Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгаж, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журмыг өөрчилж, улс төрийн нөлөөллөөс ангид ХЭҮК-ын гишүүн сонгон шалгаруулах нөхцлийг дордуулан баталсныг хүний эрх, засаглалын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж байна.

Хүний эрхийн зөрчлийг шалгаж, үндэслэлтэй дүгнэлт гарган, төрд шаардлага тавих ажилд мэдлэг, туршлага хэрэгтэй. Өмнөх журамд нэр дэвшигч эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил, хүний эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилласан байх шаардлага тавьж байв. Шинэчилсэн журмаар эдгээр доод хугацааг хасжээ.Туршлагын босгыг хассан бол мэргэшсэн хүнийг шалгаруулах ямар баталгаагаар орлуулсан бэ?

ХЗБХ нэр дэвшигчийн мэдлэг, туршлагыг бодитой үнэлэх шалгуур, аргачлалыг тодорхой болгож, мэргэшлийн баталгааг сэргээх ёстой.ХЗБХ-ны гишүүд ээ, журмын өөрчлөлтийг дахин хэлэлцэж, хараат бус, мэргэшсэн гишүүн сонгох баталгааг сэргээхийг шаардлаа.

Монголын Эмнести интернэшнлээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах журамд оруулсан өөрчлөлт, нэр дэвших хугацааг сунгасан шийдвэрийн үндэслэлийн талаар тодруулга хүсэж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүдэд албан бичиг хүргүүллээ. Тус байгууллага ХЭҮК-ын хараат бус байдал, ил тод байдал, олон нийтийн оролцооны баталгааг дордуулсан зохицуулалтыг даруй түдгэлзүүлж, залруулах арга хэмжээ авахыг шаардлаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 25, 26 дугаар тогтоолоор журам болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оруулсан өөрчлөлтүүд нь хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд томоохон ухралт болсон байж болзошгүй гэж Монголын Эмнести Интернэшнл үзэж байна.

Албан бичигт нэр дэвшигчийн мэргэжлийн болон хүний эрхийн чиглэлээр ажилласан туршлагын доод хугацаа, сүүлийн таван жилд улс төрийн болон намын удирдах албан тушаал эрхлээгүй байх шаардлагыг ямар судалгаа, хууль зүйн үндэслэлээр хассаныг тодруулахыг хүсэв. Эдгээр өөрчлөлт нь улс төрийн нөлөөллийн эрсдэлийг нэмэгдүүлэхгүй гэх үндэслэл, нэр дэвшигчийн мэдлэг, туршлага, ёс зүй, хараат бус байдлыг үнэлэх бодит шалгуурыг тайлбарлахыг шаардсан байна.

Мөн ажлын хэсгийн сонсголыг ярилцлагаар сольсноор иргэд, иргэний нийгмийн байгууллагын мэдээлэл өгөх, асуулт тавих, нэр дэвшигчийн мэдлэг, туршлага, ёс зүй, хараат бус байдлыг нээлттэй хэлэлцэх боломж хэрхэн хангагдахыг тодрууллаа. Байнгын хорооны томилгооны сонсгол нь нэр дэвшигчийг шалгаруулах өмнөх шатны олон нийтийн оролцоог орлохгүй. Хэнийг, ямар үндэслэлээр шалгаруулж байгааг иргэд анхан шатнаас нь мэдэж, санал өгөх боломжтой байх ёстой.

Түүнчлэн хуулийн 30 хоногийн хугацаа дууссаны дараа нэр дэвших хүсэлт хүлээн авах хугацааг сунгасан үндэслэл, анхны хугацаанд бүртгүүлсэн иргэдийн эрх, эрх тэгш нөхцөлөөр өрсөлдөх боломжид үзүүлэх нөлөөллийн талаар тайлбар хүсэв. Ажлын хэсгийн шийдвэр гаргах босгыг өөрчилсөн нь сонгон шалгаруулалтын чанар, шударга байдалд хэрхэн нөлөөлөх, улс төрийн болон бусад зохисгүй нөлөөллөөс сэргийлэх ямар баталгаа үлдсэнийг мөн тодруулсан байна.

Парисын зарчим болон GANHRI-ийн Магадлан итгэмжлэх дэд хорооны 1.8 дугаар Ерөнхий ажиглалт нь сонгон шалгаруулалтыг ил тод, урьдчилан тогтоосон тодорхой шалгууртай, иргэний нийгмийн үр нөлөөтэй оролцоог хангасан, зохисгүй нөлөөллөөс ангид явуулахыг шаарддаг. Эдгээр баталгааг дордуулах нь ХЭҮК-ын хараат бус байдал төдийгүй Парисын зарчимд бүрэн нийцсэнийг илэрхийлэх “А” статуст сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Монголын Эмнести Интернэшнл нь сонгон шалгаруулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэхийг дэмжиж байгаа хэдий ч хуульд нийцүүлэх нэрийн дор хараат бус, мэргэшсэн гишүүнийг ил тод, олон нийтийн оролцоотойгоор сонгох өмнө бүрдсэн баталгаанаас ухарч болохгүйг онцоллоо. Иймд Хууль зүйн байнгын хороо нь өөрчлөлтүүдээ хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, Парисын зарчимд нийцүүлэн нэн яаралтай хянан үзэж, баталгааг дордуулсан зохицуулалтыг түдгэлзүүлэн залруулах ёстой гэж үзлээ.

‍