Бүгд Найрамдах Турк Улсыг тунхагласны 103 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалт 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус ЭСЯ-ны өргөөнд болов.

Ёслолын хүндэт зочноор Батлан хамгаалахын дэд сайд Д. Баасандамба уригдан оролцов. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар болон хоёр улсын бизнесийн төлөөлөл, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, түүх, соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг бүхий л салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирэв.                

Хүндэтгэлийн арга хэмжяээний эхэнд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэн ноён Режеп Тайип Эрдоганаас Бүгд Найрамдах Турк Улсын тунхагласны 103 жилийн ойн баярт зориулан ирүүлсэн баярын  мэндчилгээг танилцуулав.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэл арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 103 жилийн ойд зориулсан хүлээн авалтад тавтай морилно уу. Тусгаар тогтнолын төлөөх Туркийн ард түмний тэмцлийн үр дүнд байгуулагдсан Бүгд Найрамдах Турк Улс өнөөдөр бүхий л салбарт итгэл төгс урагшлан хөгжиж байна.

Энэхүү бахархалтай өдрийг бидэнтэй хамт тэмдэглэж буй эрхэм зочдод чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Энэ завшааныг ашиглан Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч Мустафа Кемал Ататүрк болон тусгаар тогтнолын төлөө золиос гаргасан нийт баатруудыг гүн хүндэтгэл, чин сэтгэлийн талархалтайгаар дурсан санаж байна.

Турк, Монголын ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс улбаатай. Өнөөдөр Турк Улс Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн нэг бөгөөд энэхүү бат бэх суурин дээр тулгуурлан Турк, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна.

Өнгөрсөн онд Турк, Монгол хоёр талт харилцаагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чухал алхам хийсэн. Түүнчлэн бүх түвшний харилцан айлчлалын тоо нэмэгдэж, хамтын ажиллагаанд түлхэц болж байгаад баяртай байна.

Турк, Монголын харилцаа эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт бэхжин хөгжиж байна. Сүүлийн арван жилд Турк, Монголын худалдааны эргэлт дөрөв дахин өсөж энэхүү үзүүлэлтийг улам нэмэгдүүлж, хоёр талын эдийн засгийн бүрэн боломжийг нээх нь бидний зорилт юм.

Монгол Улстай боловсрол, соёл, түүх, археологийн салбарт олон жилийн турш хөгжүүлсэн нягт хамтын ажиллагаа цаашид ч өргөжинө гэдэгт итгэлтэй байна.” гэв.