Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүрэн ил болох, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх эрх зүйн боломж Улс төрийн намын тухай хуулиар баталгаажив. 2023 оны долоодугаар сард Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж баталснаар намуудын байр байшин, бараа материал, эргэлтийн хөрөнгө, тээврийн хэрэгсэл, компьютер техник төхөөрөмж, биет болон биет бус хөрөнгө, өр, авлага бүгд шилэн болж эхэлж байна. Ийн хуулийн эхний хэрэгжилтээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37-н намаас 28 нь  2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа юм. Үүний хамгийн том хөшүүрэг бол татвар төлөгчдийн мөнгөөр улс төрийн намуудын зардлыг хуваалцах зохицуулалт юм. 2024 оны сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүрдэхтэй зэрэгцээд улс төрийн намууд ч хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж төлөвших шатандаа орж байна.

Улс төрийн намын санхүүгийн тайланд тусгасан хөрөнгийг нь харвал эрх баригч буюу МАН 32 тэрбумын хөрөнгөтэй. Харин сөрөг хүчин болох АН нэг тэрбум гаруй, ХҮН 113,7 сая, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, ШИНЭ нам 23.8 сая, ИХ нам 20 сая, ИЗНН 16.9 сая, Монголын ногоон нам 15.9 сая, Монголын Либериал Ардчилсан нам 14.8 сая зэргээр хөвөрнө. Өөрөөр хэлбэл, МАН-ын хөрөнгө АН-ынхаас 32 дахин их. Хөрөнгийнхөө хэмжээгээр эхний тавд Л.Оюун-Эрдэнэ даргатай МАН, Л.Гантөмөр даргатай АН, Т.Доржханд даргатай ХҮН, Б.Жагар даргатай Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам 41.2 сая, Ц.Гантулга даргатай ШИНЭ нам 23.8 сая, Ө.Баяраа даргатай ИХ нам 20 сая төгрөгийн хөрөнгөөр жагсаж байна.

Гэвч уншигч та доорх дүрслэлийг харвал улс төрийн 27 намын хөрөнгө нийлээд 1 тэрбум 344 сая буюу МАН-ын 32 тэрбумын хөрөнгөний дөрвөн хувьтай л тэнцэж байгаа юм.

Намуудын хөрөнгө орлого энэ мэтээр хэтэрхий хол зөрүүтэй байгаа нь гарааны тэгш бус байдлыг нэмэгдүүлж ирснийг улс төр судлаачид болон олон нийт шүүмжилдэг. Улс төрийн намын тухай хуулиар намууд хэрхэн өөрчлөгдөх талаар МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Өмнө нь улс төрийн намууд дотоод ардчилалтай байна гэж заасан боловч яаж, хянаж хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байгаагүй.

Улс төрийн намуудыг Улсын Дээд шүүх дээр бүртгээд орхичихдог, хэнд ч тайлангаа өгдөггүй. Санхүүгийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил болгоно гэсэн атлаа хэн ч хянаж, хариуцлага тооцдоггүй байлаа. Харин одоо улс төрийн намын үйл ажиллагааг санхүүгээр нь дамжуулж хянах, төрөөс хэсэгчилсэн дэмжлэг олгох, зогсоох гэх мэтчилэн бүх харилцааг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн.

Нам тухайн оны долоодугаар сард хагас жилийн үйл ажиллагааны санхүүгээ, дараа оны хоёрдугаар сард багтааж жилийн эцсийнхээ санхүүгээ тайлагнах үүрэг хүлээж байгаа. Хувийн болон төрийн санхүүжилтийн хамаарал болоод, гишүүдийн татвар, хандив үйл ажиллагаатай хэрхэн нийцэж буйг аудит хянана. Тайланг нам болон Сонгуулийн ерөнхий хороо нийтэд ил тод болгоно. Ийм механизмыг бий болгож өгснөөрөө нам нийтийн, төрийн бас бусад намуудынхаа хяналтад орж ирэх цоо шинэ соёл бий болно. Улс төрийн намуудын санхүүгийн үйл ажиллагаа алдаа дутагдалтай байх юм бол түүнийг нь хэн илрүүлэх, хэрхэн хариуцлага тооцохыг бүхэлд нь зохицуулсан. Хуулийг амжилттай хэрэгжүүлж чадах юм бол энэ бүх харилцаа бүрэн нээлттэй болох учиртай.

Монголд өнгөрсөн 30 жилд санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод бус байсан цорын ганц институц нь улс төрийн нам. Төрийн бус байгууллагуудаас эхлээд бусад бүх хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа ил тод, нягтлан бодох бүртгэлийн стандартыг хангаж ирсэн.Тиймээс улс төрийн намуудын толгойг илж болохгүй. Намууд хүсвэл гэдэг өнцгөөр хандахгүй. Нэгэнт үүрэг хүлээж байгаа учраас өөрчлөгдөх ёстой. Хүндрэл үүснэ. Гэхдээ улс төрийн намууд олон нийтийн байгууллага гэдгээ ухамсарлаж бэлэн байх, хуулийг хэрэгжүүлэх цаг нь ирсэн. Ингэж байж улс төрийн нам гэдэг байгууллага амьд байж чадна.

Өнгөрсөн 30 жилийнх шиг зөвхөн сонгуулийн үед амилаад бусад үед чимээгүй болдог байж болохгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд олон нийт рүү ажилладаг, бодлого боловсруулдаг, иргэдийн улс төрийн боловсролыг дэмждэг, гишүүдээ идэвхжүүлэх ажлуудыг тогтмол хийж байх ёстой. Ингэж чадвал намд итгэх итгэл нэмэгдэнэ, сонгуулиар дэмжлэг авна, улмаар төрөөс дэмжлэг олгоно” гэлээ.