Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Дашдараагийн Ундармааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилсноор 2024 оны сонгуулийн үр дүнд бүрдсэн орон нутгийн (нийслэл, аймаг) удирдлага дахь цор ганц эмэгтэй болж байна.

Мөн тэрбээр 2024 оны зун, намрын цөөн хэдэн сард дүүргийнхээ ИТХ-ыг удирдаж байв.

Намтрыг нь харвал, тэрбээр 1995 онд 76 дугаар сургуулийг төгсөөд шууд сургуульдаа багшаар дөрвөн жил ажилласан байгаа юм. Ийн ажиллахын сацуу Улсын багшийн их сургуульд багш мэргэжлээр суралцаж. Гэвч тэрбээр 2000 онд сургуулиа дүүргээд багш мэргэжлээрээ ажиллаагүй аж. Өөрөөр хэлбэл, дүүргийнхээ 11 дүгээр хорооны Засаг даргаар томилогдсоноор түүний улс төрийн амьдрал эхэлсэн гэлтэй.

Тэрбээр тухайн үед Засаг даргаар хоёр жил буюу 1999-2001 онд ажиллаад, дараа нь дахин 10 жилийн хугацаанд тус хороог тасралтгүй удирдсаныг намтраас нь харж болно.

Ийнхүү хорооны Засаг даргаар хоёр удаа томилогдон 12 жил ажилласан завсрын долоон жилд нь “Автобус III” НӨҮГ-т Захиргаа, хүний нөөцийн албаны даргын алба хашсан байна.

Д.Ундармаа нь 2018-2021 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн орлогчоор ажилласан. Ж.Сандагсүрэн нь өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж буй НИТХ-ын төлөөлөгч юм. Мөн тэрбээр дараагийн Засаг дарга Н.Алтаншагайд 2021-2022 онд зөвлөж байгаад, бүрэн эрхийн хугацааных нь сүүлийн хагаст орлогчоор нь томилогджээ. Улмаар орон нутгийн өнгөрөгч сонгуулиар өөрөө өрсөлдөж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр анх удаа сонгогдоод байгаа нь энэ.

Төлөөлөгчөөр сонгогдсон даруйдаа тэрбээр “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын даргаар томилогдсон байдаг.

Засаг даргынхаа халаасанд нийтээрээ орчихсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн нэг гэсэн үг.

Уг нь нийслэлийн ИТХ бол Улаанбаатарын иргэдийн шууд сонголтын үр дүнд хамтаараа шийдвэр гаргахаар бүрдсэн байгууллага. Тэд нийслэлийн Засаг даргыг сонгож томилуулах санал гаргахаас гадна бүрэн эрхийнхээ хугацаанд хийх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, тайланг нь хэлэлцэн, хэр ажиллав, хэлсэндээ хүрэв үү гэдгийг нь үнэлж, дүгнэх ёстой. Шаардлагатай бол түүнийг томилсон шигээ огцруулах саналыг Ерөнхий сайдад уламжлах эрх нь ч нийслэлийн ИТХ-д бий. Нэгэнт Д.Ундармаа төлөөлөгчийг нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва томилж, түүний шууд удирдлагад ажиллахаар болсон тул “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга гэсэн давхар “дээл”-ээ тэр эрхбиш тайлах биз хэмээн найдна.