-Тамхины хэрэглээг 30 хувь бууруулна гэсэн том зорилттой байгаа-

Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан. Хуульд орсон гол өөрчлөлтүүдийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

–Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсанаар бодитоор ямар өөрчлөлт гарах вэ?

-Манай оронд тамхины хэрэглээ огт буурахгүй хэвээр байгаа. 2000 оны тоо баримтыг аваад үзэхэд хүн амын 30 орчим хувь нь тамхи татаж байна. 2030 он гэхэд дөнгөж 29 хувь болж буурна гэсэн тооцоолол бий. Тэгэхээр яалт ч үгүй бид тамхины хяналтын орчныг хууль эрх зүйн хувьд сайжруулж байж тамхидалтыг бууруулна.

Тамхины хяналтын тухай хуульд орсон гол концепцийн өөрчлөлтүүдийн нэг нь татварыг нэмэгдүүлэх юм.

Маш олон оронд хийсэн судалгаагаар өсвөр үеийн хүүхдүүдийг тамхинд орохоос урьдчилан сэргийлэхэд татварын бодлого чухал гэж үздэг. Татвар болоод тамхины үнэ өндөр байвал хүүхдүүд тамхинд орох, донтохоос сэргийлж чаддаг. Электрон тамхи нь тамхин бүтээгдэхүүнд ордоггүй байсан учраас огт татвар ногддоггүй байсан. Тийм учраас тамхины татварын үнийг үе шаттайгаар нэмж байгаа. Манай орны хувьд бусад оронтой харьцуулахад тамхины үнэ маш бага. Тийм учраас бид татвараа нэмж үнийн бодлогоор хүртээмжийг хязгаарлах чухал шийдвэрүүдийг гаргасан.

Түүнчлэн тамхины маш олон төрлийн шинэ бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Утаат тамхи хорт хавдар, олон төрлийн амьсгалын замын болон зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг тогтоочихсон. Тийм учраас дэлхий нийтээр янжуур тамхины хэрэглээ буурч байна. Үүнтэй холбоотойгоор зах зээл нь шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн рүү шилжсэн. Ялангуяа залуучууд руу чиглэж, хэрэглэх хүслийг нь нэмэгдүүлсэн амт, үнэрийг шинэ бүтээгдэхүүнүүддээ оруулж байгаа. Электрон, халаадаг, усан, сүүлдээ бүр зажилдаг, чихэр шиг тамхи гарчээ. Энэ болгоныг бид тамхи гэж үзэж, тамхин дээр тавьж байгаа хязгаарлалт, татварын бодлогыг оруулах шаардлага үүссэн. Бүх төрлийн шинэ тамхин бүтээгдэхүүнийг тамхи гэсэн ангилалд оруулж байгаа нь маш чухал бодлогын шийдвэр болсон.

-Үнэр, амт, гаагүй тамхийг л худалдаална гэсэн үг үү?

-Тийм. Залуучууд, хүүхдүүдийг тамхинд оруулахад хамгийн их нөлөөлж буй зүйл нь амт, үнэр байдаг. Хүүхдүүдийн хамгийн дуртай амт, үнэрийг тамхинд оруулчихаар хортой гэдгийг мэддэггүй.

Тэр гоё үнэр, амтаар никотиныг халхавчилж, хортой гэдэг ойлголтыг төрүүлдэггүй. Хүүхэд хортой гэдгийг нь мэдэхгүй учир кола, ваниль, гаатай юм байна гээд л хэрэглэдэг.

Энэ нь улам донтох эрсдэл учруулдаг учир маш олон оронд амт, үнэрийг хориглож байгаа. Тиймээс Тамхины хяналтын тухай хуулиар амт, үнэрийг хориглосон нь маш чухал заалт болсон. Энэ нь залуучуудыг тамхинд орох, хорт зуршилтай болохоос сэргийлж байгаа хамгийн чухал бодлого юм.

-Татварыг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ?

-Татварыг шууд нэмэхгүй. Он дамнуулж үе шаттай нэмнэ.

Цаашид татвараас бүрдсэн орлогыг эрүүл мэндийг дэмжих, тамхины хор хөнөөлийг сурталчлах, тамхинаас гарахад нь дэмжлэг үзүүлнэ.

Зарцуулалтыг оновчтой болгохын тулд дүрэм, журмаа тодорхой болгож ажиллана гэсэн үг. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилтэд маш олон тооны байгууллагууд хамтарч оролцох ёстой. Жишээ нь манай яамны зүгээс тамхины савлагааны гадна талд байрлах зурагт анхааруулгыг 70 хувьд хүргэх ёстой байгаа.

-Хууль хэрэгжсэнээр тамхины хэрэглээ буурах боломжтой юу?

-Манайх бүс нутагтаа тамхины хэрэглээгээр долоодугаар байрт жагсдаг. Цаашид бид тамхины хэрэглээг 30 хувь бууруулна гэсэн том зорилттой байгаа. Хууль батлагдсанаараа бид тодорхой хэмжээгээр жил бүр тамхины хэрэглээг бууруулаад явах боломжтой.

‍