Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж, дэлхийн удирдагчид олон талт сорилтуудыг хэлэлцэхээр цугларч буй энэ өдрүүдэд технологи, хиймэл оюун ухааны засаглалын асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд зүй ёсоор багтаж байна. Яг энэ цаг үетэй уралдан Дэлхийн Өмнөдийн орнууд цахим шилжилтэд хандах өөрсдийн гэсэн шинэ байр суурийг хэдийнэ тодорхойлж эхэллээ. Үүнийг бид хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн БРИКС-ийн бүлгийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс тод харж болно. Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнууд барууны технологийн бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч байхаас илүүтэй тооцоолох хүчин чадал, дата, суурь дэд бүтцэд тэгш хүртээмжтэй байх гео-эдийн засгийн сонирхлоо улам бүр прагматикаар илэрхийлэх боллоо.

Шинэ Делигийн тунхаглал ба Гео-эдийн засгийн шинэ дэг журам

2026 оны 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон БРИКС-ийн бүлгийн орнуудын удирдагчдын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт дэлхийн эдийн засаг, технологийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээлээ. Анх 2006 онд байгуулагдаж, өнөөдөр дэлхийн хүн амын тал орчим хувийг төлөөлөх болсон БРИКС-ийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад өргөжсөн гишүүн болон түнш орнуудын удирдагчид, өндөр түвшний төлөөлөгчид хуран цугларав. “Тэвчээртэй байдал, Инноваци, Хамтын ажиллагаа ба Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээн байгуулалт” (Building for Resilience, Innovation, Cooperation and Sustainability) гэсэн уриан дор явагдсан энэхүү чуулганаар баталсан 140 зүйл бүхий "Шинэ Делигийн тунхаглал" нь технологийн засаглалын асуудлыг дэлхийн геополитикийн төвд албан ёсоор авчирлаа.

Зураг дээрх 10 удирдагч (зүүнээс баруун тийш): Бразил, Арабын Нэгдсэн Эмират, Индонез (уригдсан түнш орон), Египет, ОХУ, Энэтхэг (зохион байгуулагч), БНХАУ, ӨАБНУ, Иран, Этиоп.

Чуулганы үеэр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин хөгжиж буй орнууд буюу Дэлхийн Өмнөдөд чиглэсэн таван шинэ санаачилгыг танилцуулсан юм. Эдгээрээс олон улсын судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татаж, цоо шинэ мэтгэлцээн өрнүүлж буй гол асуудал нь "AI соёл иргэншил" (AI Civilization) хэмээх ойлголт болоод байна.

Энэ нь хиймэл оюун ухааныг цөөн хэдэн улсын эрх ашиг бус, хүн төрөлхтний нийтийн хүртээл байх ёстой гэж үзэх засаглалын философи гэж болно.

Энэхүү философийн мөн чанар болон түүнийг дагасан дижитал прагматизм манай бүс нутагт ямар нөлөө үзүүлэх талаар задлан бичихийг оролдов.

Эх сурвалж: http://english.scio.gov.cn/, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж буй БРИКС-ийн 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдрийн хуралдаанд оролцохдоо үг хэлж буй нь. 2026 оны 9 дүгээр сарын 13. (Шиньхуа/Янь Янь)

Технологийн хараат байдлаас гарах нь

Өмнө нь бид дэлхийн улс орнуудын технологийн хөгжлийн ялгааг "хэн нь интернэттэй, хэн нь интернэтгүй байна вэ" гэдгээр хэмждэг байв. Харин өнөөдөр энэ хэмжүүр өөрчлөгдөж, хэн нь хиймэл оюун ухааныг ажиллуулах аварга том супер компьютерын хүчин чадалтай (compute power), хэнд илүү сайн программ сургах бааз байна вэ гэдгээр хэмжигддэг болжээ. Харамсалтай нь дэлхийн нийт өндөр хүчин чадалтай тооцоолох байгууламжуудын 80 орчим хувь нь зөвхөн Хойд Америк, Зүүн Азид төвлөрч, харин Африк, Латин Америк нийлээд ердөө 5 хүрэхгүй хувийг эзэлж байна [1

Дэлхийн технологийн өнөөгийн дүр зургийг харвал хиймэл оюун ухааны гол хөгжүүлэлтүүд цөөхөн хэдэн том компани болон хүчирхэг улсуудын гарт л төвлөрөөд байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг өөрчлөхийн тулд БНХАУ-аас дэвшүүлсэн "Хиймэл оюун ухааны нээлттэй эх, хүртээмжтэй байдлын санаачилга"-ыг хөгжиж буй орнуудад санал болгож буй шинэ гарц, боломж гэж судлаачийн хувьд харж байна. Өөрөөр хэлбэл энэ нь цөөн хэдэн улсын технологиос хэт хамааралтай байдлыг багасгаж, бусад улс орнууд өөрсдийнхөө онцлогт тохирсон цахим эдийн засгийг бие даан бүтээх суурийг тавьж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Үүний бодит жишээ нь Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн БРИКС-ийн "Хиймэл оюун ухааны нээлттэй бүс" байгуулах санаачилга байна. Энгийнээр ойлговол хөгжиж буй орнууд өндөр үнэтэй программыг барууны цөөн хэдэн компаниас байнга худалдаж авч, технологийн хувьд тэднээс хараат байхын оронд дундаа нэг үнэгүй, нээлттэй сан (open-source) үүсгэнэ гэсэн үг юм. Ийм дундын сантай болсноор улс орон бүр өөрсдийн хэл, соёл, үндэсний онцлогт тохирсон ухаалаг системийг бие даан хөгжүүлэх боломж бүрдэнэ [2] гэж тооцоолжээ.

AI-ийг бодит хөрсөнд буулгах нь: Эрчим хүч, Аж үйлдвэрийн гинжин хэлхээ

Хиймэл оюун ухаан гэхээр хүмүүс ихэвчлэн компьютерын доторх код, программ төдийгөөр төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр энэ нь асар их цахилгаан эрчим хүч хэрэглэдэг, аварга том дата төвүүд шаарддаг нүсэр дэд бүтэц юм байна. Тийм ч учраас "AI соёл иргэншил" хэмээх философи нь зөвхөн цаасан дээрх хоосон лоозон байх боломжгүй,  түүнийг бодит хөрсөнд буулгахын тулд Хятад улсын зүгээс дараагийн 4 санаачилгыг дэвшүүлэв. Үүнд: Дижитал салбарын хамтын ажиллагааны санаачилга (数字产业合作倡议), Ухаалаг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны санаачилга (智能制造合作倡议), Худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбаршуулах санаачилга (贸易投资便利化倡议), Шинжлэх ухаан, технологийн боловсон хүчин бэлтгэх санаачилга (科技育才倡议) багтаж байна.

Эдгээр санаачилгууд нийлээд Эрчим хүч – Аж үйлдвэр – Засаглал гэсэн гурван тулгуурт дижитал эдийн засгийн бодит архитектурыг бүрдүүлж байна.

БРИКС-ийн орнууд ийнхүү хамтран дижитал платформ, ухаалаг үйлдвэрлэлийн сүлжээ байгуулах нь дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээг зарим улсын хориг арга хэмжээ, технологиор боомилох бодлогоос ангид байлгах стратегийн ач холбогдолтой.

Энэ нь хөгжиж буй орнуудыг зөвхөн бэлэн технологи худалдан авагч, хэрэглэгч байхаас илүүтэйгээр, өөрсдийн гэсэн найдвартай дижитал экосистемийг бүтээх боломжийг олгож байна [3].

Дүгнэлт

Өнөөдөр олон улсын тавцанд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаарх хоёр тэс өөр хандлага явж байна. Нэг талд АНУ зэрэг орнууд саяхан "Цахим оюуны хүчин" (AI Force) хэмээх бүтэц байгуулж, салбарыг удирдах эрх мэдэлтэн томилох зэргээр технологийн дэвшлийг цэвэр геополитики, зэвсэглэлийн мөргөлдөөн мэтээр харж байна. Харин нөгөө талд БРИКС-ийн орнууд хиймэл оюун ухааныг "зэвсэг" бус "иргэншил", "хүн төрөлхтний нийтийн бүтээгдэхүүн" байх ёстой хэмээн тодорхойлж байна.

Далайд гарцгүй, хөгжиж буй Монгол Улсын хувьд технологийн энэхүү хуваагдлыг зөвхөн хөндлөнгөөс ажиглаад суух боломжгүй юм. Бидэнд технологийн салбарыг татах маш том давуу тал бий. Энэ нь хиймэл оюун ухааны дата төвүүдийг байгалийн аргаар хөргөх сэрүүн цаг уур болон 3300 ГВт хүртэлх нар, салхины сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц юм.

Тиймээс бид барууны орнуудын технологийн инновацийн хурдыг хүлээн зөвшөөрч судлахын зэрэгцээ БРИКС болон БНХАУ-аас санал болгож буй "Дэлхийн Өмнөдийн дижитал хамтын ажиллагаа"-тай өөрсдийн ногоон эрчим хүчний нөөцөө ухаалгаар уялдуулах хэрэгтэй. Бүс нутгийн эдийн засаг, дижитал нийлүүлэлтийн сүлжээнд идэвхтэй оролцогч байж интеграцичлагдах нь Монгол Улсын ирээдүйн өрсөлдөх чадвар, эдийн засгийн аюулгүй байдлын хамгийн найдвартай баталгаа болох учиртай.

Ашигласан эх сурвалж:

1. Global South Expo. (2026). BRICS Digital Economy 2026: An AI Era Growth Frontier. https://globalsouthexpo.com/briefs/brics-digital-economy-2026-an-ai-era-growth-frontier

2. 新华网 (Xinhua Net). (2026). 《金砖国家人工智能赋能新型工业化倡议》. http://www.news.cn/

3. 18th BRICS summit. https://en.wikipedia.org/wiki/18th_BRICS_summit