Монгол орны зүүн хязгаар, хамаг л ховор ан амьтан үзэсгэлэн төгс газар нутаг бүхэлдээ шатаж Монголчууд эмзэглэж харууссан өдрүүд өнгөрч байна. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газрын 79.8 хувь нь түймэрт өртсөн. Аравдугаар сарын 8-наас 16-ныг хүртэл бүтэн найман хоног Нөмрөгийн дархан цаазат газар шатаж, 468,965.7 га талбай “хуйхлагдсан”. Мобикомын ажилтнуудын зорчиж явсан автомашинаас түймэр дэгдсэн. Үүнийг Мобикомын толгой компани ч хүлээн зөвшөөрсөн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам удаан хүлээлгэсний эцэст энэ сарын 20-нд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тооцох ажлын хэсэг байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл экологийн хохирлыг бүрэн тогтоож чадаагүй хэвээр байна.
Нөхцөл байдлын талаар сайд Ц.Сандаг-Очир “Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийн хохирлыг тооцох ажлын хэсэг байгаль, цаг агаар, газар зүйн онцлогоос хамаарч онцгой хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Газар зүйн байршил, байгалийн нөхцөлөөс шалтгаалан зурагт хар зураасаар тэмдэглэсэн хэсгээс цааш автомашин, мотоцикл, мориор нэвтрэх боломжгүй боллоо. Иймд Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газраас техникийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж, шаардлагатай арга хэмжээ авах хүсэлт тавьсан.
Энэ хүрээнд нисдэг тэрэг ашиглах, хөрш улсуудтай хамтран ажиллах боломжийг судалж байна. Гал түймэрт өртсөн ойн сан, зэрлэг амьтдын амьдрах орчинд хүрч, газар дээр нь үзлэг хийж, дээж авсны үндсэн дээр хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай. Хохирлыг бодитой, нарийвчлалтай тооцож, үндэслэлтэй дүгнэлт гаргах нь байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх, цаашдын нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм” гэж мэдэгдэв.
Ц.Сандаг-Очир сайдын байр суурийг харахад ажил урагшлуулахын оронд хүндрэл бэрхшээл тоочиж, хариуцлагаас зайлсхийж буй мэт харагдана. Зүгээр л хүсэлт тавиад хариу хүлээгээд суух юм бол хэзээ үр дүнд хүрэх вэ. Байгаль экологид асар их хохирол учирсан энэ үед төрийн байгууллагууд хүсэлт тавьж, хариу хүлээхээс илүүтэй бодитой шийдвэр гаргаж, хариуцлагыг эзэнд нь үүрүүлэх ёстой бус уу. Сайд нь удирдлагаар хангаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах хэрэгтэй.
Нэгэнт Мобиком Корпораци ХХК-ийн ажилтнуудын зорчиж явсан автомашинаас түймэр гарсан нь тогтоогдсон бол хохирлыг барагдуулах асуудлыг ч орхигдуулж болохгүй. Тэр дундаа хохирлыг тогтоохын тулд нисдэг тэрэг ашиглах шаардлагатай байгаа бол үүнтэй холбоотой зардлыг Мобикомоор гаргуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх учиртай.
Засгийн газар ч үүнд анхаарал хандуулмаар байна. Эх орны зүүн хязгаарт орших онгон дагшин Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт өртчихөөд байхад төр засаг нь эс үйлдэхүй үзүүлээд сууж болохгүй. Хохирлыг бодитой тогтоож, нөхөн төлүүлэхийн тулд шаардлагатай техник, санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэх ёстой.
Хуулиараа ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 30 хоногийн хугацаанд нарийвчлан үнэлж тогтоох ёстой. Гэтэл Засгийн газар болон салбарын сайд Ц.Сандаг-Очир ийнхүү удааширч, шийдвэр гаргахдаа хойрго хандсаар байвал хохирлыг бүрэн тогтоож амжилгүй, хуульд заасан 30 хоногийн хугацаа дуусах вий.















