“Zero sugar” гэх шошготой бүтээгдэхүүнүүд нүдний гэм байсан цаг саяхан. Одоо бол захын дэлгүүрийн лангуунд л zero sugar, sugar free зэрэг нэр хаягтай бүтээгдэхүүнүүд ярайх болжээ. Чихэр л муу, хортой гээд байхаар ийм хаяг, шошготой бүтээгдэхүүний эрэлт ихсэх нь ч аргагүй биз. Нөгөө талд Монгол Улсын чихрийн шижинтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 20–79 насны 210-аад мянган хүн чихрийн шижинтэй гэсэн тоо гарсан. Энэ тоо 2050 он гэхэд 330 мянгад хүрнэ гэх тооцоо бий. Үүнийг дурдах болсон шалтгаан нь Zero sugar бүтээгдэхүүн анх 1950-иад оны эхээр АНУ-д гарч байжээ. Ингэхдээ чихрийн шижинтэй, сахрын дэглэм барих шаардлагатай хүмүүст зориулсан илчлэг, сахаргүй бүтээгдэхүүн хэмээн олны анхаарлын татах болсон. Үргэлжлүүлээд 10 орчим жилийн дараа томоохон ундаа үйлдвэрлэгч компаниуд diet, zero sugar зэрэг илчлэг, сахаргүй гэх бүтээгдэхүүнүүд танилцуулсан байдаг. Харин өнөөдөр ганцхан ундаа бус жигнэмэг, чихэр, бохь гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг zero sugar нэртэйгээр үйлдвэрлэж буй. Zero sugar-ийн үзэл санаа нь одоо ч амь бөхтэй байгаа учир чихрийн шижинтэй хүмүүс дийлэнхдээ сонголтоо болгодог. Гэсэн ч энэ нь зөв сонголт мөн эсэхэд дэлхий нийт эргэлзэж, төрөл бүрийн судалгаанууд шил даран гарсаар байгаа.
Ямар ч сахар агуулаагүй хэр нь яагаад энгийн ундаа, чихэр, жигнэмэг мэт чихэрлэг байна вэ. Цусан дахь сахар өсгөхгүй, таргалуулдаггүй хэр нь чихэрлэг амт үүсгээд буй энэ шидтэй гэмээр “нөхөр” яг юу вэ. Товчхондоо энэ нь байгалийн “үйлдвэрлэдэг” бүтээгдэхүүн бус. Энэ бол чихэр орлуулагч буюу энэхүү хүнсний нэмэлтийг нийлэгжүүлж гарган авдаг.
Энэ талаар АШУҮИС-ийн НЭМС, Шим тэжээл судлалын тэнхимийн багш Н.Туул ярилцлагадаа тодорхой тайлбарлажээ.

Тэрээр “Zero sugar-ийг хүмүүс сахаргүй гэж ойлгодог. Гэхдээ тийм биш. Чихрийн шижинтэй, таргалалтад өртсөн, бөөрний архаг өвчтэй, сахрынхаа хэрэглээг хязгаарлах гэж байгаа хүмүүст зориулж гаргасан нэмэлт юм. 951, 952, 953, 954 гэсэн тэмдэглэгээтэй. Zero sugar-ийг синтетик аргаар нийлэгжүүлж гаргаж авдаг. Нэг элсний хэмжээтэй zero sugar нь нэг ёотонгийн хэмжээтэй амтыг үүсгэдэг. Маш хүчтэй. 200-600 дахин чихэрлэг амтыг үүсгэдэг. Нөгөө талаараа илчлэг нэг их өгдөггүй, таргалахгүй, цусан дахь глюкозын хэмжээ огцом өсөхгүй зэрэг давуу талтай гэгддэг. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар хоол боловсруулах замын ашигтай бичил биетүүдийг устгадаг, дарангуйлдаг болох нь тогтоогдсон. Түүнээс үүдэн дархлааны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг. Эргээд zero sugar буюу сахар орлуулагчтай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүмүүс таргалах хандлагатай байгаа” гэжээ.
951, 952, 953, 954, 955 гэсэн тэмдэглэгээтэй хүнсний нэмэлтүүдийг аспартам, цикламын хүчил, изомальт, сахарин, сукралоз гэдэг. Тэдгээрийн нэг болох аспартамыг гэхэд Zero Sugar, Diet төрлийн ундаа болон бусад олон хүнсэнд хэрэглэдэг. Тус нэмэлтийг 1980-аад оноос өргөн хэрэглэж эхэлжээ. ДЭМБ-ын дэргэдэх Олон улсын хавдар судлалын агентлаг (IARC) 2023 онд аспартамыг хавдар үүсгэх магадлалтай бодисын 2B ангилалд оруулсан байдаг. Нийт дөрвөн ангилал байдгаас тус нэмэлтийг гурав дахь ангилалд багтаажээ.
Хэдий аспартамыг хэрэглэвэл хавдар тусна гэж шууд хэлэх нь зохисгүй ч аюулгүй, хоргүй гэж итгэх нь бас л өрөөсгөл. Иймд zero sugar гэх цэвэрхэн нэрийн цаана нуугдсан чихэр орлуулагчдаас зайлсхийх нь ухаалаг сонголт болох талаар эмч мэргэжилтэн экспертүүд хэлж анхааруулсаар байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг тун саяхан “Өсвөр насны хүүхдүүд өдөрт дунджаар 4800 төгрөгөөр худалдан авалт хийдэг. Түүний 70 орчим хувийг чихэрлэг ундаа, хүнс худалдан авахад зарцуулж байна” хэмээн мэдэгдсэн. Иймд эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдээ ямар сонголт хийж болох, болохгүй талаар сайтар ойлгуулж, хэвшүүлэх, тэр дундаа zero sugar шошготой бүтээгдэхүүн ч гэсэн хор нөлөөтэй болохыг ойлгуулах нь чухал байна.

.jpg)













