БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вашингтон хотын орон нутгийн цагаар 9 дүгээрсарын 24-ний өдрийн өглөөний 10:15 цагт АНУ-ын Цагаан ордонд хүрэлцэн ирснээрэнэхүү дээд хэмжээний айлчлал албан ёсоор эхэлсэн билээ. Энэ удаагийн уулзалтнь гэнэтийн үйл явдал биш бөгөөд өнгөрөгч 5 дугаар сарын 13-ны өдөр АНУ-ынЕрөнхийлөгч Доналд Трампын БНХАУ-д хийсэн айлчлалын хариу буюу хоёр гүрнийөндөр түвшний дипломат яриа хэлэлцээний шууд үргэлжлэл байв.
Тавдугаар сарын уулзалтаар талууд хоёр эдийн засгийн хурцадмал байдлыг намжаах суурийг тавьсан бол энэ удаагийн Цагаан ордны айлчлалаар илүү бодит, ажил хэрэгч алхам руу шилжлээ. Энэхүү Цагаан ордны угтан авах албан ёсны ёслолын үеэр хоёр гүрний удирдагчдын хэлсэн үг, өгүүлбэр бүр санамсаргүй байсангүй, тэд дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ хаашаа чиглэхийг илтгэсэн маш нарийн тооцоолсон стратегийн мессежүүдийг өглөө гэж харж байна.
Эдийн засаг, худалдааны тухайд Хятад улсын дарга Ши Жиньпин: “Хятад улсын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Америкийн компаниудыг ирж хөрөнгө оруулахыг урьж байна. Мөн АНУ-ын тал Хятадын компаниудад шударга хандана гэж найдаж байна" гэж хэлэв. Хамгийн анхаарал татсан нэг зүйл бол "Хамтын ажиллагааны жагсаалтыг уртасгаж, асуудлын жагсаалтыг богиносгоё" гэх уриалга тавьсан явдал болов. Энэ нь маргаантай асуудал бүрээ нэг дор шийдэх боломжгүйг бодитоор хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Зөрчлөө хурцатгахын оронд шат дараатайгаар шийдэж, ашигтай хувилбараар хамтрах уян хатан хандлагыг сонгож байгаагаа Бээжин үүгээр илэрхийлэв. Худалдааны дайн дахин дэгдэх вий гэж болгоомжилж байсан дэлхийн зах зээлд энэ нь нэг талын тайвшрал, эерэг хүлээлт болж байна.

Пүрэв гарагт Ерөнхийлөгч Трамп АНУ-д төрийн айлчлал хийж буй Хятад улсын дарга Ши Шиньпин-д зориулан Цагаан ордонд угтан авах ёслол хийлээ. Зургийг: Синьхуа. Эх сурвалж: https://english.www.gov.cn/news
Орчин үеийн технологийн өрсөлдөөний гол талбар болох хиймэл оюун ухааны асуудал энэ үеэр мөн л олны анхаарлын төвд байлаа. "Хятад, АНУ хоёулаа хиймэл оюун ухааны том гүрэн. Бид үүнийг зөв хөгжүүлж, сайн удирдах үүрэгтэй. Хиймэл оюун ухаан үргэлж хүний хяналтад байж, ард түмэнд тустай байх ёстой" гэж Ши Жиньпин онцолсон. Энэ үгээрээ Хятад улс дэлхийн технологийн хөгжилд зүгээр нэг дагагч биш, харин дүрэм зохиолцож, эн тэнцүү алхах түнш гэдгээ сануулсан хэрэг. "Сайн хөгжүүлж, сайн удирдах" гэдэг нь аюулгүй байдал нэрийн дор технологийн хөгжлийг боомилохгүй гэсэн санааг илэрхийлж байгаа болов уу. Харин хагас дамжуулагч, чипийн хориг зэрэг хамгийн эмзэг сэдвүүдийг удирдагчид хэлсэн үгэндээ зориуд дурдсангүй. Ийм ээдрээтэй асуудлуудыг индэр дээрээс ярихын оронд, мэргэжилтнүүдийн ширээнд үлдээх нь хоёр талд илүү ашигтай гэж тэд үзсэн бололтой.
Их гүрнүүдийн харилцааг зөвхөн худалдаа, технологиор хэмжиж болохгүй. Үл ойлголцлын ханыг нурааж, итгэлцлийн гүүр барьдаг гол хүч нь соёлын харилцаа байдаг. Тиймдээ ч Ши Жиньпин илтгэлийнхээ төгсгөлд "Ирэх 5 жилд Америкийн 100 мянган залууг Хятадад урьж суралцуулна", мөн "Пинпин, Фушуан нэртэй хулсны баавгайнууд удахгүй Атлантагийн амьтны хүрээлэнд очно" гэсэн мэдээг дуулгасан юм. Улс төрийн сонгууль, цаг үеийн шуурганаас үл хамааран улс орнуудын харилцааг урт хугацаанд хэвийн хадгалах хамгийн сайн арга нь залуу үеэ танилцуулах, нөхөрлүүлэх явдал. Харин "Хулсны баавгайн дипломат ажиллагаа" бол Америкийн ард түмний сэтгэлд нийцсэн, аливаа хурцадмал байдлыг намжаах уламжлалт, шалгарсан зөөлөн хүчний бодлого юм.

АНУ-ын Атланта хотын амьтны хүрээлэнд очихоор болсон Чөндугийн баазад төрсөн "Пинпин" болон "Фушуан" нэртэй хулсны баавгайнууд. Эх сурвалж: https://x.com/PingShuangSol
Хятадын дарга Ши-гийн хэлсэн үг их гүрнүүдийн хооронд өрсөлдөөн байх нь тодорхой, гэхдээ тэр нь эрүүл, хил хязгаартай, хамгийн гол нь хяналттай байх ёстой гэсэн дохиог өгөв. Энэхүү прагматик хандлага нь Монгол зэрэг хөгжиж буй орнууд, тэр дундаа "Бүс ба Зам" санаачилгын дагуу эдийн засгийн коридороор холбогдож буй улсуудын хувьд туйлын чухал мэдээ юм. АНУ, БНХАУ хоёр шууд нислэгээ нэмж, эдийн засгийн асуудлаа хэлэлцээрийн ширээний ард тайван замаар шийдэхээр зорьж байгаа нь дэлхийн худалдаа тогтвортой байж, манай бүс нутгийн эдийн засаг ч элдэв савалгаагүй, хэвийн үргэлжлэх баталгаа болно.





.jpg)

.jpg)








