УИХ-аас Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай уулзаж ярилцлаа.
-Таны ахалж буй УИХ-ын ажлын хэсэг нэлээд олон асуудлыг шийдвэрлэсэн гэсэн. Боловсролын салбарт чухам ямар бодлого, шийдвэр гаргах шаардлагатай вэ?
-УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг нийтдээ 7 удаа хуралдсан. Тухайлбал, Боловсролын салбарт хийх шинэчлэлын асуудлаар судалгаа хийсэн. Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулиудын анхдагч суурь хэрэгцээ болох сургуулийн барилгын норм, стандарт зөрчигдсөнөөс олон сургуульд сургалтын чанар алдагдаад байна. Стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн зэргээс болж багш, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул нэн яаралтай засч залруулах шаардлагатай. Боловсролыг тэргүүлэх салбар болгож, сургалтын чанарыг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгийн барилгын норм, стандартыг мөрдүүлж, сургалт хэвийн явах наад захын нөхцлийг бүрдүүлэх, багшийн хомсдолыг арилгаж, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог болох тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Мөн эдийн засгийн болон оюун санааны хөшүүргийг бий болгох, сургуулиудын бие даасан байдлыг хангах, менежментийг сайжруулж, технологийн коллежийг олноор байгуулах, мега төслүүдийг гардан хийх үндэсний инженерүүдийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай.
-Ингэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой бол?
-Багш нараа чанаржуулах, ялангуяа шилдэг төгсөгчдийг багшийн мэргэжил сонгох нөхцөл бүрдүүлэх бодлог баримтлах, үүнд амьжиргааны тэтгэлэг олгох, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй гэсэн судалгааны дүн гарсан.
Сургалтын хүртээмжийг сайжруулах, анги дүүргэлтийг 40-өөс доош болгохын тулд сургуулиуд нэмж барих шаардлагатай гэж үзжээ. Ойролцоогоор нэг сургуульд 1800 орчим суралцагсадтай байж гэмээнэ тухайн сургалтын хүртээмж нэмэгдэж, улмаар чанар сайжрах боломжтой юм.
Тиймээс төрийн бүх шатанд боловсролын чиглэлээр авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, бодлогуудыг уялдаа холбоотой болгоход анхаармаар байна. 2028 он хүртэл улсын хэмжээнд нийт 108 сургууль барих буюу үүний 24 нь орон нутагт, 84 нь Улаанбаатарт барих хэрэгцээ байгаа.