерэг шийдвэр гарахад нөлөөлсөн нь мэдээж билээ.

Монгол, Энэтхэг харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаарна. Хожим буддын шашны нөлөөгөөр хоёр ард түмэнд соёлын харилцаа харилцаа өрнөсөөр 20-р зуунтай тулжээ. Харин орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцож болно. Социалист бус улс орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нь Энэтхэг. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж дэмжин хамтран ажиллаж ирсэн түүх бий. Монгол Улсыг НҮБ болон бусад олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй болгохыг Энэтхэг улс тууштай дэмжсэн.  

1955 оны 4-р сард БНХАУ, Энэтхэгийн санаачилгаар Ази, Африкийн орнуудын хооронд сайн хөршийн найрамдалт харилцаа тогтоож, хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой зохион байгуулагдсан  Бандунгийн бага хуралд БНМАУ биечлэн оролцоогүй боловч бага хурлын үйл ажиллагааг бүх талаар дэмжсэн юм. Бандунг хотод нээгдэж буй Ази, Африкийн орнуудын бага хурлын Тэргүүлэгчдэд хандан баяр хүргэсэн цахилгааныг БНМАУ-ын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж. Самбуугийн нэрийн өмнөөс илгээж байжээ.

Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны хамтарсан тунхаглалаа 1973  онд гаргаж бөгөөд шашин соёлын салбарт л хамаатай мэт байсан энэ баримт бичиг 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбатын Делид хийсэн айлчлалаар агуулга хэлбэрээ “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай санамж бичиг” болгон тэлж, 2001, 2004, 2009 онуудад шинэчлэгдсээр 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол улсад түүхэн айлчлал хийж хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн харилцаа болгон шат ахиулж харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж байна.

Социализмын үеийн Монгол, Энэтхэгийн харилцаа

1955 оны 12-р сарын 24-нд манай хоёр улс дипломат харилцааг тогтоож. 1956 онд Монгол Улс Дели хотод ЭСЯ-аа нээж, Энэтхэг улс Улаанбаатарт 1971 онд ЭСЯ-аа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Хүйтэн дайны нөлөөгөөр дэлхий ертөнц хуваагдсан цаг үед ч гэсэн хоёр тал улс төрийн харилцаа болон бусад салбарын харилцаагаа идэвхжүүлэх төрөл бүрийн алхмууд хийсээр байжээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал 1959, 1973 онд хоёр удаа БНЭУ-д албан ёсны айлчлал хийсэн байдаг. Тэрээр хоёр дахь айлчлалын үеэр Монгол-Энэтхэгийн хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан түүхтэй. Энэхүү баримт бичигт хоёр орны харилцаа энх тайванч зэрэгцэн орших, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргааныг энхийн замаар шийдвэрлэх хүсэл эрмэлзэл зэрэг зарчмуудыг тусгасан байлаа.

1967 онд Энэтхэг-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдаж, 1959 онд Монгол, Энэтхэгийн соёлоор харилцах нийгэмлэг байгуулагдаж байсан бол 1986 онд Өмнөд Азийн орнуудтай харилцах Монголын нийгэмлэг болж улмаар 1990 онд Монгол, Энэтхэгийн найрамдлын нийгэмлэг болон шинэчлэгдсэн. Жавахарлал Нэругийн их сургуульд монгол хэлний багшаар нэрт эрдэмтэн Д.Төмөртогоо 1971-1974 онуудад ажиллаж, хинди хэл соёл судлахаар манай нэрт орчуулагч, эрдэмтэн Ж.Бадраа, Г.Гэндэндарам, Ж.Нямсүрэн нар 1958 онд Энэтхэгт очин суралцаж эхэлсэн юм.

Нэрт эрдэмтэн Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн нар мөн д энэ үед богино хугацаанд зочин судлаачаар Энэтхэгт ажиллаж хоёр талын түүх соёлын олон шинэлэг мэдээллүүдийг эргэлтэнд оруулж байв.1306 онд монголын эрдэмтэн Чойжил-Одсэр энэтхэгийн шүлэгч Шанти-Дэвагийн зохиосон "Бодичорья аварда“ гэдэг зан суртахуун, гүн ухааны найргийг монгол хэл дээр орчуулан хэвлүүлж байсан түүхтэй. 1957 оноос эхлэн нэрт зохиолч Таагүрын “Гора”, “Өргөлийн дуулал” зэрэг уран зохиолын шилдэг бүтээлүүдээс монгол хэлээр орчуулагдан манай уншигчдын гарт хүрч, 1899 оноос эхлэл түүхтэй Энэтхэгийн кино урлаг 20-р зууны сүүлийн хагаст дэлхий даяар хүчээ авч ЗХУ-р дамжин 1980-аад манай улсад орж ирэн “Ноён 420” зэрэг сонирхолтой бүтээлүүд нь кино театруудад олонтоо гарч, монголчууд бид энэтхэгийн тухай кино дэлгэцээс төсөөлөл мэдээлэл авдаг болж соёлын харилцаа хөгжсөөр 1990 оны нийгмийн өөрчлөлтэй тулжээ.1987онд Энэтхэгийн ГХЯ-ны шугамаар нэрт найруулагч Вижаб Чандра манай улсад ирж “Найрсаг Монгол орон” нэртэй тун сонирхолтой баримтат кино бүтээн энэтхэгийн үзэгчдэд толилуулж байлаа.

1987 оноос манай улстай хамтран ажиллаж эхлэсэн Энэтхэгийн Соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн  хамтын ажиллагааны “ITEC” хөтөлбөрийн хүрээнд 2024 он хүртэл хугацаанд манай 3500 гаруй мэргэжилтнүүд урт, богино хугацааны сургалтад хамрагдсан байна.

“Оюун санааны хөрш” -өөс  Стратегийн түншлэлд  

Энэтхэгийн хувьд Зүүн болон Өмнөд Азид явуулах гадаад харилцааны бодлогоо 1991 онд тодорхойлж, “Look East policy” хэмээх хөтөлбөрийг Нарсимха Рао (1991-1996), Бихари Важпайи (1998-2004), Манмохан Сингх (2004-2014) нарын үед хэрэгжүүлээд байсан. 2014 онд Ерөнхий сайд Н.Моди нэрийг нь “Act-East Policy” болгож, илүү идэвхтэйгээр хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү бодлогын гол агуулга товчхондоо Зүүн болон Өмнөд Азид олон тулгуурт харилцаанд манлайлал үзүүлэх, өөрийн нөлөөг нэмэгдүүлэх боломжийг эрмэлзэх явдал гэж тодорхойлж болох юм.

Сүүлийн жилүүдэд Монгол-Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж байна. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн нэн чухал хэмжүүр болсон худалдааны эргэлт сүүлийн 5 жилийн хугацаанд худалдаа жилд 27.3%-иар өссөн байна. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Атул Малхари Готсурве энэ оны 9-р сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2023 онд хоёр улсын худалдаа 65.43 сая ам.доллар байсан бол 2024 онд 110.88 сая ам.долларт хүрсэн гэжээ.  Энэ бол хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх маш их ирээдүй байгааг харуулж байна. Одоогоор Монгол улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, хүнд машин механизм, түүний тоног төхөөрөмж, шүлхийн вакцин зэргийг импортлон авдаг. Харин Энэтхэг улс Монгол улсаас ноос ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авдаг ба цаашид  уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүн худалдан авахыг сонирхдог. Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, нэн ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, уул уурхай, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байна.

Монгол-Энэтхэгийн орчин үеийн харилцаа 5-D багана дээр тулгуурлаж байна гэж тодорхойлж болно. Эхний “D” нь Dharma буюу шашин ном, хоёр дахь “D” нь Democracy буюу Ардчилал. гурав дахь “D” нь Development Partnership буюу Хөгжлийн Түншлэл, дөрөв дэх нь Digital Development буюу Цахим хөгжил, тав дахь “D” болох Defence Cooperation буюу Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг сүүлийн жилүүдэд хөгжүүлж байна. Энэхүү 5-D нь манай хоёр орны уламжлалт найрсаг харилцааны тулгуур багана юм.

Өнөөгийн байдлаар хөрөнгө оруулалтын чиглэлээр Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар манай хоёр улс 3 томоохон төсөл дээр хамтран ажиллаж байна.

Нэгдүгээрт: Энэтхэгийн засгийн газрын 1,7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр юм. Энэ бол Монгол-Энэтхэгийн харилцааны үлгэр жишээ болсон өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд 2027 оны төгсгөл эсвэл 2028 оны эхээр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Энэ төсөл нь Энэтхэгээс нэг төсөлд зориулж нэг улсад олгосон хамгийн том хөрөнгө оруулалт гэж тооцогддог.

Хоёрдугаарт: Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Энэтхэг улсын 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр  ШУТИС-ийн “Atal Bihari Vajpayeeгийн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн Сургалтын төв” баригдаж байна.

Гуравдугаарт: Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон 1200 хүүхдийн хүчин чадалтай Энэтхэг-Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийг Хан-Уул дүүрэгт баригдаж байна.

Монголын талын хувьд хоёр улсын хөрөнгө оруулалт ба худалдааг нэмэгдүүлэх 3-C буюу экспортын гурван гол бүтээгдэхүүн болох нүүрс (Coal), зэс (Copper), ноолуур (Cashmere), гэж үзэж хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх чиглэлд ажиллаж байна.  

Монгол, Энэтхэгийн ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг "оюун санааны хөрш" орнууд гэж үздэг.  Уламжлалт найрсаг харилцаагаа суурь болгож, талууд эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлд илүү ажил хэрэгч хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нэн тохиромжтой цаг үе ирж байна.

Сонирхуулахад, Улаанбаатар хотноо хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл Махатма Гандигийн гудамж болон хөшөө байдаг бол Энэтхэгийн Нью Дели хотноо Улаанбаатар гэдэг нэртэй гудамж байдаг ажээ.